Зуны адаг сарын шинийн 29-ний Дашнямтай билэгт сайн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах “Буддын агрим дацан”-г зорилоо. Учир нь өнгөрөгч зургадугаар сарын 28-нд нээлтээ хийсэн энэхүү хийд Баянхонгор болон Сүхбаатар аймгийн сүсэгтэн олны хамтын хүсэлтээр бий болжээ.
Улаанбаатар хотноо сүүлийн жилүүдэд Христийн сүм олноор баригдаж, ялангуяа захын хороололд олонтоо нээгдэж байна.
Бүхий л шашнууд дотроос судлагдахуун номоор хамгийн баялаг нь гарцаагүй Бурханы шашин гэж үздэг. Учир юу гэвээс судлаачдын хийсэн тайлбар (зөвхөн Энэтхэгийн тайлбаруудын эмхэтгэл Монгол хэлэнд хөрвүүлэгдсэн нь Данжуур хэмээх 200 гаран боть судар байдаг)-ыг үл тооцон Бурхан Багшийн өөрийн туурвисан бүтээлүүд (Buddhavacana) нь Пали хэлдээр 55 боть (Пали Судрын Орчуулгын Нийгэмлэг), Хятад хэлдээр 100 боть (Taisho Daizokyo), Төвд Ганжуур 98 боть (Нартан бар) зэргээр хадгалагдан үлдсэн байна.
Бурханы шашин хийд зах руугаа тэлж, буян номын үүд хаалга нээгдэж байгаад сүсэгтэн олон талархалтай хүлээж байна.
“Буддын агрим дацан”-ийн хамба лам Ч.Эрдэнэбаатартай цөөн хором ярилцлаа. Тэрээр: “Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Буддын агрим дацан нээгдээд хоёр сар болж байна. Бидний энэхүү хийдийн нээлтэд Баянхонгор аймгийн Ламын гэгээний хойд дүр маань өөрийн биеэр заларч ирж, манай хийдийн шүтээн сахиусыг аравнайлж, адилсалсан байгаа. Өнөөдөр зуны адаг сарын шинийн 29-ний их дүйцсэн өдөр тохиож байна. Энэ өдөр бид бүхэн Алтан овооны шүтээн сахиусыг тахиж, Алтан овооны тахилгын судар номыг уншлаа. Энэ судар ном ямар учиртай вэ гэхээр Төрийн тахилгат Алтан дарь овоонд сүүлийн үед сүсэгтэн олон зорин очдог боллоо. Алтан овоо, Шилийн богд гээд дадлагатай, дуудлагатай, тахилгатай уул овоод олон байна. Тийм учраас уул усны уншлага судар гэж тусдаа байдаг. Манай хийдийн тухайд Улаанбаатар хотын дөрвөн уулын дунд овоон сүм хийдийн төвийг энд байгуулаад буяны үйлийг хийж байна. Өнөөдрийн 29-ний хурал ямар учиртай вэ гэхээр Улаанбаатар хотод байгаа нутгийн ард түмэн сүсэгтэн олон, тэр дундаа Алтан овоогоо шүтдэг хэн боловч зорин ирж, уншлага номыг уншуулж, дахиулж, хийморь сүлдээ сэргээн буян хишгээ тогтоох ийм чухал уншлага боллоо. Цаашид сар болгоны шинийн 29-ний өдрийн морин цагт Монгол Улсын төрийн тахилгат Алтан овооны тахилгын судрыг уншихаар тогтож байна. Тиймээс энэ өдөр нутгийн ард түмэн та бүхэн зорин ирээрэй. Та бүхэнд буян ном, бурхан шашин дэлгэрэх болтугай гэж ерөөлийг тавья.” гэв.
Мөн энэ билэгт сайн өдөр Алтан овооны тахилгын судрыг сонсохоор ирсэн яруу найрагч Ай.Төмөр-Очир хэлэхдээ: “Өнөөдөр Ч.Эрдэнэбаатар маань ийм сайхан хийдийг бүтээн байгуулж, нутгийн ард түмэндээ томоохон өргөл барьж байгаад талархаж байна. Яруу найрагч анд маань хүүхэд байхын лам хүн байсан. Хэдийгээр энэ дацан гаднаас нь харахад жижигхэн боловч дотор нь ороод ирэхэд их том ариуслын газар болжээ. Энэ билэгт сайн өдөр нутгийнхаа олон түмэнтэйгээ уулзлаа. Бид бүхэн зөв яваа болохоор Алтан овоо минь биднийгээ ивээлдээ багтааж байна. Ийм буянтай үйлс бүтээж буй “Буддын агрим дацан”-гийн хамт олонд талархлаа.” гэв.
Бурхан багшийн сургаал:
Хөдлөж хөөрөх нь амархан ч тайвширч номхрох нь амаргүй
Хөөрч догдолсон сэтгэлээ барих нь түүнээс ч бүүр амаргүй
Хүнд өст этгээд дайснаас нь илүү хор хөнөөлийг сэтгэл нь хүргэдэг
Хүсэл шунал, уур хилэнгээс сэтгэлээ хол байлгаж амарлингуйг хүртэнэ ээ.
Ажил үйлсээрээ батлахгүй байж сайхан үг урсгах нь
Анхилуун гоё үнэргүй цэцэг лүгээ бөлгөө
Аясын салхины эсрэг цэцэгсийн үнэр үл ханхалдагч
Ачлалт хүний тухай цуу салхины эсрэг ч дэлхийгээр түгэх бөлгөө.
****
Аливаа хилэнц бүгдийг эс үйлдэн
Алин буяныг хотол чуулган болгоод
Анхаарч өөрийн сэтгэлийг номхтговоос
Авралт тэр нь Бурханы шашин мөн (Будда)
***
Нанчид нанчид гэвч нарийн хар архи
Нарийвчлан шинжилвэл найман тамын нэг
Там там гэвч там хаанаас байх вэ
Тамтаггүй явбал там чинь тэр буй заа. (Д.Равжаа)
Ч.БОЛОРЧУЛУУН