Зөвхөн бизнесийнхэнтэй уулзах болсон учир нь 90/3 гэх тоог хэрхэн өөрчилж болох саналуудыг олж сонсоход байжээ. Одоогоос 20 жилийн өмнө Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь Оросын зах зээлд гарч байсан бол өнгөрсөн жилийн статистикийн дүнгээр манай экспортын дөнгөж 3 хувь ОХУ-д ноогдож доош буурсан шалтгааныг олж, энэ өөрчлөлтийг эсрэг чиглэлд нь оруулахад айлчлалын нэгэн том зорилго байгаа аж. Иймээс ч тавдугаар сарын 7–ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевтэй утсаар ярилцахдаа эдийн засаг, худалдааны харилцаа ийнхүү зогсонги байдалд орсоныг өөрчилж, Монголын талын худалдааны алдалдлыг бууруулах чиглэлээр хоёр талаас дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар санал нэгдэж, энэ чиглэлээр Засгийн газрууддаа чиглэл өгөхөөр тохирсон аж.
Ерөнхийлөгч энэ уулзалтыг товч, ач холбогдолтой байлгахыг хүссэн тул санал хэлж буй төлөөлөгчид ч санаагаа тоймлон, шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа асуудлаа дуулгаж байв. Тухайлбал, ОХУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргахад, төлөөлөгчийн газар нээхэд ОХУ ын ямар нэгэн компанитай хамтарсан, батлан даалт хийлгэсэн, байх зэрэг шаардлага тавьдаг зэрэг нь хүндрэл үүсгэдэг талаар дотуур хувцасны үйлдвэрлэгч “Гурван билэг” компанийн захирал Ш.Энхцэцэг дуулгав. Мөн татварын уян хатан бодлого байх хэрэгтэй гэх санал гарч нэг кг хувцсанд 20 долларын татвар авдаг нь хэт өндөр байгааг, хилийн боомтыг нэвтрүүлэх хурд удаан Алтанбулаг дээр 10 минут, харин Оросын хил дээр таван цаг нэвтэрч байгаа гэдгийг өөрчлөх боломжтой гэдгийг хэллээ. Татварын бодлогын хувьд Монголд тавьсан татвар 50 гаруй хувьтай байхад манай талаас орост таван хувийн татвар ногдуулдаг аж. ОХУ-д ноос, ноолуур, махан бүтээгдэхүүн голлон гардаг тул энд хүрэлцэн ирж санал хэлсэн төлөөлөгчдөд тухайн салбарынхан зонхилж байлаа. Махны экспортлогчид “өөрсдийн бүтээгдэхүүнийг Урал, Новосибирск, Красноярскаас цааш гаргамаар байна” гэх саналыг гаргаж өнгөрсөн жил гарсан шүлхий өвчнөөс болж, үндсэндээ энэ ажил зогссон бөгөөд 12 тэрбум төгрөгийн зээл авч бэлтгэсэн 4000 тонн махыг ОХУ-д экспортлох боломжгүй болсон асуудлыг айлчлалынхаа хүрээнд шийдвэрлэхийг хүслээ.
Ноолуурын салбарынханыг төлөөлж “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан үг хэлэхдээ мах экспортлогчидоо багахан шүүмжлээд авав. Тэрбээр “Монголд махны үнэ өсч 4 доллар хүрээд байхад, яагаад гадагш нь 2 доллараар гаргах гээд зүтгэцгээгээд байгаа юм. Бид ганзагийн наймааг дэмжих байдлаар гадаад харилцааны хэлэлцээр хийх нь утгагүй. Үүний оронд бизнесийнхэнд тулгамдаад буй банкны үйлчилгээг хөнгөвчлөх талаас нь ажилж болох шүү дээ” гэв.