ИТАР-ТАСС/ Артем Геодакян
АНУ, Европын холбооноос Украины хэрэг явдлын улмаас ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нь Азийн орнуудын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх талтай гэсэн үнэлгээг Америкийн “Foreign Affairs” сэтгүүл өгчээ.
Сэтгүүлд "Сүүлийн хоригийг зарласны дараа Америкийн дипломатууд Хятад, Япон, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнуудыг зорьж, хориг арга хэмжээндээ дэмжлэг авахаар ярилцаж байна. Гэтэл Австрали, Өмнөд Солонгос зэргийн түншүүдийнх нь оролцсон Ази, Номхон далайн бүсийн ихэнх орны Засгийн газар хатуу арга хэмжээ авахын эсрэг байна. Украин тэдний хувьд Оросоос илүү гарах хэмжээний түнш нь биш юм” гэдгийг онцолжээ.
"Азийн орнуудын Засгийн газар АНУ-ын хоригт нэгдээгүй байгаа ч энэ арга хэмжээ банк санхүү, эрчим хүчний салбарынханд сөргөөр нөлөөлж байна.Эрчим хүчний төхөөрөмж үйлдвэрлэгчид, үйлдвэрлэл үйлчилгээний компаниуд Оростой хамтран ажиллахаас аргагүйн эрхэнд татгалзах болж байгаа нь бүс нутгийн өргөн хэмжээний интеграцтай эдийн засагт том цохилт болно” хэмээн тус сэтгүүлд бичсэн байна.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар энэ үйл явцаас хамгийн их хохиролтой үлдэх нь Японы эдийн засгийн байдал гэнэ. Япон улс шахмал хийн хэрэглээнийхээ 10 хувийг, нүүрс, нефтийн нилээдгүй хэсгийг Оросоос авч байгаа билээ. Харин америкчууд Орос, Хятадын хоорондын харилцаанд тээг болохоороролдож байгаа нь эргээд АНУ-ын гадаад бодлогын Афганистан, Иран, БНАСАУ, Сири рүү хандсан зорилтыг унагаах эрсдэлтэйг сэтгүүл тэмдэглэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР