Фэнг Шү хэмээх шинэ содон зүйл Монголд, ялангуяа эхнэр, хүүхнүүдийн дунд моод болон ирж ирсэн үе арав хүрэхгүй жилийн өмнө. Гэрлэлт нь амжилттай болсон хүүхнүүд үүнийгээ фэнг шүгийн гайхамшигтай холбодог бол амжилтгүй яваа нь фэнг шүг мэдэхгүйгээсээ боллоо гэж халаглатал. Солонгосын сериал кинонууд шиг эхнэр, хүүхнүүдийн сэтгэл, зүрхийг соронздон татах увидастай фэнг шү хэмээх зүйлийг Монголд импортолсон хүн бол миний, чиний мэддэг өнөөх С.Ганбаатар. Фэнг шү шашин, шүтлэг, ёс заншил, шинжлэх ухааны чухам алинд нь хамаарах юу болохыг одоо болтол ойлгоогүй хүмүүс энэ сонин зүйлийг “Ганбаатарын бизнес” л гэж хэлдэг. Харин удалгүй Фэнг шүгийн араас С.Ганбаатар өөрөө “моод” боллоо.
Энэ бол 2004-2005 оны үе. Ид насны эр энд тэнд үзэгдэж, иргэний хөдөлгөөн энэ тэр гэж ярих болов. Иргэний хөдөлгөөнийг бас л Монголд “моод“ болгосон анхдагчдын нэг нь тэр. С.Ганбаатар, Ж.Батзандан, О.Магнай нар нэгэн зэрэг гарч ирсэн хөдөлгөөнчид боловч тэр нөгөөдүүлээсээ илүү өндөрлөгт хүрч амжсан юм. Насаар тэднээсээ ахимаг. Нас дагасан амьдралын туршлага, зангараг гэж бий. Үүнийгээ ч давуу тал болгож, аль хэдийнэ учраа олжээ. Эрх баригчид, улс төрийнхнийг зад шүүмжилж, “одоо боллоо, босоцгооё” гэж уриалан дуудаж байсан энэ эр төд удалгүй “урхинд” орж билээ. Н.Энхбаярын туслах ч биш, бүүр зөвлөх нь болон суга дэвшиж, Сүхбаатарын талбайгаас шууд саарал ордонд виз авав.
2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч боллоо. Ажилтнуудын цалин хөлсний нэмэгдэл, нийгмийн хангамж, инфляци энэ тэрд санаа тавьж эхлэв. Бараг дөрвөн жил “үйлдвэрчин ангийн” төлөө яваа тэр энэ хугацаанд сонин хэвлэлийн нүүр, цэнхэр дэлгэцээс салсангүй. Энд тэндхийн хуралд очиж, “ухаантай” юмаа ярина. Англид аягүй том сургуульд эдийн засгийн мастер хийсэн гэх хэрнээ эдийн засгийн энгийн ойлголтгүйгээ харуулж, элэг доог болсон онигоо ч яригддаг.
Зарим нь яршигламаар янхийсэн дуутай, уран цэцэн, хэлэмгий доломгой энэ эр нэгэнтээ хэвлэлд өгсөн ярицлагадаа аавыгаа дурссан байдаг. Хатуу баригдмал нийгмээ шүүмжилдэг, хэл амтай, ядарсан хохирсон нэгний өмнөөс зарга хийж өгдөг хавь ойрынхондоо нэр төртэй нэгэн байсан гэж аавынхаа тухай ярьдаг. С.Ганбаатар иргэний дуу хоолой болон гарч ирж, нийгэмд танигдсанаас хойш нэг их хугацаа өнгөрөөгүй ч тэрбээр багагүй өөрчлөгдсөн. Энэ хугацаанд хувийн амьдралдаа ч өөрчлөлт хийжээ. Тавь эргэм насны эр дахин гэрлэв. Нийгэмд хувьсал, өөрчлөлтийг уриалж байсан тэмцэгч хувийн амьдрал, карьертаа харин ч “хувьсгал” хийсэн хэрэг. Тэрээр хорь гаруйхан настай телевизийн сэтгүүлч бүсгүйтэй гэрлэж, цайгаа чануулсан. Харин одоо улс орны хэмжээний “топ” улстөрчдийн жагсаалтад дээгүүр давхиад эхэлсэн түүний карьерт дахиад ч ирээдүй харагдаж байгаа юм биш үү?!