Япон дургүйцлээ илэрхийлсээр

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Япон дургүйцлээ илэрхийлсээр

Харин Курилийн арлуудыг “өөрс­дийн уугуул нутаг” гэж үздэг Япон улс үүнд дургүйцлээ илэрхийлсэн байна. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Сергей Иванов энэхүү томи­лолтоор “хэн нэгний уурыг хүргэх гээгүй” гэжээ.  “Өмнө нь намайг тэнд очиход хэн ч дургүйцэж байгаагүй” гэж Иванов хэлсэн байв. Даваа гаригт Японд суугаа ОХУ-ыын Элчин сайд Михаил Белыйг Японы  Гадаад хэргийн яам дуудан дургүйцлээ илэрхийлсэн юм.

“Бид Оросын хандлагыг тайлбарлаад эдгээр арлуудад очих нь манай эрхэд эргэлзэж буйд нь харамсал илэрхийллээ. Ерөнхий сайдын орлогчийн энэ томилгоо нь бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой байсан” гэсэн тайлбарыг Японд өгсөн тухай дипломатын хэлснийг ИТАР-ТАСС дамжуулжээ.

Сергей Иванов ням гаригт Итуруп, Кунашир арлуудад очсон. Түүнийг Тээврийн сайд Игорь Левитин, Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина, Эрдэс баялгийн сайд Юрий Трутнев, Бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Ба­сар­гин ба Сахалин мужийн захирагч  Александр Хорошавин нар дагалдан явжээ. “Миний  мэргэжил нэгтнүүд болон сайд нарын айлчлал “хэн нэгнийг уурлуулах“ зорилго агуулаагүй, хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг үзүүлж батлах гээгүй. Өмнөд Курилийн арлуудад би гурав, дөрөв дэх удаагаа очиж байна гэдгээс эхлнэ. Намайг өмнө нь тийшээ очиход эсэргүүцэл гардаггүй л байлаа” гэж  тэрээр хэлсэн байна.

Ерөнхий сайдын орлогчийн яриагаар энэ удаагийн айлчлал нь 2007 онд баталсан арлуудыг хөгжүүлэх холбооны зорилтод хөтөлбөрийн биелэлтийг шалгах зорилготой байсан гэнэ. “Санхүүгийн хэмжээгээр тийм том биш ч гэсэн өмнөд Курилийн дөрвөн аралд амьдарч байгаа манай орос хүмүүст  Оросоосоо тасарсан гэх сэтгэгдэгдэл төрүүлэхгүй байх чухал хөтөлбөр  юм” гэж тэр хэлжээ. Тухайлбал арлын тээврийн асуудалд онцгой анхаарч байгаа бөгөөд тэнд шинэ нисэх буудлыг, мөн анх удаагаа 60 жилийн дотор асфальтан зам тавих юм. Бид эдгээр асуудлыг шийдсэний дараа арлууд огт өөр амьдралтай болно гэж Иванов мэдэгдлээ.

Оросын засаглалын төлөөлөгчид Курилийн арлуудад очиход нь япончууд дургүйцдэг. Эдгээр арлуудыг тэд өөрсдийн уугуул хойд нутаг гэж үздэг. Өнгөрсөн жилийн арваннэг­дүгээр сард ерөнхийлөгч Дмитрий Медведев арлуудаа эргэсэн нь То­кио­гийн дургүйцлийг онцгой хүргэ­сэн юм. Тэр үед ерөнхий сайд Наото Кан түүний айлчлалыг “байж боломгүй бүдүүлэг зан” гэж нэрлэн хэд хоног Москвагаас Элчин сайдаа татаж байсан юм.

Москва тэдний хариуд нь То­киогийн зан авираас үл шалтгаалан Оросын ерөнхийлөгч ажлын айлч­лалаа арлуудад хийх болно хэмээн мэдэгдэж байлаа.
Хожим Япон Оросын лидер Курилийн арлуудад очих гэж байгааг цаг алдалгүй мэдээлж чадаагүй гэсэн дипломат дуулиан дэгдэж, Орост суугаа төлөөлөгчдөө хариуцлага тооцож байсан. Элчин сайдыг ажлаас нь халж түүний оронд Орос судлаач, Гадаад хэргийн яаманд Оросын чиглэлээр ажиллаж байсан Тикахито Харадаг гуравдугаар сард томилсон юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж