Авто замын ажлаас болж, хавар, зуны турш шороогоор “нүдүүлж” эцэст нь 2-3 буудал газар явганаар алхан ажил, гэртээ хүрэхээс аргагүйд хүрээд байсан баянхошууныхан өнөөдөр өглөөнөөс магнай тэнийлээ. Бүтэн найман өдрийн турш хаалттай байсан авто зам нээгдэж, шинэ замаар автомашинууд давхиж эхэллээ. Өмнө нь дээрх замд авто машины түгжрэл үүсч, хотын төв рүү орохын тулд наад зах нь 1 цаг зарцуулдаг байсан бол одоо автобусаар зорчиход ердөө 20 минут зарцуулдаг болжээ.
Иргэд хэлж байна, “Одоо л сайхан замаар давхидаг болох нь ээ” гэж… Өнгөрсөн хугацаанд дээрх авто замд “нөхөөс” тавьдаг байснаас ийн дорвитой бүтээн байгуулалт хийгээгүй юм. Гэр хорооллын авто замууд дундаа хамгийн их эвдэрсэн, авто машин явахад хамгийн бэрхшээлтэй зам болсон байсан билээ. Харин өнгөрсөн хавраас авто замыг шинэчлэх ажил эхэлснээр ирэх аравдугаар сард багтаад авто зам бүрэн ашиглалтад орж, борооны усанд идэгдэн, энхэл донхол үүсч, зарим тохиолдолд аваар гарч болзошгүй аюултай зам бүрэн засварт орж засагдах нь.
Мөн дээрх зам 7 метрийн өргөнтэй байсан бол одоо 14 метр болж өргөжиж байна. Авто замыг өргөтгөн шинэчлэх ажил Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэл үргэлжилнэ. Нийт 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ёстой. Үүнээс Үндэсний их баяр наадмын өмнө 1.7 км авто замыг ашиглалтад оруулж байсан бол одоо 1.2 км авто зам баригджээ. Авто замыг “Экспресс зам” компани гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл нь өдийд үүнээс ч өндөр хувьтай байх ёстой ч айлууд газраа чөлөөлөлгүй хойш суусан нь ажилд саад учруулжээ. Газар чөлөөлөх асуудал одоо ч бэрхшээлтэй асуудал дагуулсан хэвээр аж. Тухайлбал, Зурагтын эцсээс Баянхошуу руу өгсөх замд хоёр ч айл газраа чөлөөлөөгүй. Үүнээс болж, уг газрын авто замыг өргөтгөх ажил дуусаагүй. Газраа чөлөөлснийх нь дараа үргэлжлүүлэхээр хүлээлтэд шилжжээ. Гэхдээ газар чөлөөлөлтийг өнгөрсөн долдугаар сартай харьцуулахад удаан л болохоос нэлээд ахижээ. Тухайн үед нийт 20 гаруй айл өрх, аж ахуйн нэгж газар чөлөөлөлтөд багтсанаас одоо хоёр айл л үлдсэн юм байна. Хэрвээ хоёр айл дүүргээс ирүүлсэн газар чөлөөлөх шийдвэрийг биелүүлчихвэл, дутуу орхисон замын ажлыг гүйцээж хийх аж.
Хэл амтайхан эхэлсэн авто зам өргөтгөн шинэчлэх ажил иймэрхүү янзтай үргэлжилж байна.
Харин найм хоногийн хугацаанд авто зам хаахад үгээ барж, заасан хугацаандаа замаа нээхгүй болчих вий гэсэн айдастай явсан иргэдийн магнай өнөөдрөөс тэнийж, шинэ толигор замаар саадгүй зорчих боллоо. Өнөөдөр Баянхошууны зам нээгдлээ, харин маргааш таны зорчдог зам нээгдэж, түгжрэлгүй замаар давхих цаг айсуй.
Г.БОЛОР