Монгол Улс олон ашиг сонирхлын уулзварт ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Монгол Улс олон ашиг сонирхлын уулзварт ирлээ

Хүн төрөлхтөний он тоолол ХХI зуунд шилжсэн ч бие биеийн газар нутаг, эд баялагт шунадаг хүй нэгдлийн үеийн араншингаа “тайлах” болоогүйгээр барахгүй арга нь улам нарийсчээ. Шинэ зуунд геополитикийн илүү орон зай эзэлж, дахин хуваарилалт хийх бодлого хүчээ авав. Улс орон бүр өөрөөсөө хүч давуу этгээдийн нөлөөнд өртүүзэй гэсэн болгоомжлол дор аж төрж, геополитикийн шинжлэх ухааны үүднээс тандалт судалгаа, дүн шинжилгээ хийж, эрсдэл, сорилт, аюул заналыг урьдчилан харж, даван туулахад бэлэн байж, түүнийг улс орны хөгжлийн нэгэн чухал зорилт болгон тооцох болсон байна.
Бидний 20 жилийн өмнө орхисон хүйтэн дайны үед дэлхий дахин капиталист, социалист гэсэн хоёр туйлд хуваагдаж хоорондоо улс төр, эдийн засаг, үзэл суртал, цэрэг, батлан хамгаалахын  хүчин чадлаараа өрсөлддөг байв. Харин өнөөдөр тэр туйл үгүй болсон ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, олон улсын терроризм, цөмийн зэвсэгтэй болох оролдлого, цөмийн эрчим хүчний аюулгүй байдал зэрэг шинэ аюул үүсчээ. Үүнийг дагаад сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн нөхцөл байдал  ч өөрчлөгджээ.
Нэг үе ертөнцийн мухар гэгдэж байсан Монгол Улс өнөөдөр газар зүйн байрлалаараа Ази тивийн геостратегийн чухал түшиц нутаг, их гүрнүүдийн геополитик, эдийн засаг, соёл иргэншлийн ашиг сонирхлын уулзвар, дэлхийн том шашнуудын нөлөөллийн зааг болжээ. Ялангуяа өөрийн хүчээр ашигт малтмалын ордуудаа эргэлтэд оруулж, улс орноо хөгжүүлэх аргагүйгээсээ болоод гадаадын хөрөнгө хүчтэй компаниудын өрсөлдөөний талбар болчихоод байгаа. Гадаад нөхцөл байдал ийм болж буй тул Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулан  Монгол Улсын Гадаад харилцааны яам Геополитикийн хүрээлэнтэй хамтран “Геополитикийн шинэ нөхцөл байдал: судлаачдын үзэл бодол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Асар их баялгаараа алс холын орнуудын “шүлсийг гоожуулж” буй Монголыг хөрш хоёр орон улам анхааран харах болжээ. Орчин үед улс орнуудын геополитикийн сонирхол цэрэг, стратегийн хүчээр бус худалдаа, эдийн засгийн харилцаа, ядуурлыг бууруулах, шинжлэх ухаан, технологийн мэдээлэл олж авах зэрэг хэлбэрээр илэрдэг болсныг судлаачид хэллээ. Гурав дахь хөршийн ойлголт ч улам тэлэх болжээ. Геополитикийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дарга, доктор Ж.Чойнхорын хошигнож хэлснээр гуравдагч хөршүүдтэй Монголын харилцаа гүнзгийрэх тутам “Хятадын хүзүү загатнаж, Оросын дэлүү ирвэгнэдэг” ажээ. Монгол-Америкийн цэргийн харилцаа сайжирсан нь ийнхүү хоёр хөршийг биеэ тэмтэрч үзэхэд хүргэх болсон аж. Сүүлийн үед Оросын судлаач А.Дугины “Оросын геополитик” гэдэг бүтээл хойд хөршийнхний ширээний ном, сурах бичиг болжээ.

Түүнд дурдсанаар Монгол, Хятадын Төвд, Шинжаан, Манжуурыг Орос өөрийн аюулгүйн бүс хэмээн үзэх болсон байна. Эдгээр дурдсан газруудыг Орос хатуу хяналтдаа байлган бамбай хийж геополитикоо хөгжүүлэх сонирхолтой ажээ. ОХУ-ын Азийн хэсгийг тэдэнтэй хамруулж “Heartland”-ын бодлого гэдгийг барьдаг болжээ. Номд дурдсанаар үүндээ Энэтхэг, Япон зэрэг Оросын геополитикийн түншүүд, Бээжингийн бодлогын эсрэг бодолтой хятад иргэдийг ашиглах төлөвлөгөөтэй. Үүний цаана Оросын ЕвроАзийн эзэнт улс болох бодлого нуугдаж буй.  Оросын хэвлэлүүдэд албан бусаар ч гэсэн Монголыг дахин холбоотноо болгох, эс бол Монголын эсрэг хориг арга хэмжээ авах тухай үгс тааралдах нь олширчээ. Ялангуяа Монголын ураны орд, Тавантолгойг ашиглахтай холбогдуулж Төрийн Думын гишүүдийн амнаас хүртэл тийм үг унадаг болсон аж.

Сүүлийн үед неогеополитик буюу Орон зайн бодлогыг хүчирхэг улс гүрнүүд баримтлах болсон тул жижиг улс орнууд үндэсний хэл, соёл урлаг, спорт, төрт ёсны түүхэн уламжлал, үндэсний зан заншил, аж төрөх ёс, үндэсний хоол, хувцас, орон сууц, оюун санааны үзэл баримтлалаа хадгалж, түүгээрээ өөрийгөө хамгаалж үлдэх цаг ирсэн байна. Эдгээрийг багтаасан  үндэстний адилсал, оюун санааны тулгуур байсан цагт улс үндэстний аюулгүй байдал тогтож, бусдад эзлэгдэхгүй гэсэн орчин үеийн номлол эндээс гарч ирж байгааг илтгэгчид хэллээ.  

Орчин үед хүн төрөлхтөний соёл иргэншлийн төв дорно зүг рүү шилжих хандлагатай болжээ. Соёл иргэшлийн нөлөө ихтэй Европ, Хойд Америктай зэрэгцэн Хятад, Энэтхэг, Лалын ертөнцийн соёл иргэншил хүч түрэн нөлөөгөө тэлж байна. Үүний үр дүнд ХХI зууны дунд үе гэхэд хүн төрөлхтөн соёл иргэшлийн цоо шинэ орчинд амьдарч мэдэхээр болжээ. Эх дэлхийгээ хайрладаггүй, мөнгө, эдийн засгийг шүтдэг барууны соёл иргэншил шахагдаж, Хятад, Исламын соёл иргэшил хоорондоо нягтрах төлөв үүсчээ. Майя зэрэг эртний соёл уламжлалын нөлөө бүхий Өмнөд Америкийн соёл иргэншил эргэж сэргэх хандлагатай илэрч байна. Европын орнуудын нэгдэж нягтрах үйл явц эрчимжиж АНУ-ын нөлөөллөөс гарч байна. Хятад дотоод дахь зөрчлөө намжааж улмаар Хойд, Өмнөд Солонгос, Японтой түншлэх зарчим барих болжээ. Төрт ёсны уламжлал, ахуй, түүх соёлын төстэй тал тэдний нэгдэх сэжим юм. Солонгосын хойгийн нэгдлийн асуудлыг гартаа атгасан улс нь Хятад болж, Энэтхэгтэй нягт харилцаа тогтоон “ХХI зуунд хамтдаа” гэсэн гэрээ байгуулжээ.

Ингэж Монголын  өмнөхөн талд 2,5 тэрбум хүнтэй геополитикийн шинэ орчин бий болох хандлага үүсчээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дорно зүгт геополитикийн бүсийн тэнцвэр барихад үйл ажиллагаагаа чиглүүлжээ. Нефтийн их нөөц, далай тэнгисүүдийн уулзвар дээр орших лалын ертөнцөөс хүн төрөлхтөний ирээдүй шалтгаална гэсэн хандлага бий болоод байна. Лалын ертөнцөд хамсаатан хэрэгтэй. Оросыг олон жил хүлээсэн ч санаанд нь хүрээгүй тул одоо Хятадтай нягт холбоо үүсгэж болзошгүй гэнэ.

АНУ-ын хувьд стратегийн зорилгоор Монголтой ойрын түнш болж Монгол Улс-Япон-БНСУ-Австрали-Канад гэсэн стратегийн орон зайг үүсгэж мэднэ гэсэн ажиглалт  байгаа юм байна.

Сүүлийн үед Монгол Улс ашигт малтмалын асар их баялгаараа дэлхийн том гүрнүүдийн геостратегийн бодлогын хүрээнд орох магадлалтай болов.   Ийнхүү дэлхийн геополитикийн байдал шинэчлэгдэх явцад Монгол Улс олон ашиг сонирхлын уулзварт орж ирлээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж