Стросс-Кан дуулианы талаар мэдэж байжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Стросс-Кан дуулианы талаар мэдэж байжээ

Зочид буудлын үйлчлэгч бүсгүйг хүчиндэхийг завдсан дуулианд холбогдоод байгаа ОУВС-гийн тэргүүн Доминик Стросс-Кан дөрөвдүгээр сарын 28-нд Францын сэтгүүлч нартай уулзахдаа дайснууд маань миний бүсгүйчүүдэд дуртай сул талыг ашиглаж магадгүй гэж хэлж байсан талаар Liberation мэдээлжээ.

Тэр бүү хэл тэрбээр өөрөө хүчин­дүүлсэн гэх хэн нэгэн бүсгүй эмэг­тэй гарч ирвэл гайхах зүйлгүй гэж хэлж байж. Бүр тухайлбал, машины зогсоол дээр ч юм уу гэж тодотгожээ. Гэхдээ тэрээр өөрөө асуудлыг зохицуулж чадах ч өрсөлдөгч, дайснууд нь түүний эсрэг бүсгүйчүүдийг ашиглах магадлалтай, үүнд магадгүй 500 мянга ч юм уу нэг сая евро зарцуулах байх гэж байжээ.

ОУВС-гийн тэргүүн эмэгтэйчүүд түүний нэг сул тал гээд ”Тийм ээ, би эмэгтэй хүнд дуртай. Тэгээд яагаав?” гэж хэлсэн байна. Бас түүний сул тал мөнгө болон еврей гарал үүсэл. Мөнгөний хувьд түүнд санаа зовох зүйлгүй. Стросс-Каны эхнэр Анн Синклер маш баян учир үхэн үхтлээ мөнгөөр дутагдахгүй.

Сексийн дуулиан нь Стросс Каны нэр хүндэд нөлөө үзүүлэх бололтой. Түүнийг Францын ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдийн нэг гэж байсан юм. Өмнө явуулсан олон нийтийн санал асуулгаар тэрээр барууны төвийн чиглэлийн намыг тө­лөөлөх өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркозигаас давуу санал ав­сан. Стросс-Кан сэтгүүлчдэд Сарко­зид хандан хувийн амьдрал руу нь чиг­лэсэн бузар булай гүтгэлгийг зог­соохыг гуйсан гэж ярьсан байна. Тэрээр нэгэн олон улсын саммитийн үеэр Францын ерөнхийлөгчтэй ариун цэв­рийн өрөөнд тааралдаад хэлсэн гэжээ.

Бас Францын зохиолч, сэтгүүлч эмэгтэй Тристан Банон Олон улсын валютын сангийн тэргүүн бөгөөд улстөрч Доминика Стросс-Кан түүнийг өмнө нь хүчиндэх гэсэн хэмээн заргалдахаар зарлав. 

Баноны хэлснээр 2002 онд Стросс-Кан түүнийг хүчиндэхээр оролдсон гэнэ. Банон ОУВС-гийн тэргүүнтэй холбоо сүлбээтэй байсан гэж 2007 онд нийтэд мэдэгдэж байсан. Гэхдээ ээж нь шүүхэд хандах хэрэггүй гэж зөвлөсөн учир өмнө нь энэ талаар зарга үүсгээгүй гэжээ. Сэтгүүлч бүсгүйн ээж нь Социалист намын идэвхтэн гэж Le Figaro сонин бичжээ. Стросс-Кан Францын Социалист намын лидерүүдийн нэг. Түүнээс сэтгүүлч бүсгүй ярилцлага авч байх үед түүнийг хүчиндэхээр оролдсон гэж ярьсан байна. Энэ талаар өөр нарийн ширийн мэдээлэл гараагүй байна. Доминик Стросс-Кан энэ сарын 14-ний өдөр буудлын үйлчлэгч эмэгтэйг аман секс хийхийг шахсан гээд Нью-Йоркт баривчлагдсан. Түүнийг Air France компанийн онгоц хөөрөхөөс 10 минутын өмнө онгоцноос буулган барьсан. Гэхдээ Стросс-Кан өөрөө энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
ОУВС-гийн тэргүүнийг Америкт даваа гаригийн үдээс хойш шүүж эхэлсэн. Америкийн өмгөөлөгч Аркадий Бухын хэлснээр түүнийг гэм буруутай гэж үзвэл  Стросс-Каныг 20 жил хорих ялаар шийтгэж магадгүй. Хүчиндэх оролдлогын төлөө Америкийн шүүх 15 жилийн ял өгдөг бөгөөд түүнд тулгаж байгаа бусад хэргийн нийлбэрээр Канд 20 жил хоригдох ял ноогдох бололтой. Сексийн хэрэгт гэм буруутайг нь тогтоосон америкчуудад 10 жилийн тэнсэн ялыг шууд өгч, сексийн гаж донтнуудын бүртгэлд оруулан амьдрах газрыг нь заан суулгадаг ажээ.

Түүний өмгөөлөгч ОУВС-гийн захирлыг шүүхийн дараагийн шийдвэр гартал  24 цагийн дотор барьцаагаар суллаж магадгүй ажээ. Ийм хэргийг тангарагт шүүх шийдэхдээ 2-3 жил зарцуулж ч магад­гүй. “Миний мэдэж буйгаар ийм хэргийн барьцаа 100 мянган ам.доллар болж байна. Ийм нэртэй хүнийг ам өчгийг нь аваад суллах юм уу эсвэл эх оронд нь очихыг зөв­шөөрч болох талтай” гэж өмгөөлөгч нь хэлжээ.

ОУВС-гийн тэргүүний өмгөө­лөгч хохирогч гэж байгаа бүс­гүйд нөхөн олговор санал болгох бололтой. Ингэснээр эмэгтэй мэ­дүүл­гээ өөрчилбөл сэжигтнийг 10 жилийн тэнсэн харгалзах ял авах бо­ломжтой гэж өмгөөлөгч Бух тайл­бар­лав. Гэхдээ Манхэттены проку­рорын газар дуулиантай хэрэгт онц­гой анхаарал хандуулдаг учир хатуу шугам барьж магадгүй гэдгийг ч бас өмгөөлөгч нь онцолжээ.


Ш.Мягмар
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж