Намууд “дүүжлүүр”-ийн тавцанд

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Намууд “дүүжлүүр”-ийн тавцанд

“Сант марал” судалгааны төв ээлжит оношлогоогоо хийжээ. Энэ оношоор бол өнөөгийн улс төрийн хүчнүүд, эрх баригчдын тархи “тураалд” орсныг нотлов. Утга, учиргүй эрүүл бус шийдвэр, эс үйлдэл нь тэнэглэлээр илэрч, цаашид даамжирах төлөвтэй болсонд иргэдийн олонх нь бухимдалтай явна. Ер нь тэднийг эрүүлжинэ гэдэгт итгэх итгэл алдарч, цаашид эмчилгээгүй өвчтөн гэдэгт иргэд итгэжээ. Нийгэмд улс төрийн нам болон улстөчдөд үл итгэх үзэл газар авснаар дэмжигчдийн тоо шалдаа бууж. Намууд зөв замаар замнаж буй эсэхийг асуухад “буруу замаар” гэж олонх дүгнэжээ. Тэгвэл судалгаанд оролцогсдын 48,9 хувь нь Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур, ердөө 10,2-хон хувь нь сэтгэлд нийцдэг хэмээж. Харин 47,3 хувь нь сөрөг хүчний үйлдэлд гонсгор явна. Бас л 10,3-хан хувь нь тааламжтай хэмээн хариулсан нь намуудын ирээдүй хэцүүхэн болж буйг батална. Ер нь төрд гарсан удирдлагууд нийгмийн тулгамдсан асуудлыг байнга шийдэж чадаагүй ирсэн гэж хөдөөгийнхний 55 хувь нь үзсэн бол нийслэлчүүдийн 68,8 хувь нь асуудлыг шийддэггүй гэж үзэх жишээний. Ер нь нийгмийн тулгамдсан асуудлыг аль ч нам нь шийдэж чадахгүй гэж судалгаанд оролцогсдын 42,7 хувь нь үзэж байна. Өөрөөр хэлбэл, үл итгэгчид урьд урьдын судалгаанаас илүүтэйгээр олширч, эзлэх хувь жин дарсан гэсэн үг.  

Өнгөрсөн намар хийсэн судалгаагаар нийгэм дэх үл итгэгчид 34 хувьтай гарсан талаар мэдээлж байлаа. Тухайн үед энэ төрлийн үзэл бодолтнууд олширсоор байвал нийгэмд асар их аюултай талаар “Сант марал” төвийн тэргүүн Л.Сумати анхааруулаад авсан. Гэтэл зургаан сарын хугацаанд тэдний тоо бараг 10 хувиар нэмэгджээ.

Үл итгэгчид нийгмийн тал шахуу хувийг эзлээд байгаа нь хэт туйлширсан үзэлтнүүд улам бүр нэмэгдэх аюултай гэж судлаачид үздэг. Тэр нь юу гэхээр хэт туйлширсан улс төрийн хүчний дэмжигчид олширно гэсэн үг. Энэ нь ч аль хэзээний манайд илрээд удаж буй.

Өнөөдөр төв талбайд жагсаал хийгчид, зарим хөдөлгөөнийхөн, тэднийг дэмжигчид дотор “Олигархуудын өмчийг хурааж, шинээр дахин хуваарил”, эсвэл “МАН-ыг татан буулгаж, өмчийг нь хураа” гэж хашгирах, уриа лоозон тэргүүтэн энгийн жишээ болсон. Мөнөөх туйлширсан үзлийн хөрс хэзээний бүрэлдээд эхэлснийг энэ харуулаад байна гэсэн үг. 

Өнгөрсөн зууныг түгшээсэн фашист маягийн дэглэм рүү халтирч унах аюул Монголд ойрхон иржээ. Иргэд төрдөө итгэх итгэл алдарснаас гадна тэднийг зайлуулахын тулд өөр ямар ч хамаагүй дарангуйлагчийг дэмжихэд ойрхон байна. Энэ үед ямар хүчин ноёрхож, дэмжигдэх боломжтой вэ гэхээр хэт зүүний үзэл баримтлалтай нөхдүүд. Бүр тодорхой хэлбэл зүүний радикал намууд төрийн эрхийг авах боломж, нөхцөл бүрэлддэг аж. Ийм намуудыг байгуулах тухай зарим нөхдүүд ч бураад эхэлсэн.

Аль нэг намыг дэмжиж байгаад больсон, эсвэл үл итгэгчид өөр өөрсдийн нэгдлийг ч бий болгосоор байгаа нь нууц биш. Хэдийгээр үзэл бодлоо илэрхийлэх, үзэл бодлоороо нэгдэх нь ардчилсан нийгэмд энгийн үзэгдэл ч гэлээ энэ хэвээрээ аюулын харангыг сонсолгүй өнгөрч боломгүй. Энэ төрлийн үл итгэгчдийг улам бүр нэмсээр байвал түүний хохирлыг улс, үндэстнээрээ амсах аюултай.

Тэгээд энэ үзэл олширсон ахуйд хэн буруутай вэ?!

Хариулт нь аливаад дан ганц нам, бүлгийн эрх ашгийн үүднээс хандаж, зөвхөн “би” гэх аминч үзлээр бүхнийг хуваарилж, шамшигдуулж ирсэн улс төрийн намууд л үүнд буруутай. Намууд ч гэж дээ, МАН, Ардчилсан нам хоёр. Хэрэвзээ сонгуулиас сонгуулийн хооронд иргэдийнхээ амжиргааг бодоод, ил тодоор хуваарилалт явуулж, нийтийн эрх ашигт нийцсэн алхам хийсээр ирсэн бол үл итгэгчдийн хувь нийгэмд ингэж өсөхгүй. Намуудад, төр засагт итгэх илтгэл ч шавхайтай хутгалдахаар доошоо орохгүй. Тиймээс энэ үзүүлэлтийг бууруулахын тулд тэд нь голлох ажлыг хийж, фронтын тэргүүн эгнээнд давших ёстой. Гэтэл бас л энэ тухай тэдэнд бодож боловсруулах төлөвлөгөө байтугай төсөөлөл алга.  
Харамсалтай юм шүү. Үүнийг бодох сөхөө нөхдүүдэд бий гэж хэлэхэд ч бэрх. Ер нь төрд гараад дандаа хувийн эрх ашгаар аливаад хандаж, сонгуулиар ядарсан иргэдийн саналыг мөнгөөр зодоод авчихдаг утгагүй тогтоцыг одоо ч эрхэм түшээд толгойдоо томъёо шиг цээжилсээр яваа. Үүний тод илрэл нь иргэдийг банкны үүд сахихаас өөр “ажилгүй” болгосон 21 мянган төгрөг бэлээхэн байж байна. Иймэрхүү ядуу сэтгэлгээгээр хандаад байвал нийгэмд улам бүр цөөнх болж буй намууд өөрсдийнхөө хүзүүнд олс углахаас өөрцгүй. Учир нь тэднийг хамгаалдаг дэмжигчид нь өдрөөс өдөрт цөөрч, тэр хирээр үл итгэгчид болон үгээгүй хоосорч, өдрийн талх, үмх махаа олох гэсэн олноор эгнээгээ нэмж төрийн эргэлт хийхээс ч буцахгүй иргэд олширно. Өнөөдөр ч тэр эгнээ рүү дундаж давхаргынхан хөл халтирч байна. Эцэстээ иргэдийнхээ төлөө юу ч хийдэггүй, харийнхнаас ч их зовоодог төрийг нүд аниулж, тэвчээрийн багшаасаа салах гээд гашуудал, цөхөрлөөр асуудал өндөрлөх вий. Цаашид оршин тогтнохын тулд хувийн сонирхлоо хойш тавиад, хөсөр хаясан нийтийн эрх ашгийн төлөө ажиллах л хүзүүндээ зүүсэн олсноос толгой бүтэн мултрах цорын ганц зам.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж