Португалид 78 сая еврогийн зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Португалид 78 сая еврогийн зээл олгоно

Бруссельд чуулж буй Европын холбооны сангийн сайд нар Португалид 78 тэрбум еврогийн санхүүгийн тусламж олгохоор шийдвэрлэсэн байна. Уг зээл зөвхөн Португалид төдийгүй Европын холбооны санхүүгийн тогтвортой байдлын баталгаа болно гэж сангийн сайд нар үзэж байгаа юм. Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Кан гэмт хэрэгт холбогдсоноос тус чуулганы хэлэлцээр амжилттай болох нь бүрхэг байсан.  Олон улсын валютын сан Ирландад мөн  1.58 тэрбум еврогийн зээл олгох асуудлыг хэлэлцэж зөвшилцөлд хүрчээ.

Португалид олгох санхүүгийн зээлийг Европын холбоо, Олон улсын валютын сан батлан дааж тус бүр нь 26 тэрбум еврогийн хөрөнгө оруулж байгаа юм байна. Өнгөрсөн сард албан ёсоор зээл хүссэн Португаль эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэж, өмч хувьчлалын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Чуулганаар ирэх аравдугаар сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах Европын Төв банкны ерөнхийлөгчийн албан тушаалд Марио Драгийг томилох асуудлыг хэлэлцжээ.

Италийн Төв банкны одоогийн ерөнхийлөгч Драги ирэх долдугаар сараас Европын Төв банкны ерөнхийлөгчийн албан тушаалд ногоон гэрлээр томилогдох бололтой. Европын холбооны сангийн сайд нар энэ удаагийн чуулганаар Грек улсын санхүүгийн одоогийн нөхцөл байдал болон өрийн хямралаас гарахад дахин зээл олгох эсэхийг хэлэлцсэн байна.  Сангийн сайд нар тус улсын ДНБ-ий 20 хувь 50 тэрбум евротой тэнцэж буй учраас өрийн хямралаасаа гарах нь зайлшгүй чухал гэж үзжээ. Грекийн өрийн асуудлыг сангийн сайд нар ирэх зургадугаар сарын ээлжит чуулган хүртэл хойшлуулсан юм.
Харин Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Кан чуулганд оролцох боломжгүй болсон нь цагаа олоогүй явдал боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж