ГХЯ дэргэдээ сургуультай болохыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

ГХЯ дэргэдээ сургуультай болохыг хүслээ

Ажилтны орон тоо хорин жилд нэмэгдсэнгүй

Гадаад харилцааны яам ажлаа дийлж хүчрэхээ больсон талаараа өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд мэдэгдлээ. Учир нь Монгол Улсын Их Хурлын соёрхон баталсан, Монгол Улс нэгдэн орсон Олон улсын байгууллагын монголын талын оролцоо ба Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдлын талаар Г.Занданшатарын мэдээллийг сонсох үеэр ийм нөхцөлд ороод байгаагаа илэрхийллээ.
Тус яамны ажилтны орон тоо 1990 оны үеийнхтэйгээ адил хэмжээнд байгаа бөгөөд гадаад харилцаа хөгжчихсөн, өргөн хүрээнд ажиллах шаардлага байсаар байтал хүн хүчний боломж хязгаарлагдмал байгаа нь ийм нөхцөлд хүргэжээ. Монгол Улс нь 111 конвенци, олон талт гэрээнд нэгдэн орсон бөгөөд энэ бүх гэрээний хэрэгжилтийг ганц яам хариуцан гаргах боломж одоогийн бүтэцтэй үед боломжгүй тул сайдын мэдээлэл энэ удаад тааруухан дүн авлаа. Гэвч энэ байдлыг өөрчлөх, гадаад харилцааны яамны чадамжийг дээшлүүлэх шаардлагатай байгаа гэдэгт гишүүдийн санал нэгдэв.
Тус яамыг хэрхэн чадваржуулах талаар санал солилцох үеэр “Жижиг орны хувьд улс орон гадаад харилцаанаас ихээхэн хамааралтай” гэх үндэслэлээр ГХЯ-ны сайдыг Тэргүүн шадар сайдын эрх мэдэлтэй болгох бодлого өмнө нь дэмжлэг аваагүй тухай гомдол ч дахин сөхөгдөв. Гэвч энэ саналыг одоогоор шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хүн хүч нэмэгдүүлэх, цалин урамшууллыг дээшлүүлэх, яамны дэргэд боловсон хүчнээ бэлтгэх бааз суурь бий болгох боломжууд дээр илүү төвлөрч санал солилцсон байна.  
Үүний хүрээнд, Батлан хамгаалахын яамны дэргэд Батлан хамгаалахын их сургуультай байгаагийн адил Олон улсын харилцааны сургуулийг ГХЯ-нд харъяалуулах боломжийг судлаж, тогтоолын төсөлд оруулахыг Сайд Г.Занданшатар хүсэв. Түүнчлэн өмнө нь тус сургууль яамны харъяанд байхад хүний нөөцийн нэгдсэн бодлого явуулах боломжоор хангах тогтолцоо байсан гэнэ. Хэдий тус яамны ажилтнуудын хэлний мэдлэг, боловсрол илүү өндөр түвшинд хүрсэн ч  боловсон хүчний, орон тооны талаар анхаарахгүй бол гадаад харилцаанд алдаа дутагдал гарч болзошгүйд ийнхүү болгоомжилж хүч сэлбэх боломжийг хууль тогтоогчдод санал болголоо.

Сан франциско, Хонгконг, Осакад консулын газартай болохыг дэмжив

Жил бүр 1.14 тэрбум төгрөгийн зардал гаргах нэгэн төсөл тус байнгын хорооноос дэмжлэг авлаа. Учир нь АНУ-ын Сан-Францискод, БНХАУ-ын онцгой бүс Гонконгд, Японы Осака хотод Монгол Улсын консулын газруудыг шинээр нээх тухай төсөл уг хуралдаанд орж ирсэн аж. Дээрх хөрөнгийн эх үүсвэрийн төсвийг 2011 оны төсөвт суулгасан бөгөөд  Сан-Францискод байгуулах консулын газрын жилийн зардал 415 сая төгрөг,  Гонконг 333 сая, Осака хотын консулын газрын зардалд 383 сая төгрөгийг тус тус зарцуулах аж. Гэсэн хэдий ч эдгээр зардлын 40 хувийг консулын үйл ажиллагаа явуулсны хөлсөнд нөхөн олох боломжтой гэж тооцжээ.
Төсөвт нэмж ачаа үүрүүлэх тухай асуудал хэлэлцсэн тул зардлыг бууруулах боломжийг ч мөн судалж үзэхийг О.Чулуунбат нарын гишүүд анхааруулж “Монголын иргэд бараг очдоггүй улсын төлөөлөгчийн газрыг хаах боломж байдаг юм уу” гэж асуув.

Энэ талаар сайд Г.Занданшатар “Жишээ нь, Лаос, Болгар улсууд бол манай иргэд бага зорчдог орны тоонд ордог. Гэтэл энд байгаа төлөөлөгчийн газрыг татан буулгах нь тийм ч оновчтой арга биш. Нэг жилийн зардал нь нэг жип машины ч үнэд хүрэхгүй, тэгээд ч тухайн орноос манайд ажиллаж буй төлөөлөгчийн түрээсийг тооцвол бараг ялгаа байхгүй” гэх няцаалтыг өгснөөр дахин ийм санал гарч ирсэнгүй. Ийнхүү хуралдаанаар хэлэлцээд гурван консулын газрыг шинээр нээх саналыг 100 хувь дэмжиж баталсан байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж