В.Путины айлчлалаар юу шийдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

В.Путины айлчлалаар юу шийдэх вэ?

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирэх есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Тэрээр гурав дахь удаагаа Монгол айлчлах гэж байгаа талаар гадаад, дотоодын хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, 2000 оны арваннэгдүгээр сард В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан бол 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийж байжээ. Энэ үеэр хоёр орны төрийн тэргүүн нар “Москвагийн тунхаглал”-д гарын үсэг зурж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн хэмээн зарлажээ. Ингэснээр Монгол Улс нь ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон анхны орон болж, 2011 онд БНХАУ-тай, 2013 онд Япон улстай стратегийн түншлэлийн харилцааг тус тус тогтоосон байна.

Тэгвэл удахгүй болох айлчлалаар хоёр орон харилцаагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж мэдэх ч одоогоор энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Гэхдээ айлчлалын дүнд хөршүүд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээрийг эхлүүлжээ.

Үүн дотор хоёр орны хувь нийлүүлсэн “Эрдэнэт”, “Монгол росцветмэт” үйлдвэрүүд, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн орчинг нь сайжруулах талаарх яриа хэлэлцээр багтаж байгаа аж.  Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр махны экспортыг нэмэгдүүлэх бололтой.

Хоёр орны худалдааны эргэлтийг авч үзвэл 2013 онд 1623.6 сая ам.долларт хүрчээ. Ингэхдээ Монголын импорт 1561.9 сая ам.доллар, экспорт 61.8 сая ам.доллар болсон нь манай талын худалдааны алдагдал 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхэд нөлөөлжээ. Худалдааны алдагдлын хэмжээ ийн өндөр гарч байгаа нь нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 шахам хувийг Оросоос импортолдогтой холбоотой төдийгүй экспортын бүтээгдэхүүнээ хойд хөршид гаргахад тээврийн зардал, гаалынх татвар өндөр, Монголын мах, махан бүтээгдэхүүнд Оросын талаас хорио цээр тавьдаг нь экспортыг нэмэгдүүлэхэд гол саад учруулж иржээ.

Мөн өнгөрсөн 24 жилийн хугацаанд ОХУ-аас Монголын талд 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь нийт гадаадын хөрөнгө оруулалтын 0.11 хувьтай тэнцэж байгаа юм.  Ингэхдээ дээрх хугацаанд ОХУ-ын 830 компани бүртгүүлсэн нь Монгол Улсад бүртгэгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниудтай харьцуулахад 6.6 хувьтай тэнцэх аж. Өөрөөр хэлбэл, дээрх статистик үзүүлэлт нь Монголын тал энэ удаагийн айлчлалаар ОХУ-руу экспортлох бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх, тус улсын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр гэрээ хэлэлцээрийг байгуулах нь ирээдүйд илүү ашиг тустай тусна гэсэн гаргалгааг эдийн засагчид хийгээд байна.

Гэхдээ Монголын тал дээрх асуудлыг 2010 онд тодорхой тавьж байжээ. Илүү тодруулбал, дээрх оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд С.Батболд хойд хөршид айлчлах үеэрээ Монгол, Оросын хоорондын худалдааг либеральчлах, худалдааны алдагдлыг багасгах, Монголын экспортыг нэмэгдүүлэх, үүн дотроо мах, махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон ч төдий л үр дүн гараагүй тул үүнийг одоогийн айлчлалаар эцэслэх нь Монголд экспортоо нэмэгдүүлэх өргөн боломж бий болох аж.

Харин үүний хариуд Оросын талаас Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах, уран олборлох асуудлыг тавьж мэдэх гэнэ. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Монголд айлчлах бүрийдээ эл асуудлуудыг тавьсаар ирсэн. Оросуудын Монгол дахь сонирхол ерөнхийдөө уран гэж хэлж болох юм.  

Хойд хөршийн тэргүүн Монгол айлчлахад ердөө зургаа хоног үлдлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж