Дэд бүтэцгүйгээр ирээдүйн хөгжлийг тодорхойлох боломжгүй. Ялангуяа цахилгаан эрчим хүч, төмөр замгүйгээр тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хүрч чадахгүй.
Одоогоос гуравхан жилийн өмнө буюу, дэлхийн зах зээлд эрдэс баялагийн ханш өндөр, Хятадын зах зээлийг бараадаж, Монголд хөрөнгө оруулах сонирхол багагүй байх үед манайд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 4620 сая долларт хүрч байжээ. Тухайн үеийн ханшаар тооцох аваас таван их наяд гаруй хөрөнгө Монголын эдийн засгийг сэлбэж байсан хэрэг. Харин өнөөдрийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 400 сая долларт хүрч чадахгүй болтлоо навс унав. Яагаад тэр вэ?
Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтад шууд болон шууд бусаар нөлөөлж буй олон шалтаг, шалтгаан бий. Тэрхүү шалтгаануудын нэгдүгээрт хууль эрх зүйн тогтвортой байдал, хоёрдугаарт дэд бүтцийн асуудал бичигдэж байна.
Манай улс байгалийн баялагт ихтэй ч түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлд гаргах зам гүүр муутай. Хүнд даацын машинаар тээвэрлэлтийн асуудлаа зохицуулдаг ч зардал мөнгө нь өндөр гэдэг шалтгаанаар хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг сонирхох сонирхол нь буурч байгааг "Цайрт Минерал” компанийн гүйцэтгэх захирал Ван Шоүгаотай ярилцах үеэр дахин, дахин онцолж байсан юм. Хятадын гэлтгүй гадаадын бүх л хөрөнгө оруулагчдын хувьд эрчим хүч, төмөр замын асуудал хүнд сэдэв болж буй нь гурван жилийн өмнөхөн ДНБ-ийн 53 хувьтай тэнцэж байсан гадаадын хөрөнгө оруулалт долоон хувь болтлоо буурсан гол шалтгаан байж болох талтай. Хөрөнгө оруулагчдын хувьд бизнес эрхэлж, мөнгө үржүүлэх гэж л Монголд хөрөнгө оруулж буй болохоос мөнгөөрөө дэнчин тавьж мөрийтэй тоглох гээгүй нь мэдээж.
Уул уурхайн салбар бол эрсдэл ихтэй. Асар их эрсдэл дунд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчид эрчим хүч, тээвэрлэлтийн зардалд хамаг ашгаа зарцуулах нь хүлээж байсан бизнес нь лав биш байх. Тиймээс л дэд бүтцийн гол чухал асуудлуудаа цэгцэлж чадахгүй байгаа нь манай улсад орж ирэх мөнгөний урсгалд томоос том тээг болчихоод байна шүү гэдгийг хөрөнгө оруулагчид олон ч удаа, олон ч жил сануулсаар ирлээ. Даанч монголчуудын хувьд илжиг шиг л чихэндээ орсон бүхнийгээ сэгсрээд хаячихдаг болохоос уг нь эдийн засгийн хувьд хамгийн чухал асуудал болсоор ирсэн хөрөнгө оруулагчдыг татах, хөгжилд хүрэх гүүрээ тавих нь өнөөдрийн цаг хугацааны шаардлага болчихоод байгааг олж харах ёстой байв.
Өмнө нь Монгол Улс малынхаа ашиг, шимээр амьдарч болоод байсан нь үнэн ч цаг минутаар хэмжигдэж байгаа дэлхийн хөгжилд хүрэхийн тулд, хэрэгцээ хэрэглээгээ бодсон ч дэд бүтцийн амин чухал асуудлуудаа яаравчлан шийдэх ёстой. Дэд бүтэцгүй Монголд үнэндээ хэн хөрөнгө оруулах билээ. Энэ бол монголчуудын зугатах аргагүй үнэн бөгөөд дэлхийн зах зээлд эрдэс баялгаа гаргах, боловсруулах үйлдвэр байгуулах, импортын эдийн засгаас экспортын эдийн засагт шилжихэд эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, төмөр замын сүлжээгээ өргөжүүлэх нь хөгжлийн шахалт ч гэж хэлж болохоор.
Манай улсын цахилгаан эрчим хүчний хомсдол, төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хэт удаашрал Монголд орж ирэхээр хүлээлтийн байдалтай байгаа хөрөнгө оруулагчдыг айлгах хоёрдугаар шалтгаан нь гэдгийг ч хэлэхгүй өнгөрч боломгүй.
Өнөөдөр Монгол Улс дэлхийд хамгийн чанартайд тооцогдож байгаа нүүрсээ нэг тонныг нь 34 доллараар зарж байна. Тээвэрлэлтийн зардал гэдэг шалтгаанаар худалдан авагчид Монголын нүүрсийг улайм цайм үнэгүйдүүлж, экспортын хэмжээгээ нэмээд ч орлого нь өмнөх жилүүдээ ч гүйцэх чадахааргүй байна. Төсөв өм , цөм дутаж, долларын ханш өсөх нөлөөлөх болсон дэд бүтцийн асуудал газрын доорх баялгийн багагүй нөөцтэй манай улсад "ашиглаж чадахгүй, экспортолж дийлэхгүй" нэр хоч зүүлгээд авсан. Яг үнэндээ эдийн засгаа томруулъя, улс орноо тогтвортой хөгжүүлье гэж бодож байгаа бол дэд бүтцийн амин чухал асуудлаа цаг алдалгүй шийдвэрлэхээс өөр гарц бий гэж үү.
Ж.НЯМСҮРЭН