ОХУ-ын Челябинск хотноо 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг жингийн аваргууд тодроод байна.
Тэмцээн болж буй цэнгэлдэх хүрээлэн хоккейн лигийн “Трактор” багийн эзэмшлийн ордон аж.
Эхний өдөр Монголын багаас дэлхийн шинэ аварга цолтон төрлөө
Тэмцээний эхний өдөр буюу наймдугаар сарын 25-нд монголчуудыг баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон. Манай бөхчүүдээс 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Д.Амартүвшин, ОУХМ Г.Болдбаатар, 2013 оны Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нар дэвжээнд гарснаас Г.Болдбаатар дэлхийн аварга цолыг хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин эхний барилдаанаа 2010 оны Европийн аварга, Францын жүдоч Софианэ Милоустой хийж, нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар ялагдсан бол эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдсөн Г.Отгонцэцэг шөвгийн 32-т, МУГТ М.Уранцэцэг шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаандаа БНХАУ-ын тамирчин, тивийн нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл медальт Шье Шишитэй учраа тааран өрсөлдөж, ялсан ч шөвгийн наймд Японы Ами Кондод юко үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ дуусгасан. 2014 оны бүх Японы аварга залуу од Ами Кондо жиндээ аваргалсан.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 60 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг хүртлээ.
Г.Болдбаатар ДАШТ-ээс алтан медаль хүртэж буй Монголын гурав дахь жүдоч болжээ. Олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2009 онд, Гавьяат тамирчин М.Уранцэцэг 2013 онд дэлхийн аварга цолыг хүртэж байжээ.
Хоёр дахь өдрийн барилдаанд манай бөхчүүд шөвгийн 16-с хэтэрсэнгүй
Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон. Энэ өдөр манай дөрвөн жүдоч дэвжээнд гарсан ч шөвгийн 16-с хэтэрсэнгүй.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар дэвжээнд гарсан.
D хэсгийг тэргүүлэн барилдсан Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Канадын Бучардийг вазари үнэлгээгээр, Германы Сиэдлийг нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулан шөвгийн 16-д шалгараад байсан. Тэрээр шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө БНХАУ-ын Ма Дуанбинтэй барилдан даралтаар цэвэр ялагдсан. Ма Дуанбиний хувьд VII байрт шалгарсан.
А.Батсуурь Перу улсын Вонгийг, Шинэ Зиландын Бишоп нарыг цэвэр ялж, Украины Зантариад цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа, эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Шварцийг юко үнэлгээгээр ялсан ч Маялинда Кэлмэндид хоёр торгуулиар ялагдсан.
А.Цолмон эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Коэнийг вазари үнэлгээгээр ялсан ч БНХАУ-ын Ма Иньнанд торгуулаар ялагдан тэмцээнээ дуусгасан. Ийнхүү өчигдөр барилдсан манай дөрвөн бөх дөрвүүлээ шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ.
Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нарын шилдгүүд барилдана
Өнөөдөр буюу тэмцээний гурав өдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдана. Хэсгийн барилдаан 13.00 цагаас, шигшээ барилдаан 19,00 цагаас эхэлнэ.
Ч.БОЛОР