Орон нутгийн оюутнуудад тулгардаг нэг хүндрэлтэй асуудал нь дотуур байрны асуудал. Тэгвэл энэ жилийн хувьд 16 мянган оюутан дотуур байрнд амьдрах боломжтой болж байгаа аж. Сургуулиудын дотуур байрны засвар дуусаагүй байгаа ч, өнөөдрөөс зарим сургуулийн дотуур байр оюутнуудаа бүртгэж эхлэх гэнэ. Энэ жилийн хувьд дотуур байрны төлбөр 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, ШУТИС-ийн төлбөр өнгөрсөн жил 180-210 мянгын хооронд байсан бол энэ жил ойролцоогоор 280-310 мянгад хүрчээ. МУБИС-ийн дотуур байрны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэр сургуулийн ТУЗ-өөс гарсан ч эцсийн байдлаар үнийг тогтоогоогүй байна. Харин МУИС-ийн дотуур байрны төлбөр нэмэгдээгүй, 250 мянга хэвээрээ байгаа гэнэ. Мянган оюутны байр өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 500 мянга болж нэмэгджээ. Энэ талаар МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуунаас тодруулахад “Монголын оюутны холбооноос ирэх аравдугаар сард их, дээд сургуулийн дотуур байранд үзлэг шалгалт хийнэ. Нийслэлийн хэмжээнд нийт 46 оюутны байр байдаг бөгөөд ихэнх нь 1956-1987 онд барьсан барилгууд байдаг. Тиймээс тохижилт болон дотоод орчин, насжилт, засвар үйлчилгээнээс хамаарч төлбөрийн хэмжээг 320-900 мянган төгрөгийн хооронд тогтоох ёстой. Зарим сургуулийн дотуур байрны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан БШУЯ, ОБЕГ, НЦГ-тай хамтран шалгалт хийх юм. Одоогоор улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд 83000 оюутан суралцдагаас 16000 оюутныг дотуур байраар хангаж байгаа. Энэ жилийн хувьд дотуур байрны нэг сарын төлбөр 10 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа” гэв.
Б.ТУУЛ
Эх сурвалж: www.polit.mn