Ч.Сангарагчаа дарга өөрөө “шалгуулъя” гээ биз дээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа дарга өөрөө “шалгуулъя” гээ биз дээ

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Т.Хасбаатартай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга шүүхээр шийтгэгдээд ба­га­­­­гүй хугацаа өнгөрлөө. Одоо болтол дараагийн хүн томилогдоогүй. Та үүнийг зөв гэж бодож байна уу?

-Монгол Улсад Авлигатай тэмцэх газрыг байгуулснаар үр дүн нь нэгдүгээрт, олон ул­­­сын хэмжээнд хүч тавин ажиллаж байгаа бусад орнуудын адил авлигын үзүүлэлтийг буу­руулж, НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн дагуу үндэс­ний хууль тогтоомжуудыг ний­цүү­­­­­лэн батлах. Хоёрдугаарт, 2006 онд батлагдсан Монгол улсын авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуу­­­лан сурталчлах, төрийн бай­гуул­лага албан тушаалтны гар­га­­­сан тушаал шийдвэр дүрэм журмыг хянаж авлига гарах нөхцөл боломж бүрдсэн бол хүчингүй болгох зэрэг олон ажлыг хийх байлаа. Гэвч АТГ-ын удирдах албан тушаалтнууд нийгмийн өмнө хүлээсэн үүр­гээ умартаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдож ял эд­­лэх болсон. Би бусдын адил хууль тайлбарлахгүй, шүү­хийн шийдвэрийг Монгол Ул­сын иргэн хэн боловч дагаж биелүүлэх үүрэгтэй.

-АТГ-ын дарга, дэд дарга, удирдах албан тушаалтнууд шүү­хийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд өргөдөл гар­га­сан. Цаашид шүүхийн шийд­вэр өөрчлөгдөх болов уу?

-Монгол Улс авлигын үзүү­лэлтээрээ олон улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 117-д би­чиг­­дэж байна. Энэ үзүүлэлт нь Монгол Улсыг авлигатай эр­чимтэй тэмц гэсэн шаардлага гэж ойлгож болно. Харин энэ хүнд хэцүү цагт АТГ-ын удирд­­лага шүүхээс гэм буруутай нь тогтоогдож ял эдлэх болсон нь энэ байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдаж, хэвийн ажиллах боломжгүй болсон. Миний харж байгаагаар хуулийн бай­­­­гуул­­­­­­­­­лагын ажилтнууд өргө­сөн тангарагтаа үнэнчээр ажил­­­­­­­лаж, хараат бус шударга шүүх зөв шийдвэр гаргалаа. Жирийн иргэн шүүхээр гэм буруу­тай нь тогтоогдож ял эд­лэх болсон тохиолдолд нийгмээрээ харамсдаг билүү. Өнгөр­­­­­­­сөн хугацаанд хуулийн байгууллагуудын шинэтгэл эр­чим­­­­­­тэй явагдаж төрийн өн­дөр албан тушаалтан хэн бо­ловч шударга шүүхийн өмнө гэм буруутай нь нотлогдвол бөхөлзөх цаг болсон гэдгийг харуулж байна.

-Хууль бус үйлдэл, авлига хээл хахууль газар авлаа. Гэтэл үүнтэй тэмцдэг байгууллагын дарга нь өөрөө гэмт хэрэгтэн болчихоод байхад цаашид ав­ли­га­тай хэн, яаж тэмцэх юм бэ?

-Нийгмийн хар тахал болсон авлига хээл хахуультай идэвхтэй тэмцэж байгаа олон орнуудын туршлагыг харвал авлигын эсрэг чиг үүрэг бүхий байгууллагууд нь хууль дүрмээ олон улсын гэрээ конвенцид нийцүүлж, иргэ­дийнхээ идэвх оролцоонд түшиглэж үйл ажиллагаагаа явуул­даг юм билээ. Манай АТГ анх байгуулагдахдаа Хонконг, Сингапур болон зүүн өмнөд Азийн улс орнуудын АТГ-ын үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгож байгуулагдсан. Үүнийг одоо эргэж харвал Авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага байгаа ч одоо дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж дээрээ сайн ажиллах боломж байсан юм шүү.

-Тэгвэл АТГ удирдлагын буруугаас муу ажиллаж бай­сан гэж хэлж байна уу?

-Шуудхан хэлэхэд тийм. Манай Олон нийтийн зөвлөлийн хамгийн шүүмжлэлтэй хан­даж байсан зүйл бол энэ байгууллагын удирдлагын арга барил өнөөгийн шаардлагыг хангахгүй байгааг л онцолж бай­сан. АТГ олон түмнээ авли­­гач­даас хамгаалах гээд бай­гаа юм уу, Авлигачдыг олон түмнээс хамгаалах гээд байгаа юм уу, гэдэг нь тодорхой бус болж, авлигачдыг айлгадаг биш хаацайлдаг, жи­жиг жараа­хануудыг түүж барь­даг өвгөн загасчин шиг л болсон. АТГ олон улсын авлигын үзүүлэлтэд бодитой дүн шинжилгээ хийхээ больж өөрийн ажлын үндсэн чиг үүргээ хөдөө орон нутаг руу чиглүүлж ажил хийсэн дүр эсгэж, хүн ам төвлөрч авлигын уурхай болсон нийслэл хотоос дайжиж, жирийн багш, эмч нарыг хамгийн их авлигач бол­гож, байгууллагаараа жүжиг­лэ­лээ шүү дээ. Үүнд удирд­лага нь буруутай. Одоо тэгээд огт эзэнгүй болчихлоо.

-УИХ-ын даргын шийдвэр буруу гэж үү?

-УИХ-ын даргыг зөв шийд­вэр гаргасан гэж хэн хэлэх юм. АТГ-ын дарга, дэд даргыг шүүхээр яллагдчихаад байхад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл АТГ-ын тамгын хэлтсийн дарга Бадарчаар энэ байгууллагыг удирдуулсан. АТГ-ын даргыг Тамгын дарга нь орлоно гэж шинээр хуулийн заалт батлуу­лаагүй бол үүнийг тэнэглэл гэхээс өөр юу гэх вэ. Яг үнэндээ АТГ-ын дарга, удирдлагын асуу­­дал УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор орж тэд бү­рэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй шал­га гэлээ. АТГ-ын дарга нь ч өөрөө “Намайг шалга, бас дахин шалга” гэсэн биз дээ. Шүүх шударга шийдвэр гаргалаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.

-АТГ авлигатай тэмцэх биш, харин хэн нэгэнд, хэсэг бү­­лэгт таалагдах гэж ажил­ла­даг байсан гэдэгт та итгэдэг үү?

-Энэ байгууллагыг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай. Удир­д­­­­­лагын муугаас байгуул­лага нь муухай харагдаж байна. АТГ улс төрөөс ангид байсан уу гэвэл үгүй. Одоо эзэнгүй болсон энэ айлд хандаж байгаа улс төрчдийн арчаагүй үйлдэл, хуулийг хэрхэн тайлбарлаж, авли­­гатай эвлэрч байгаа нь АТГ улс төрөөс ангид биш байс­ныг улам бүр нотолж байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн АТГ-т хандаж байгаа хандлага нь энэ байгууллагын үйл ажил­лагаанд олон сөрөг үр дагавар авчрах байх. УИХ  өөрөө удирд­лагыг нь томилдог төрийн тус­гай байгууллагаа эзэнгүй байл­гас­наар өөрсдийнхөө авлигыг түр зуур хаацайлах гэсэн хардлагыг дагуулж байгаа ч хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэдэг нь бас л эзэнгүй үлдэж байна.

-Цаашид АТГ авлигатай тэмцэж чадах болов уу?

-Авлигатай тэмцэнэ гэдэг ганц энэ байгууллагын үүрэг биш ээ. Улстөрчдийн хүсэл зо­риг хамгийн чухал шалгуур нь байдаг юм билээ. Авлигын эсрэг конвенцид үндэсний хууль тогтоомжуудаа нийцүүлээгүй, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрх чөлөө хязгаарлагдмал, со­нирх­­лын зөрчлийг нарийн хуульч­лаагүй, сонгуулийн сан­хүү­­жилт нь ил тод биш зэрэг бэрхшээлүүд бий. Авлигатай тэмцэнэ гэдэг хэн нэгэн хүн дан ганц мөнгө төгрөг, эд зүйлс өгч авах биш өөртөө болон бусдад давуу байдал бий болгож байгаа шат шатны албан тушаалтнуудын хууль бус үйлдэлтэй нийтээрээ дайн зарлаж чадвал цаашид АТГ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадна.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж