Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг жингийн аваргууд тодроод байна.
Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдана.
Хэсгийн барилдаан энэ цагт эхлээд байна. 73 кг-ын жинд С.Ням-Очир эхний тойрогт хийлж, удаах тойрогт Канадын Бриандыг юко үнэлгээр ялж, шөвгийн 32-т шалгараад байна. Тэрээр дараагийн тойрогт Японы Шохэй Онотой оноолт таарлаа. Энэ жил 22 настай Шохэй Оно өнгөрсөн жилийн дэлхийн аваргад энэ жиндээ түрүүлж байжээ. Тэрээр 2014 оны бүх Японы аварга цолыг хүртээд байна.
2013 оны дэлхийн аварга, 2014 оны бүх Японы аварга Шохэй Оно.