Тагнуулын байр дуудлага худалдаагаар зарагдсангүй

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Тагнуулын байр дуудлага худалдаагаар зарагдсангүй

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 439 дүгээр тогтоолоор “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ.

“Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн 6 дахь удаагийн нээлттэй дуудлагын худалдаа өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болжээ. Дуудлагын худалдаанд хоёр оролцогч материал ирүүлснээс нэг оролцогчийн материалын бүрдүүлбэр дутуу, мөн тухайн оролцогч өөрийн биеэр ирээгүй бөгөөд дуудлагын худалдаанд нэг оролцогч, 3 ажиглагч оролцсон байна.

Өөрөөр хэлбэл, нэг оролцогч ирсэн тул дуудлагын худалдааг явагдаагүйд тооцож, дуудлагын худалдааг хуулийн дагуу дахин зарлахаар шийдвэрлэжээ. Иймд Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу дуудлагын худалдааг өдөр тутмын сонин, хэвлэлээр зарласнаас хойш 14 хоногийн дараа нээлттэй дуудлагын худалдаа болох юм байна.

Дашрамд дурдахад “Тагнуулын ерөнхий газрын  төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн анхны үнэ 13,5 тэрбум төгрөг байсан бөгөөд 3 дахь дуудлагын худалдааны үеэр доод үнийг 10,8 тэрбум төгрөг болгон бууруулсан ажээ.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж