Украины ерөнхийлөгч даваа гаригт парламентаа тарааж, ирэх аравдугаар сард ээлжит бус сонгууль явуулахыг уриалсан байна. Тус улсын зүүн хэсэгт Оросын талыг дэмжигчдийг эсэргүүцсэн үймээн самуун үргэлжилж байгаа билээ.
Ерөнхийлөгч П.Порошенко мэдэгдэлдээ ээлжит бус сонгуулийг ирэх аравдугаар сарын 26-нд явуулна гэжээ.
П.Порошенко парламентыг тараасан нь Украины ард иргэдийн олонхийн хүсэл хэмээгээд парламентыг цэвэрлэгээ хийх алхам хэмээсэн байна. Өнгөрсөн сард парламентын томоохон эвсэл задарсан нь үүний дохио байсан юм.
П.Порошенко “парламентын гишүүдийн олонхи нь зэвсэгт салан тусгаарлагчдын холбоотнууд” гэсэн нь дөвөвдүгээр сараас хойш Засгийн газрын цэргүүдтэй мөргөлдөж буй Оросын талыг баримтлагч босогчдыг хэлсэн аж.
Украины томоохон үйлдвэрлэгчид, зүүн мужийн орос хэлтнүүд болон экс ерөнхийлөгч Виктор Януковичийн дэмждэг байсан Узраины “Бүс нутгийн нам” Виктор Януковичийг олныг хамарсан бослого үймээний үеэр тус улсаас зугатан гарах хүртэл парламент дахь хамгийн том нам байсан юм.
Украины ерөнхийлөгч П.Порошенко ээлжит бус сонгууль явуулах нь үймээн самууны хөлд нэрвэгдсэн зүүн бүсийг тохинуулах шинэ лидерүүдийг сонгоход зайлшгүй шаардлагатайг онцолсон байна. Гэвч үймээн самуунтай Донецка, Луханск мужид ард иргэд хэдэн мянгаараа гэр орноо орхин дүрвэн гарч байхад богино хугацаанд ээлжит бус сонгууль хэрхэн явуулах нь тодорхойгүй байгаа аж.
Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Украины арми тус улсын зүүн бүсийн Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчидтай мөргөлдөж, хэд хэдэн хот, тосгоныг босогчдын хяналтаас гаргасан юм. Беларусийн Минск хотод ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Украины ерөнхийлөгч П.Порошенко хоёр оролцох дээд хэмжээний уулзалтаар үймээн самууныг эцэслэх зөвшилцөлд хүрнэ гэж олон хүн найдаж байгаа юм.
Орчуулсан Н.ЭНХ