О.Гүндэгмаа өнөөдөр 25 метрт онч мэргэнээ сорино

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа өнөөдөр 25 метрт онч мэргэнээ сорино

АНУ-ын Форт Беннинг хотноо болж буй буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын мэргэн буучид эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу болон эмэгтэйчүүдийн 50 метрийн урт буу /гурван байрлалаас/-ны дасгалд онч мэргэнээ сорилоо. Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдсөн ОУХМ Э.Даваахүү 579 оноогоор 21 дүгээр байрт, В.Ганцоож 578 оноогоор 31 дүгээр байрт тус тус бичигдсэн бол Ч.Нарантуяа эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны дасгалд нийт 579 оноогоор 24 дүгээр байрт жагссан байна.

Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар буу болон эрэгтэйчүүдийн 50 метрийн урт буу /гурван байрлалаас/-ны төрөлд медалийн эзэд тодорно. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, Т.Баярмаа нар 25 метрийн спорт гар бууны дасгалд, харин эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны төрөлд Б.Бишрэл, Н.Баяраа, Х.Бямбабаатар нар өрсөлдөх юм.

Урьдчилсан шатны буудлага Монголын цагаар 20.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж