Сэлэнгэчүүд элсэн чихэр үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Сэлэнгэчүүд элсэн чихэр үйлдвэрлэнэ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд элсэн чихрийн үйлдвэр ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж дуусчээ. Элсэн чихрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, байрны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд одоо түүхий эд бэлтгэх ажил үлдсэн байна. Өнгөрсөн онд туршилт болгож, элсэн чихрийн гол түүхий эд болох чихрийн манжинг бага хэмжээгээр тарьсан байна. Харин энэ хавраас үйлдвэрлэл явуулах хэмжээний ахиухан чихрийн манжин тарих аж. Сумын Засаг дарга Б.Энхбатын ярьснаар 90 га газарт чихрийн манжингийн үр суулгаж, тариалахаар төлөвлөөд байгаа юм байна. Төлөвлөгөө ёсоор өнгөрсөн долоо хоногт тариалалт эхлэх байсан ч цаг агаарын байдлаас улбаалж хойшилжээ. Энэ долоо хоногт ч мөн цаг агаарын байдал сайнгүй тул ирэх долоо хоногооос тариалалтыг эхлүүлэх бололтой.

Элсэн чихрийн үйлдвэрийг барих санхүүжилтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас санхүүжүүлжээ. Харин хүнсний ногоо тарьдаг нутгийн зарим иргэд болон үйлдвэрийн ажилтнууд манжин тарих юм байна. Чихрийн манжинг сайн ургуулахын тулд сайн арчилгаа, усалгаа шаардлагатай гэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломж бүрдэх юм.

Монгол Улсын элсэн чихрийн түүхий эд болох чихрийн манжинг тарих таатай нөхцөлийг тогтоон 1992-1996 онд элсэн чихрийн үйлдвэр байгуулах гэж гадны орнуудаас чихрийн манжин боловсруулах техник, тоног төхөөрөмжийг авч байсан боловч ашиглалгүй байсаар өдий хүрсэн байна.

Б.БЯМБАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж