Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн түүх болон үлдлээ. “Бразил-2014”–ийг тодотгох, хойшид хамгийн түрүүнд сэтгэлд буух олон үйл явдал энд болсон. Өмнөх дэлхийн аварга “Ялагдашгүй Армада” Испани, хөлбөмбөгийн “өлгий нутаг”, дэлхийн аварга Англи, дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн багуудын хэсгээсээ ч шалгараагүй бүтэлгүйтэл, бяцхан Коста Рикагийн том амжилт, Ван Персигийн Испанийн хаалганд оруулсан гайхамшигт гоол, Уругвайн Суарезийн “зуулт”, Мирослав Клозегийн түүхэн рекорд, Америкт тивд анх удаа Европын баг түрүүлсэн гээд л. Гэхдээ л “Бразил-2014”-ийн тухай бодоход юун түрүүн л Бразил-Германы тоглолт гарцаагүй буух юм. Тэгэхээр энэ тухай өгүүлээд дараа нь “цаашаа” явахгүй бол нэг л бөөн юм “цээжинд түгжрээд” байх ажээ.
“Мараканасо”-аас “Минейрасо” хүртэл
Бүх цаг үеийн хамгийн шилдэг нь болсон тэмцээнийг хүн төрөлхтөнд бэлэглэж, хөлбөмбөгийн орон ямар байдгийг сая сая хүмүүст таниулсан Бразилчууд маань“өглөгч хүн өөртөө хоосон” гэдэг шиг хоцорлоо. Гэхдээ зүгээр ч нэг медальгүй хоцролгүй, хэдэн арван жил тодоор яригдах, хэзээ ч сэтгэлийн угаас гарахгүй “гүн шархтай” үлдлээ. Бүрэлдэхүүн нь хэдийгээр Бразилийн шигшээгийн түүхэн дэх хамгийн сулхан багт тооцогдохоор байсан ч нутагтаа болж буй болохоор 200 сая бразилчууд, хорвоогоор нэг тархсан хэдэн зуун ч сая юм бүү мэд фэнүүд нь итгэл хүлээлгэн, “Алтан цом” –ыг авахдаа л нэг авна хэмээн бодож, итгэж суусан нь өчигдөрхөн мэт. Тэмцээний нээлтийн тоглолтоос л Бразилийн багт “проблем” байгаа нь илт мэдэгдэж байлаа. Нутагтаа болж буй тэмцээнд, хамгийн эхний тоглолтод , хамгийн эхний гоолыг өөрийнхөө хаалганд “хийж” эхэлсэн нь одоо эргэн бодоход “бэлгэ дэмбэрэлгүй”, “хийморьгүй” , “мордохын хазгай” болохыг эрт “Хөлбөмбөгийн Бурхан тэнгэр” Бразилчуудад сануулж байсан мэт ээ. Хорваттай хийсэн тоглолтод Неймар л хөлбөмбөгийн “ид шидтэнүүдийг” аварсан бол, Мексикийн хаалганд гоол оруулж чадалгүй “хуурай” тэнцсэн нь бас л нэг том дохио байлаа. Камерунтай хийсэн тоглолт бол нэг их зүйл шийдэхгүй байсан бөгөөд дараа нь шөвгийн 16-д Чилийг бол ердөө “азаар “ хожсон гэвэл үнэнд ойрхон очино. За тэгээд Колумбтай хийсэн тоглолтод санаатай алдаа хийж, өрсөлдөгчийнхөө тоглолтыг зогсоох тактик баримталсан нь арга ядсан арга байсан юм.
Бөмбөгийг өрсөлдөгчөөсөө илүү эзэмшиж, өөрсдөө гоол оруулах боломжийг зай завсаргүй хайж, эхнээсээ дуусталаа идэвхтэй довтолж тоглодог Бразилийн уламжлалт уран гоё тоглолт – “жогу бонито” хаачсан бэ? Шилдэг тоглогчид, тэр дундаа довтлогчоороо үеийн үед алдартай Бразил оронд Фрэдээс илүү 9 номер буюу төвийн довтлогч олдохгүй байна гэж үү? Эсвэл Дидигээс эхлээд Зико, Рональдиньо, Какаг төрүүлсэн багт төгсгөлийн дамжуулалтдаа тун асуудалтай Оскараас илүү плэймэйкер алга уу?
Энэ бүх асуулт Бразилчуудын, фэнүүдийн, мэргэжилтнүүдийн “толгойг гашилгаж” байсан ч уул ус нь, ард түмэн нь түшсэн “Селесао” маань алхам алхмаар ялалт руу дөхсөөр хагас шигшээд орж ирсэнсэн. Харин энэ тоглолтын өмнө гол найдвар Неймар хүүгээ , гарцаагүй өмөг тулгуур багийн ахлагч Тиагу Сильва нараа гэмтэл болон шийтгэлийн улмаас “алдсан” нь ихээхэн хүнд цохилт болсон. Хэдийгээр гаднаа, нүүрэндээ “Неймарынхаа өмнөөс бүхнээ зориулна, Сильвагаа нөхөөд финалд үлдэнэ” гэж байсан ч дотроо бол хэдийнээ “шооконд” орчихсон, түүнийгээ л мэдэгдэхгүй хэмээж байсан нь Германтай хийсэн тоглолтоор нотлогдоно. Зургаахан минутын зайтай 4 гоол алдаж, нутагтаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө 1:7-оор хожигдсоныг өөр юугаар ч тайлбарлах боломжгүй. Дотроо “айдастай” байсан Бразилийн шигшээ тоглолтын эхэнд гоол алдаад цочирдсон, дараа нь тоо 0:2 болоход бүүр “шооконд” орж, тэрнээсээ гарч чадалгүй дэлхийн аваргыг дуусгасан гэж би боддог. Боксоор бол Мюллер Бразилийг “нокдаунд” оруулж, “тоолуулаад”, Клозегийн гоол “нокаут” болгосон. Дараа нь бол Германчууд “нокаут”-д орсон хүнийг л үргэлжлүүлээд “нүдээд” байсан гэмээр. Ийнхүү “Бразил мөрөөдөл” хийсэн одож, “Хөлбөмбөгийн Бурхан тэнгэр” биднээс “нүүрээ бууруулсан” тэрхүү 2014 оны долдугаар сарын 8-ны өдөр Белу Оризонте хотын “Минейро” цэнгэлдэхэд болсон тэр тоглолт Бразилийн хөлбөмбөгийн түүхэн дэх “хамгийн хар өдөр” гэгдэн 64 жилийн турш үе үеийн бразилчууд үр хүүхэд, ач гуч, хойч үеийнхэндээ ам дамжуулан ярьж ирсэн “Мараканасо”-оос ч илүү “харын хар өдөр”, бүүр бараг л бразил хүн болгонд, Бразилийг дэмждэг хүн болгонд “Ертөнцийн төгсгөл” ирж буй мэт болон үлдэж, “Минейрасо” хэмээн нэрлэгдсэн бөгөөд үүнээс хойш хичнээн жил “ам дамжин” яригдаж, Бразилийн ард түмний, Бразилийн хөлбөмбөгийн фэнүүдийн “зүрхийг шархлуулж”,сэтгэлийг нь “сэмлэхийг” хэн ч таашгүй ээ…
За тэгвэл одоогоос 64 жилийн өмнө, бүүр тодруулбал 1950 оны долдугаар сарын 16-ны тэр “хар өдөр” бас юу болсныг эргэн нэг өгүүлсү.
Хөлбөмбөгийг хэдийгээр “өлгийдөн” аваагүй ч “өөрийн” болгож чадсан Бразил олон арван мянган авьяаслаг хөлбөмбөгчидтэй, олон зуун ододтой байсан ч хөлбөмбөгөөр дэлхийн аварга болж чадалгүй өнгөрсөн зууны хагасыг туулсан ажгуу. 1950 оны дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн нутагт нь болох тов тодорсноос эхлээд л Бразил орон даяараа хөлбөмбөгчдөө дэлхийн аварга болохыг тэсч ядан хүлээсэн гэдэг. Урд өмнө нь байгаагүй тэмцээн зохион байгуулахыг ихэд хичээн, дэлхийд хамгийн томд тооцогдох аугаа “Маракана” цэнгэлдэх хүрээлэнг цоо шинээр босгосон нь үүний тод жишээ болно. Шигшээ багаа ч чамгүй бэлдэж, нэг үгээр хэлбэл “хувьсгалын тохироо” бүрдээд байсан юм. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэнд анхны бөгөөд эцсийн удаа шөвгийн дөрвөн баг тойргоор тоглон дэлхийн аваргаа тодруулах сонин, содон журам 1950 онд мөрдөгдсөн билээ. Шөвгийн дөрөвт Бразил, Уругвай, Испани, Шведийн багууд үлдсэн бөгөөд Бразил Шведийг 7:1, Испанийг 6:1-ээр хожиж, Уругвай Испанитай 2:2-оор тэнцэж, Шведийг 3:2-оор арай гэж хожиж, сүүлчийн тойрогт Бразил-Уругвайн багууд хоорондоо тоглох байсан нь нэг ёсны финал болсон юм. Бразил тэнцэхэд л “Алтан дагина”-ын эзэн болох байсан бол Уругвай зөвхөн хожсон тохиолдолд л дэлхийн аварга болох байлаа. Өмнөх өрсөлдөгчдөө бут ниргэсэн Бразилийн хөлбөмбөгчдийг Уругвайн багт хожигдох нь бүү хэл тэнцэнэ ч гэж төсөөлөх хүн ганц ч байгаагүй болов уу. Шинээр болох гэж байгаа “дэлхийн” аваргууд”-Бразилийн тоглогчдын зураг хөрөг, ярилцлага сонин,сэтгүүлийн эхний нүүрийг бүрэн эзэлж, “Бразил-Дэлхийн аварга” гэсэн бичигтэй сая сая туг, далбаа, ил захидал хэдийнээ хэвлэгдэн бэлэн болж, Шинэ дэлхийн аваргуудад зориулсан дуу “Brasil os Vencedores” олны сонорт хүрэх мөчөө хүлээж, Бразилийн 22 тоглогчийн нэртэй дурсгалын алтан медаль эздээ (Тэр үед дэлхийн аварга багт цом өгдөг, харин тоглогчдод медаль өгдөггүй байсан) хүлээн, ер нь орон даяараа дэлхийн аваргуудаа тэсэн ядан хүлээж байлаа. Бразилийн багийг дэлхийн аварга болно гэдгийг зөвхөн нутаг нэгтнүүд нь ч хүлээн зөвшөөрч байсан юм бас биш ээ. Хөлбөмбөгийн “хүрээнийхэн” ч Бразилийг дэлхийн аварга болно гэхэд огтхон ч эргэлзэхгүй, бүүр ФИФА-ийн ерөнхийлөгч нь хүртэл хаалтын дараа хэлэх үгээ португал хэл дээр бэлдчихсэн байсан гэж байгаа.
За ингээд л өнөөх гайтай хөөтэй 1950 оны долдугаар сарын 16-ны өдөр болдгоороо болж, азтай, одтой, аргатай чаргатай, ар өврийн хаалгатай 199 854 хүн “Маракана”-д орох тасалбараа барин “Хөлбөмбөгийн Ариун Сүм”-д орохоор өглөөнөөс эхлээд л цуварчээ. Харин энэ хооронд хэний ч анхаарлыг үл татах Уругвайн багийн буудал анир чимээгүй, нам гүмхэн байлаа. Уругвайн багийн ахлагч Обдулиа Варелагийн нойр хулжин тэр өглөө бусдаасаа түрүүлэн сэрсэн ажээ. Тэрбээр унтаж буй нөхдөө сэрээлгүйгээр сэмхэн гадагш гарч Бразилийн багийг магтан дуулсан бүх өглөөний сонинг худалдан авч, буудалдаа эргэн ирмэгц багийнхан нь өглөө цугладаг өрөөний хананд бүгдийг нь хадсан байна. Дараа нь багийн нөхөд нь өөрсдийг нь хэрхэн доор үзэж буйг нүдээрээ хараад, нэгийг бодсон нь лав. Ер нь Варела Бразилийг хожиход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тоглолтын өмнөхөн хувцас солих өрөөнд Уругвайн дасгалжуулагч тоглогчиддоо хүчирхэг Бразилийн эсрэг хамгаалж тоглохыг үүрэг болгосон бөгөөд дасгалжуулагчаа гараад явмагц Варела багийн нөхөддөө хандан “Бид хамгаалж тоглож болохгүй. Тэгвэл Швед, Испанийн адил л олон тоогоор хожигдоно. Үүний оронд адилхан довтолж тогловол хожих боломжтой. Бид 2 саяуулаа 50 саяын эсрэг (Тухайн үеийн Уругвайн болон Бразилийн хүн амын тоо)тоглох гэж байгаа биш. Талбайд 11-үүлээ адилхан л 11 хүний эсрэг тоглоно шүү дээ” гэж ятгасан тоглогчдын сэтгэл зүйг зуун хувь эргэхэд хүргэсэн билээ. Уругвайн хаалгач Масполи: “Талбайд гарч ирэхэд 200 000 хүнийн дуу чимээ нүргэлэх нь Тэнгэр юу юугүй нураад газар руу унаад ирэх гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Бид бие биенээ зоригжуулах гэж гар гараасаа хөтлөлцөж билээ” гэж дурссан байдаг.
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй тоглолт хэмээн “мөнхрөн” үлдсэн Бразил-Уругвайн тоглолт бүхний бодож байсанчлан Бразилийн хөлбөмбөгчдийн ширүүн дайралтаар эхэллээ. Хэдийгээр Бразилчууд тун идэвхтэй довтолж байсан ч эхний үе 0:0-ээр өндөрлөж. Харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Бразилийн Фриаса эхний гоолыг орууллаа. Энэ гоолын дараа Уругвайн ахлагч өнөөх Варела бөмбөгийг гартаа бариад шүүгчтэй удтал “отон тоглолт” байсан гэж маргалдсан аж. Дараа нь гоолыг хүлээн зөвшөөрч, бөмбөгийг талбайн төвд тавиад багийнхандаа хандан “Одоо ялах цаг эхэллээ” хашгирчээ. Хожим нь тэрбээр энэ үйлдлээ “Гол зорилго маань гоолыг тооцуулахгүй гэсэн хэрэг биш байсан. Харин Бразилийн тэр их ааг омог, ирийг мохоож зогсоох, өөрсдөө сэхээ авах цаг хэрэгтэй байсан” хэмээн өгүүлсэн байдаг. Үнэхээр л сэтгэл зүйн том тоглолт хийсэн байгаа юм Уругвайн ахлагч ,тэр өдөр. Тоглолтын 66 дахь минутад Уругвайчууд тоог тэнцүүлэхэд ч цэнгэлдэхэд цугласан үзэгчид төдийлөн тоосонгүй. Тэртээ тэргүй л тэнцэхэд л Бразил дэлхийн аварга болно шүү дээ. Тоглолт дуусахаас 11 –хэн минутын өмнө Уругвайн довтлогч Жижиа баруун захаар орж ирээд хөндлөн дамжуулахын оронд “ойрын хурц булан” руу цохиход ингэнэ чинээ огт төсөөлөөгүй байсан Бразилийн хаалгач Барбоза бөмбөгийг хааж чадалгүй алдах нь тэр. “Маракана” чим чимээгүй болов. “Асар том авсан дотор орсон юм шиг санагдаж байлаа. “Маракана”-д цугласан 200 мянган хүнийг чив чимээгүй болгосон гуравхан хүн байдаг. Энэ бол Фрэнк Синатра, Ромын Пап Иоанн Павел II , бас би” гэж Жижиа хэлсэн байдаг.
Үлдсэн хугацаанд Бразилчууд хувь тавилангаа өөрчлөх гэж улайран довтолсон ч тус болсонгүй. Зөвхөн энэ сүүлийн 10 минутад л Бразилчууд Уругвайн хаалга руу 8 удаа цохисон ажээ. Бразилийн багийн гол найруулагч, шилдэг тоглогч Зизиньо :“ Тэр хоёр цагт Бурхан биднээс нүүрээ бууруулсан юм. Тэр тоглолтоос хойш хоёр жил, хоёр сар, бүүр дахиад хоёр цагийн дараа ч дахин тогловол Уругвайн хаалганы тор бөмбөгөөр дззрэх байсан билээ. Тэр л хэдхэн цаг бидний цаг биш байлаа” хэмээн өгүүлсэн бол үүнийг батлан Уругвайн ахлагч Обдулио Варела: “ Тэр тоглолт дахиад болсон бол 100 удаа тоглосон ч бид 100 удаа хожигдох байсан. Харин зөвхөн тэр өдөр л бид хожсон юм” гэж хэлсэн байдаг.
За тэгээд тоглолт ч дуусаж, “Маракана”-д цугласан 200 00 , радиогоор сонссон 50 гаруй сая Бразилчууд уй гашууд автаж, олон арван хүн зүрхний шигдээсээр нас барж, мөн цөөнгүй хүн амиа егүүтгэсэн “Марканазо” хэмээгдсэн “хар түүх” бичигдсэн.
Энэ тухай хөлбөмбөгийн “Хаан” Пеле: “Бразил ялагдлаа… Би тэр өдөр, тэр цагийг хэзээ ч мартахгүй. Би тэр үед дөнгөж 10 настай байсан юм. Надад Бразил дайнд ялагдсан юм шиг, тэгэхдээ зүгээр нэг ялагдаагүй төсөөлөхийн аргагүй доромжлол хүлээж, олон хүнээ алдсан мэт санагдаж байлаа. Бүгд тайтгарахын аргагүй гашуудсан. Би уйлж, унтаж чадахгүй байлаа. Би ганцаараа ч уйлсан юм биш. Амьдралдаа анх удаа том хүмүүс хэрхэн уйлахыг би харсан. Аавын минь нүд нулимсаар бүрхсэн байв. Өвдгөндөө хүнд гэмтэл авсан хэрнээ биднийг тэжээхийн тулд шүд зуун хөлбөмбөг тоглохдоо ч түүнийг уйлж байхыг би хэзээ ч харж байсангүй. Харин одоо тэр уйлж байв. Намайг аав, ээжийнхээ өрөөнд ороход тэд хананд өлгөсөн Бурханд хандан: “Бурхан минь ! Яагаад ийм зүйл болов? Яагаад та үүнийг зөвшөөрөв? Манай баг илүү байсан шүү дээ. Уругвайчууд ч үүнийг мэдэж байгаа. Бид яагаад ялагдах ёстой гэж? Яагаад ийм хатуу шийтгэж байгаа юм бэ? Бид юунд буруутай вэ? Хамгийн шилдэг баг байх нь нүгэл гэж үү?” хэмээн залбирч байлаа. Миний нулимс хацрыг минь даган урссаар.. хэмээн “Миний амьдрал ба гайхамшигт хөлбөмбөг” номондоо бичсэн байдаг билээ.
Тоглолтын дараа Бразилийн хөлбөмбөгийн холбооны удирлагууд, зохион байгуулагчид бүгд цэнгэлдэхийг орхин оджээ. Ямар ч шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсонгүй , ялсан багийн төрийн дуулал ч эгшиглэсэнгүй. “Шаварт унасан шарын эзэн” гэгчээр ФИФА-ийн ерөнхийлөгч Жюль Риме “Алтан дагина”-ыг Уругвайн ахлагч Варелад ямар үг хэлэлгүй бушуухан гарт нь атгуулаад л “зугтсан” гэдэг.
Бразилийн шигшээ тэр “хар өдөр” өмссөн цав цагаан өмсгөлөө дахин хэзээ ч өмсөлгүй, шар өнгийг сонгосон билээ.
“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч
Цэрэнсодномын Энхтүвшин