Хадгаламж банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар: Энэ ондоо багтаж нэг банк болно, дүрмийн сангаа ч нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Хадгаламж банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар: Энэ ондоо багтаж нэг банк болно, дүрмийн сангаа ч нэмэгдүүлнэ

Хадгаламж, Монгол шуудан банк нэгдэхээр болсноо мэдэгдээд төдий л удаагүй байна. Энэ үйл явцын талаар тодруулж, Хадгаламж банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатартай уулзаж ярилцлаа.

-Хоёр банк нэгдэх үйл явц нь хугацаа шаардсан ажил гэдэг нь ойлгомжтой байх. Шийдвэр гарснаас хойш хугацаанд өрнөсөн үйл явц өнөөдөр ямар шатандаа явж байна вэ. Чухам хэдийнээс нэг банк болж, үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Тийм ээ. Бид хоёр банк нэгдэх болсон асуудлыг цаг хугацаанд нь олон нийтэд хэвлэлийн бага хурал хийж  мэдэгдсэн. Хоёр банк нийлж, нэгдэж буй асуудал уг нь хөндлөнгөөс хэн ч бай, тэрчлэн хяналт тавих ёстой байгууллагууд ч оролцох ёсгүй асуудал байгаа юм. Учир нь хоёр банк хоёулаа хувийн өмчийн арилжааны банкууд. Хувийнх гэхээр хувьцаа эзэмшигчид нь хувь хүмүүс, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд байсан гэсэн үг. Үүнд төрийн болон Засгийн газрын оролцоо ерөөсөө байгаагүй. Тийм учраас хувийн хэвшлийнхэн өөр хоорондоо тохироод л эзэмшлүүдээ хоорондоо өгөлцөж, авалцаж байгаа асуудал юм. Арилжааны хоёр өөр банк хоорондоо ойлголцоод нийлж, нэгдье гэж байгаа нь миний бодлоор банкны салбарт түүхэн ач холбогдолтой үйл явдал. Монгол хүмүүс ийм алхам хийж чаддаг юм байна, заавал гадны этгээд орох ёсгүй юм байна гэдгийг харуулсан үйл явдлынх нь хувьд үнэлүүштэй. Эдийн засгийн талаасаа ч нэгдэж нийлж томорч байгаа нь нэлээд ач холбогдолтой ойлголт.

-Тэгэхээр нэг банк нөгөөгөө худалдаж авав уу, эсвэл хоёр банкийг нэг хүн зэрэг худалдаад авчихав уу?

-Хадгаламж банк Монгол шуудан” банкны өмчлөгчдийн хооронд хувьцаа худалдан авах, худалдах гэрээ хийгдсэн. Үүгээр бол нэг нь нөгөөдөө худалдлаа  л гэсэн ойлголт гарч ирж байна.Санхүүгийн утгаар бол хоёр арилжааны банкны хувьд нэгдэж буй үйлдэл юм. Харин энэхүү нэгдэх, нийлэх үйл явц хэрхэн өрнөх юм бэ гэдэг нь цэвэр эдийн засаг, банк санхүүгийн утга агуулга бүхий асуудал.

Хоёр банк нэгдэж байгаа нь эдийн засгийн талаасаа ч, банк санхүүгийн талаасаа ч үнэхээр ач холбогдолтой. Яагаад нэгдэх гээд байгаа юм бэ гэхээр жижиг, дунд хэмжээний банкууд тус тусдаа үйл ажиллагаагаа явуулаад байхаар эдийн засгийн бодит секторт үзүүлж буй үр нөлөө, өгөөж нь тэр хэмжээгээр л жижигхэн байх нь ойлгомжтой. Харин нийлж, нэгдсэнээр эдийн засгийн бодит секторт оруулах хувь нэмэр нь тэр хэрээр өсч, арай өөр төвшинд очно.

Энэхүү хоёр банк хоёрдугаар зэрэглэлийн банкууд байсан. Арилжааны банкуудыг үнэлж, дүгнэдэг шатлал, олон улсын стандарт бий. Үүгээр хоёр банк хоёрдугаар зэрэглэлийнх байсан бол нэгдсэнээр нэгдүгээр зэрэглэлд орж буй юм. Энэ нь харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгчдэд ач холбогдолтой. Зээлдэгчид жижиг, жижиг банкуудаас бага бага хэмжээний зээл аваад яваад байх уу, том банкнаас их хэмжээний, хугацаа урттай, боломжийн нөхцөлтэй зээл авах уу гэдэг нь хоорондоо маш ялгаатай зүйл.

-Нэгдүгээр зэрэглэлийн банкны гол шалгуур нь юу байдаг юм бэ. Хэрэглэгчдэд олгох давуу тал нь юу вэ?                            

-Нэгдүгээр зэрэглэлийн банкууд бол бүх талаар Монголбанкнаас тавьж байгаа шалгуур үзүүлэлтүүдийг, тэр дундаа санхүүгийн зохистой харьцааны үзүүлэлтийг хангасан байх ёстой. Харилцагчдад үзүүлж буй үйлчилгээний чанар ч түүгээр хэмжигддэг. Монголд өнөөдрийн байдлаар төрөлжсөн банк алга. Том, багаасаа үл хамаараад яг ижил лиценз, санхүүгийн шалгууртай, яг ижил зах зээл дээр бараг нэг нэгийгээ давтсан гэхээр бүтээгдэхүүн үйлчилгээтэй л банкууд байгаа юм. Ийм учраас Монголбанкны нэг, хоёрдугаар гэх зэрэглэл тогтоох ангилал ч тодорхой, дээр хэлсэн санхүүгийн шалгуур үзүүлэлтээс гадна тухайн банкны активын хэмжээг ч харгалздаг.

-Өнөөдөр арилжааны банкууд зээлдэгчид, бизнес эрхлэгчдийнхээ эрэлтийг гүйцсэн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаагаас үйлдвэрлэл хөгжих хөрс бүрдэхгүй байна гэдэг. Үүнийг банкууд жижиг байгаатай холбон тайлбарладаг. Тэгэхээр банкууд нэгдэж, томрох нь том зээл, урт хугацаатай гаргах, нэг үгээр бол үйлдвэрлэл эрхлэгчдэд таатай санхүүгийн нөхцөл рүү дөхөж байна гэсэн үг үү?

-Нэг талаар тийм юм. 1993-1994 оны үед Банкны тухай хуулийг баталснаас хойш томоохон зарчмын өөрчлөлт ороогүй. Гэтэл тэр үеэс хойш эдийн засаг яаж өөрчлөгдөж, яаж өслөө. Ямар бүтэцтэй байгаад хэрхэн тэллээ? Үүнийг дагаад эдийн засгийн болоод санхүүгийн бусад харилцаанууд хэрхэн хөгжсөн билээ. Энэ бүхэнтэй зэрэгцээд хуулийн зохицуулалт боловсронгуй болж байх ёстой шүү дээ. Энд нэг энгийн жишээ хэлье л дээ. Бид ерээд оны дундуур нэг сая ам.долларын зээлийн төслийг барилгын, эсвэл шатахуун импортолдог салбарт олгодог байхад хэрэндээ л тухайн үеийн банкуудад ахадсан том зээлийн төслүүд байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр жишээ нь шатахуун импортлогчдын өөрийн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө хэд болов? Дунд зэргийн компани л гэхэд 4-5 сая ам.долларын хэмжээнд эргэлтийн хөрөнгө шаардаж байна. Гэтэл 93, 94 оны хуульд өөрчлөлт ороогүй байна гэдэг нь хуулиар тавьсан хязгаарлалтын хэмжээнүүд хэвээр мөрдөгдөж байна л гэсэн үг. Банкууд ийм хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар чинь эдийн засгийн тэлэлтээ гүйцэж чадахгүй байгаа юм. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах эрх мэдэлтэй хүмүүс энэ бүхэнтэй уяж, эдийн засгийн хөгжлөө тооцоолохгүй бол болохгүй нь л дээ.

“Энүүхэндээ гэж хэлэхэд бидний амбици өндөр байгаа”

-Нэгдэж буй шинэ банк маань банк, санхүүгийн зах зээл дээр ямар үйлчилгээгээр ялгарах вэ. Та бүхэн юу төлөвлөж байгаа вэ?

-Хоёр банк нийлсний дараахь бизнес төлөвлөгөө зэргийг бид хараахан гаргаагүй, зөвхөн төсөөллийн хэмжээнд яригдаж байна. Үүн дээр нэлээд нухацтай юм гаргах гээд манайхан өдөр шөнөгүй сууцгааж байна. Тус тусдаа байхдаа гаргасан бизнес төлөвлөгөө бий боловч ачир дээрээ ач холбогдлоо алдаж байх шиг байна. Одоо бол би зөвхөн төсөөллөө л хэлэх боломжтой байна. Юуны өмнө банк, санхүүгийн зах зээл дээрх сигмент маань өөрчлөгдөнө. Өнөөдөр банкууд бүгдээрээ корпорэйт болон ретэйл зээл олгож, өөр хоорондоо хүүгийн ялимгүй зөрүүгээр ялгарч өрсөлдөж байна. Хоёр банк маань хоёулаа жижиглэнгийн зах зээл дээр голлон ажиллаж ирсэн. Нийлээд 320 орчим салбар нэгжтэй. Нэгдсэний дараа энэхүү чиглэлээ буюу жижиглэнгийн зээлээ орхихгүй, үргэлжлүүлээд олгоод явна. Банк нийлсний ач холбогдол үүнд ч байсан. Нөгөө талаар байгууллагын буюу том зээлээ хөгжүүлнэ, ахиухан олгоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Энүүхэндээ гэж хэлэхэд бидний амбици өндөр байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр хөгжих, тэлэх, өөрийнхөө банкны зах зээлд оролцох оролцоогоо нэлээн өндөрт хүргэх эрмэлзэлтэй байна гэсэн үг. Үүндээ л нийцүүлж бизнесийн чиглэлээ, хандлагаа төлөвлөж хийх байх.

-Хоёр банк нийлэх үйл явцыг хөндлөнгөөс хянах үүрэгтэй байгууллага бий юу. Ер нь энэ үйл явц эрүүл, ил тод байж чадаж байна уу?

-Банкийг эрх зүйн хүрээнд нэгтгэх үйл явц ер нь цэгцэрч байна. Бичиг баримт хуулийн хүрээнд ямар байх ёстой, эрх зүйн талаас ямар шаардлага хангах вэ гэдэг асуудал эмхэрч байна. Үүнд төр, засгийн зүгээс нааштай хандаж байгаа гэдгийг зориуд хэлье. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээллийг та бүхэн анзаарч байгаа байх. Монголбанкны ерөнхийлөгч энэ асуудал нэлээд сайн бэлтгэгдсэн, Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл дээр хүртэл яригдсан гэдгийг мэдээлж байна. Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа энэ үед Монголын эдийн засаг, тэр дундаа банк, санхүүгийн систем хямралтай байна. Ийм нөхцөлд банкууд нэгдэж эрсдэлээ хаах уу. Жижиг, жижиг хэвээр эрсдэл дунд байх уу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ утгаар Монголбанк биднийг маш сайн дэмжиж байна.

Ингээд нэгдэх үйл явцыг эрх зүйн талаас хангачихлаа. Одоо санхүүгийн тоонууд дээрээ ажиллаж байна. Хоёр банк нийлэхээр яах юм бэ, ямар болох юм бэ. Хэвлэлээр дандаа ерөнхий тоонууд мэдээлэгдсэн байгаа. Нэгдэхээр татан төвлөрүүлсэн хөрөнгө нь төд болно, өөрийн хөрөнгө нь ийм болно, актив нь тийм болно гэхчлэн. Гэвч хоёр банк нийлэхээр яг ямар тоо гарах вэ гэдэг төвшинд одоо ажиллаж байна. Энэ тоог бид Монголбанкинд өгөх ёстой юм. Дараа нь Монголбанк энэ тоо хэр аюултай, эсвэл хэр хангалттай тоо болохыг хэлэх ёстой. Нэг үгээр энэ банкны үйл ажиллагаа, чадамж нь хэр болохыг тогтоох юм.

-Чухам ямар аргаар тэр үзүүлэлтүүдийг хангах гэж?

-Манай өмчлөгч, эзэмшигч нар хоёр банкийг нийлүүлсний дараа банкны өөрийн хөрөнгө, дүрмийн санг нэмэгдүүлэх талаар шургуу ажиллаж байна. Ер нь Монголбанкнаас ч ийм чиглэл өгөх болов уу. Тэр шаардлагад бид бэлэн байгаа.

-Банк нийлэх явцад зээлийн байдал ямар байна вэ. Банкны зээлийн цаана янз бүрийн хуйвалдаан явдаг бололтой байдаг?

-Нэг их гоё ганган тоо харагдахгүй л байгаа. Одоо муу зээлээ төлүүлэх дээр л ажиллах ёстой. Хоёр банк нэгдэхээс өмнө хүмүүст зээлээ төлөхгүй байх сонирхол ажиглагдаж байсан. Хямрал гэдэг халхавч нүүрэндээ барьчихаад, эд яав л гэж гэсэн хүлээлттэй байсан. Одоо зээлдэгчид “Энэ хоёр банк нэгдчихлээ. Зээлээ төлөхгүй л бол болохгүй юм байна” гэдэг хандлагатай болж байна. Банкуудын тоо цөөрч, бас нийлж нэгдэж томорч байна. Зээлгүйгээр бизнес явахгүй, тэгэхээр өмнөх зээлээ төлчихөөд өмнөхөөсөө илүү нөхцөлөөр зээл авах боломжтой болох нь гэсэн хандлагатай болж байна. Ний нуугүй хэлэхэд хэд хэдэн банк дамжсан зээлтэй зээлдэгч нарт одоо айдас төрж эхэлж байгааг ажиглаж байна. Өөрөөр хэлбэл, тэлээ хурга шиг байхаа болино л гэсэн үг.

 -“Хадгаламж” банкны эзэмшигчийн асуудал уншигчдад сонирхолтой байна. Төрийн өмчийн банк байснаа хувьчлалаар орос эзэнтэй болсныг хүмүүс санаж байгаа. Харин үүнээс хойш юу болсон бэ. Оросууд дахиад худалдчихсан юм уу, одоо өмчлөгч нь хэн юм бэ гээд асуулт байна?

-Би энд энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд Гүйцэтгэх захирлаар томилогдож ирсэн.  Хувьчлалаар (2006 он)  “Чингис хаан” банк, ОХУ-ын “Братскый народный” банк, “MD секьюритс” гээд гурван газрын хамтарсан консорциум тендэрт ялсан байдаг. “Чингис хаан” банк орос эзэдтэй ч Монголд бүртгэлтэй банк. “Братский народный” банк бол ОХУ-ын банк. “MD секьюритс” нь Монголын компани, эд нийлээд консорциум болж хувьчлалд оролцсон. Улмаар “Хадгаламж” банкийг авсан. Харин 2008 оны төгсгөлөөр дээрх консорциумд багтаж байсан талууд “MD секьюритс” хэмээх Монголын компанидаа “Хадгаламж” банкийг бүрэн шилжүүлсэн байна. Тэгэхээр “MD секьюритс” гэдэг нь манай “Хадгаламж” банкны 100 хувийн өмчлөгч. Харин “MD секьюритс” компани нь “Жаст” групптэй менежментийн гэрээ хийсэн. Энэ банкийг тодорхой хугацаанд тодорхой болзолтойгоор үйл ажиллагааг нь явуулж, үр дүнд нь үе шаттайгаар өмчлөлийг шилжүүлэх гэрээтэй.

Ажил авснаасаа хойш би хоёр сар ажиллаад энэ оны долдугаар сарын 30-нд үйл ажиллагаагаа тайлагнасан. Энэ хугацаанд юутай ч банкны доголдолтой байсан бүх зүйлийг сэргээсэн. Есдүгээр сарын 30-ны байдлаар “Хадгаламж” банк Монголбанкнаас тавьдаг бүх шалгуур үзүүлэлтийг хангасан банк болсон.

-Менежментийн гэрээ хэдий хугацаанд үргэлжлэх юм бол?

-Гэрээ гурван жилийн хугацаатай. Одоо ингээд хоёр банк нэгдсэнээр байдал бас өөрчлөгдөнө шүү дээ. Дээрх менежментийн гэрээ бол зөвхөн “Хадгаламж” банкны тухайд юм. Энэ гэрээний ноён нуруу бол ойлгомжтой байна.

“Мөнгөний гарал үүсэл төдий л ач холбогдолгүй болов уу. Монголбанкинд амласнаараа дүрмийн санг нэмэгдүүлсэн”

-Сая болсон үйл явцыг тодруулья. “Хадгаламж” банкны эзэмшигч “MD секьюритс” компани “Монгол шуудан” банкийг худалдаж авсан хэрэг үү. Эсвэл “Жаст” групп худалдаж авав уу?

-“MD секьюритс” компани бол “Хадгаламж” банкны өмчлөгч. Харин сая  “Хадгаламж” банк “Монгол шуудан” банкийг худалдаж авсан.

-Та түрүүн “Эзэмшигчид банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлнэ” гэж хэлээд өнгөрсөн. Үүнийг тодруулбал. Юу гэхээр энэ бүхний цаана оросуудын мөнгө эргэлдэж байна гэсэн яриа гадуур сонсогддог.

-Тэгэхээр “MD секьюритс” компани өнгөрсөн хугацаанд буюу энэ оны долоогоос есдүгээр сарын хооронд “Хадгаламж” банкны дүрмийн санг 15 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Өмчлөгчид хаанаас яаж мөнгө олох нь бидний сонирхох, миний хариулах ёстой зүйл биш болов уу. Үүнийг Монголбанк шалгадаг. Зохих хууль, журмын дагуу хянаж шалгаад дүрмийн сангаа 15 сая ам.доллараар нэмэгдүүлж болно гэдгийг зөвшөөрсөн. Тэгэхээр энд мөнгөний гарал үүсэл нэг их ач холбогдолтой биш болов уу. Өмчлөгч нар Монголбанкинд амласан ёсоороо дүрмийн санг нэмэгдүүлж чадлаа. Энэ банкийг хэвийн ажиллуулах, цаашид удирдаж авч явах, үйл ажиллагаагаа өргөтгөхөд таатай нөхцөл бүрдүүлсэн нь л миний удирдаж байгаа гүйцэтгэх удирдлагын багт чухал юм.

-“Хадгаламж” банкны хувьд байдал дээрдэж байсан гэж ойлголоо. Одоо байдал хүнд байна гэж хэлснээс тань үзвэл “Монгол шуудан” банк л базаахгүй үзүүлэлттэй байжээ дээ?

-Ийм хямралтай үед банкууд нэг нэгээрээ яваад хүчрэхгүй байна гэж хэлээд байгаа биз дээ. Нэгдье, нийлье гэдэгт санал нэгдсэн нь л хамгийн чухал.

Бидэнд Монголбанктай ярьж тохирсон, амласан зүйл бий. Энэ хоёр банк нийлсний дараахь санхүүгийн дутаж байгаа үзүүлэлтүүдийг яаж хангах вэ гэдэгт маш нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хоёр банкийг цаад тал нь энэ ондоо багтааж нэг болгохоор төлөвлөж байгаа. Энэ хугацаанд тохируулж манай өмчлөгч нар дүрмийн сангаа нэмэгдүүлэх байх.

-Хоёр банк нэгдсэний дараа нэр өөрчлөгдөх үү?

-Нэр бол мэдээж өөрчлөгдөнө. Нэг нэртэй нэг хуулийн этгээд болно, нэг удирдлагатай болно. Тэгэхдээ аравдугаар сарын 1-нээс манай банк “Монгол шуудан” банкинд хүнээ томилоод ажиллуулж байна. Харин нэгдсэний дараа нэг удирдлагатай болох юм. Нэрний хувьд ярьж буй зүйл бий. Бас утга учиртай, бодлоготой зүйл байдаг юм байна. Энэ бол дараагийн шатны асуудал, гэхдээ бас цалгардуулж болохгүй. Нэгдсэн нэг нэр гарна.

-Хоёр банк нэгдэхээр нэг менежменттэй болно, зардлаа ч хэмнэх болох байх. Орон тоог хэр цомхотгох вэ?

-Хоёр банк ижил төрлийн ойролцоо үйл ажиллагаа явуулж ирсний хувьд бүтэц нь ойролцоо л байж таараа. Тэгэхээр давхардал яах аргагүй үүснэ. Иймд хэн илүү мэдлэгтэй, туршлагатай, чадалтай, чансаатай нь л ажилдаа үлдэнэ. Гэхдээ чөлөөлж буй хүмүүстээ ажлын байр санал болгох шаардлагатай. Тэр дагуу тэр ажилтан ажиллана, таалахгүй бол тэр хүн чөлөөтэй. Хоёр банк нийлээд 1800 гаруй ажилтантай болж байгаа юм.

Хөдөө орон нутаг, нийслэлд салбарууд ч давхардаж байгаа. Аль илүү ашигтай байршилтай, аль нь олон харилцагчтай байна, тэр бүхнийг харгалзаж байж нийлүүлэх хэрэг гарна. Эдийн засгийн утгаараа зардлаа багасгах ёстой. Нэгдэж, нийлж буйн цаад учир нь ч энэ. Үргүй зардлаа багасгана. Мэдээж хүн бол халагдана…

-Ганц асуулт. “MD секьюритс” компани банк, санхүүгийн зах зээлд хэр туршлагатай компани вэ?

-“Хадгаламж” банкийг хувьчилж авсан консорциумд багтаж байсан компани. Тухайн үед хувьчлалыг явуулсан эрх бүхий байгууллагууд өөрсдийн шалгуураар шалгасан биз. Тэгэхэд олон улсын тендер явуулж байсан шүү дээ.

З.БОРГИЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж