Дэлхийн зах зээлээс хэд дахин хямдхан үнээр нүүрсээ экспортолж байгаа Монгол Улсад энэхүү эрдэс баялгийн худалдаанаас хүртэх орлого нь өдөр ирэх улам багассаар байна. Улс орны эдийн засагт үзүүлэх хамаарлыг нь тооцвол, төсвийн гуравны нэг, экспортын 40 хувийг дангаараа хангаж байсан нүүрсний салбарын уналт инфляцийн өсөлт, ханшийн савалгаанд хүртэл сөргөөр нөлөөлөх болсоор удаж байгаа билээ. Өнгөрсөн өвөл нүүрсний хувийн компаниуд экспортын тэг зогсолт хийхээс өөр аргагүй байдалд бол тун удалгүй “Эрдэнэс Тавантолгой” ч нүүрснийхээ худалдааг зогсоож магадгүй бэрхшээлтэй асуудал үүсээд байгаа аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь Чалкод хийсэн үндсэн гэрээний дагуу нүүрсээ нийлүүлэх боломжгүй байгаа талаар хэвлэлийнхэнд цухасхан дурдаж.
2012 оны сонгуулийг угтаж, 2011 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалаад Хятадын төрийн өмчит Чалко компаниас 350 сая доллар зээлээд идчихсэн билээ. Гурван жилийн турш үндсэн зээл болох 350 сая доллар, дээр нь зээлийн хүү болох 30 сая доллар, нийтдээ 380 сая долларыг төлөхийн тулд дэлхийд хамгийн чанартайд тооцогддог, Япон, Солонгосын сонирхлыг татсаар ирсэн Тавантолгойн коксжих нүүрсээ хамгийн хямдханаар Хятадуудад зарахаас өөр аргагүйд хүрсэн юм. Өөрөө тэглэхийн тулд өдөр шөнөгүй нүүрсээ үнэгүй зөөх, чухам энэ асуудал Монголын нүүрсний экспортын үнийг 120 доллараас 30 доллар болтлоо унагасан билээ. Үүнийгээ тал хувийг буюу 17 долларыг нь тээвэрлэлтийн зардалд зарцуулдаг аж. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” үндсэн гэрээний дагуу нүүрсээ нийлүүлэх боломжгүйд хүрвэл Монголын нүүрсний экспорт тэр чигтээ тэг зогсолт хийнэ гэсэн үг. Асар өндөр зардалтай тээвэрлэлтийн асуудлаас болоод Хятадын худалдан авагчид Монголын нүүрсний үнийг улам бүр унагасаар байгаа билээ. Хэрэв нүүрсний экспортоо идэвхжүүлье гэвэл Монгол Улс экспортын төмөр замынхаа асуудлыг яаравчлахаас өөр аргагүй. Ирэх намрын чуулганаар яригдах хамгийн төвөгтэй бөгөөд улс орны эдийн засаг, хөгжлийн хувьд нэн тэргүүнд хэлэлцэх экспортын төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр нүүрсний салбараас ихийг хүлээх нь бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэгтээ ялгаагүй болох биз.
Газрын хэвлий доороо 150 тэрбумын тонн нүүрсний нөөцтэй гэгддэг Монгол дэлхийд аравт ордог. Хоёр хөрш маань нүүрснийхээ нөөцөөр Монголын өмнө бичигддэг. Бас хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүдэд илэрхий идэвжүүлэх болсон.
Өнгөрсөн онд гэхэд дэлхийн эрчим хүчний хамгийн том зах зээл болох Хятадтай хаяа залгаа Монгол Улс ердөө 18 сая тонн нүүрс экспортолсон бол тус улсад экспортолсон нүүрснийхээ хэмжээгээр Орос манай улсын өмнө бичигдэж байгаа. Тус улсын нүүрсний экспортын хэмжээ Монголоос даруй арав дахин илүү. 2013 он гэхэд 110 гаруй сай тонн нүүрс экспортолсны ихэнхийг Япон, Хятад, Европ руу гаргасан байдаг. Гэтэл манай улс он гарсаар 12.6 сая тонн нүүрс олборложээ. Мэдээж, олборлосон нүүрсээ бүгдийг нь экспортод гаргаагүй нь лав. Он дуусахад дөрөвхөн сарын хугацаа үлдэж байгаа, экспортын хэмжээ хамгийн өндөр гарах улиралдаа нүүрсний үнээс болоод “Эрдэнэс Тавантолгой” хүртэл өрөндөө өгдөг нүүрсээ нийлүүлэх боломжгүйд хүрсэн нь Монгол Улс зах зээлд хүргэх замаа яаравчлахыг сануулсан хэрэг бус уу. Нүүрс бол алт, зэсээс ялгаатай нь овор ихтэй бүтээгдэхүүн. Эргэлийн цикл нь хурдан, зардал хямдтай тээвэрлэлтийг ашиглахгүйгээр үнэд хүрэх боломжгүй. Тэгээд ч далайд гарцгүй Монгол Улсын хувьд нүүрсний ганц худалдан авагч Хятад. Харин Хятадад нүүрсээ нийлүүлэх гэсэн том амбицтай өрсөлдөгчид Монголд олон. Уг нь газар зүйн даваа байдлаа ашиглан нүүрсээ өндөр үнээр зарах боломж Монголд бий. Даанч бидэнд тээвэрлэх унаа алга. Нэмэр дээр нэрмээс гэгчээр Чалкогийн өрөөс салаагүй цагт Монголын нүүрс үнэд орохгүй. Үнэд орохгүй нүүрс үнс болохоос яах вэ. Гучхан доллараар нүүрсээ үнэлж, үүний 17 долларыг нь тээвэрлэлтийн зардал зарцуулсан дорвол нүүрсээ зарахгүй байсан нь муугийн муу сонголтуудаас арай дээр.
Хятад ч, Орос нүүрсний нөөцөөрөө манайхаас хэд дахин илүү. Өрнийн нүүрсний урсгал Дорныг чиглэж, зүүн Азийн зах зээлийг булааж авахаар Орос төмөр замынхаа сүлжээг томруулж, дорныг чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа нөхцөлд Монголын нүүрсийг худалдан аван сонирхол байгаа дээр 150 тэрбум тоннынхоо талыг нь ч болтугай эдийн засгийн эргэлтэд оруулбал уг нь улс орны хөгжил болоод бидний амьдрал хэрэгтэй юм даа. Ирээдүйд энэ эрдэс баялагийг эрчим хүчний салбарт ашиглахгүйд хүрэх магадлал улам л өндөрсөөд байхад нүүрсээ зарах экспортын төмөр замгүй сууж байгаа монголчуудыг хохь нь гэж тавлах ч бас хаашаа хэрэг билээ.
Ж.НЯМСҮРЭН