1939 онд болсон Халх голын дайнд Монгол-Зөвлөлтийн цэрэг дайчид ялалт байгуулсан түүхтэй. Түүхт ойг наймдугаар сарын 23-29-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн хүрээнд ялалтын баярт оролцохоор ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн албаны даргын орлогч, дэслэгч генерал В.Н.Стрельцов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Тэднийг дайн болсон газар нутгийг үзүүлэхээр Дорнод аймаг руу морджээ.
Онцлоход, Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцохоор олон зочид төлөөлөгчид ирсний дотор Оросын хилчид болон тус улсын Холбооны аюулгүй байдлын хилийн албаны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байгаа аж. Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээ өнөөдрөөс Дорнод, Хэнтий аймгуудад тус бүр үргэлжилнэ.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан арга хэмжээ болж өнгөрлөө. Тухайлбал, Монгол, Зөвлөлтийн дайчид Г.Жуков, Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөж ойн арга хэмжээг эхлүүлсэн бол Соёлын төв өргөөнд Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Хүндэтгэлийн концерт болж, 21.00 цагт Чингис хааны талбайд ёслолын буудлага хийсэн юм.
Халх голын дайнд оролцсон ахмад дайчдаас Монголын талаас 140 орчим нь амьд сэрүүн байгаа бол Оросод таван ахмад дайчин байгааг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлсэн юм.
Г.БОЛОР