АНУ-ын цөмийн ахлах мэргэжилтэн Калифорнийн сүүлчийн АЦС-ын хоёр реактор газар хөдлөлтөд тэсвэртэйг тогтоох хүртэл хаахыг Холбооны Эрчим хүчний зохицуулах хорооноос шаарджээ.
Калифорнийн АЦС-д таван жил ахлах мэргэжилтнээр ажилласан Майкл Пек Холбооны Эрчим хүчний зохицуулах хороог АЦС-ын аюулгүй ажиллагааны журмыг баримтлахгүй байгааг саяхан илтгэлдээ буруутгасан байна.
Ахлах мэргэжилтний хэлснээр эл АЦС маш аюултай байдалд байгаа аж. Түүний дүгнэлтээр хэдэн арван жилийн настай АЦС-ын реакторууд газар хөдлөлтийн хүчтэй чичирхийллийг тэсвэрлэхгүй гэдгийг одоогоор таамаглаж байгаа хүн байхгүй аж. Калифорни муж нь эртнээс газар хөдлөлтийн аюултай бүс байжээ.
Тус муж дахь өөр нэг АЦС-ыг 1976 онд мөн л газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг нь сайжруулахаар хааж байжээ.
Харин АЦС-ыг удирддаг Холбооны Эрчим хүчний зохицуулах хороо болон тус АЦС-ын эзэмшигч “Pacific Gas and Electric Co” бараг гучин жилийн өмнө баригдсан тус станцын хуучин реакторуудыг аюулгүй, газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх аюулгүйн стандартын хүрээнд ажиллаж буй хэмээжээ. Калифорни мужид өнгөрсөн ням гаригт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хэдэн арван хүн гэмтэж бэртэн, олон айлын орон гэр сүйдсэн нь мэргэжилтнийг ийнхүү анхааруулахад хүргэсэн байна.
Калифорнийн байгаль хамгаалагчид тус мужийг цөмийн аюулд хамгийн ойрхон байгааг анхааруулсаар байгаа юм.
Орчуулсан Н.ЭНХ