Хэдхэн хоногийн өмнө манай улсад зочилсон Си Жиньпиний өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр олон чухал гэрээ хэлэлцээрүүдийг үзэглэсэн. Эдийн засаг, улс орны хөгжлийн томоохон түлхэц болох энэхүү гэрээ, хэлэлцээрүүдийг тус бүрээр нь ач холбогдлыг нь тодорхойлж байна.
Эх газраар хүрээлэгдсэн, далайд гарцгүй, их гүрнүүдинй дунд оршдог Монгол Улсын хөгжилд хүрэх хөл нь дэд бүтэц. Дэд бүтцээ хөгжүүлж, дэлхийн зах зээлд гарахын тулд хоёр хөршөөрөө дамжин гарахаар өөр гарц үгүй. Ялангуяа газрын доорх эрдэс баялгаа дэлхийн зах зээлд хүргэж, эдийн засгийн эргэлтэд оруулахад их гүрнүүдийн тусламж дэмжлэг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэдэнгүйгээр Монгол дэлхийн зах зээлд гарах ямар хаалга байхгүй.
Монгол Улсын хувьд хоёр их гүрний дунд хавчуулагдан оршиж байгаа газар зүйн байрлалаа хөгжлийн давуу тал болгох бүрэн боломж бий. Үүний тулд хоёр хөрштэйгөө харилцан ашигтай, хамтран хожиж стратегийн бодлого хэрэгтэй юм.
Ноён Си Жиньпиний айлчлалын хүрээнд үзэглэсэн нэгэн чухал хэлэлцээр бол Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр. Энэ хэлэлцээр бол Монголын баялгийг дэлхийтэй холбох гүүр болох юм.
Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр дамжин дэлхийн зах зээлд гарах хаалгыг Хятад улс нээж өгснөөрөө мэдээж, хэн хэнийхээ эрх ашгийг хохироохгүй.
Газрын доорх эрдэс баялгаа дэлхийн зах зээлд хүргэж, өндөр үнээр зарах асар их сонирхол монголчуудад бий. Харамсалтай нь, урьд өмнө нь ийм боломж гарч ирж байгаагүй. Тиймээс ч Монголын эрдэс баялаг дэлхийн зах зээл дэх үнээс хамаагүй хямдхан үнэлэгддэг нь нууц биш. Баялгаа үнэд хүргэж, гуравдагч оронд хүргэх дамжин өнгөрүүлэх “хөл” нь, “гүүр” нь болохоор амалсан Хятадын удирдагчийн амлалтыг хөгжлийн түлхүүр болгохын тулд манай улс төмөр замын сүлжээгээ өргөжүүлэх, шинэчлэх, томруулах хэрэгтэй.
Бид мориор, тэмээгээр эсвэл хүнд даацын авто машинаар дэлхийн зах зээлд эрдэс баялгаа экспортолж чадахгүй нь ойлгомжтой. Ялангуяа зүүн Азийн орнуудад эрдэс баялгаа тээвэрлэхийн тулд хамгийн түрүүнд тээвэрлэлтийн асуудлаа шийдэх ёстой юм.
Хөрш орны зүгээс амалсан найрсаг харилцааг ашиглаж, эрдэс баялгаа дэлхийн зах зээлд гаргаж чадах, эдийн засгийн томоохон эргэлтэд оруулах эсэх нь зөвхөн монголчууд биднээс л хамаарах болж байна. Монгол Улсад өнө мөнхийн хөрш нь болох Хятад үүдээ нээлээ. Харин тэр үүдээр орж, ахиухан ашиг олох, хөгжлийнхөө гүүрийг болгож чадах уу үгүй юу гэдэг нь монголчуудын эв нэгдлээс шалтгаалах юм. Өнөөдрийн шиг өөх ч биш булчирхай ч биш бодлого хэрэгжүүлж, төмөр замаа тавьж чадахгүй өдий хүртэл сунжирсан шигээ цаг алдвал дэлхийн зах зээлд гарах боломжоо алдана гэсэн үг. Боломж ердөө ганцхан удаа л тохиодог гэдэг шүү дээ.
Си Жиньпиний Монголд хийсэн өндөр дээд хэмжээний айчлалын хүрээнд монголчууд дэлхийтэй холбогдоход арван алхам урагшиллаа. Өөрөөр хэлбэл, хөгжлийн галт тэрэгэнд хамтдаа суухаар Хятад улс Монгол руу гараа сунгаж байна. Энэ боломжийг бид мөнгө болгох хамгийн чухал. Ингэхийн тулд Монгол Улс илүү тодорхой, илүү том бодлого хэрэгжүүлэх учиртай юм.
Ж.НЯМСҮРЭН