Сонгуулийн хуулийг ажлын хэсэг дээр хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг ажлын хэсэг дээр хэлэлцэнэ

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч байнгын хорооны гишүүд хуулийн төслийг хэлэлцэлгүй хойшлууллаа.
Харин Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын явц хэрхэн явж байгаа талаар ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг өмнөх хуралдаанаас хойш нийт хоёр удаа хуралдаж, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн сонгуулийн тухай хуулийн хоёр төслийг хооронд нь нэгтгэх асуудлаар санал хурааж дуусчээ. Одоогоор ажлын хэсэг зарим нэг улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага болон иргэдээс ирсэн саналыг нэгтгэн жагсаалт гаргах ажил хийж байгаа. Эдгээр жагсаалтад иргэд болон иргэний нийгмийн байгууллага, улс төрийн зарим нэг намаас хэр оновчтой санал гаргасан, тэдгээр  саналыг сонгуулийн хуульд тусгах боломжтой эсэх талаар санал хураахаар төлөвлөжээ. Өнгөрөгч даваа гаригт Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдах ёстой байсан боловч ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд орон нутагт ажилтай байсан учир хурлыг хойшлуулахад хүрчээ.
Харин өчигдөр Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг баруун аймагт намын ажлаар явсан тул баасан гариг хүртэл ажлын хэсгийн хурлыг хойшлуулсан байна. Тиймээс ирэх баасан гаригт ажлын хэсэг хуралдаж төрийн байгуулалтын байнгын хороонд хэлэлцүүлэх асуудлаа нэг мөр шийдвэрлэх гэнэ. Эхний удаад байнгын хороогоор хэлэлцэх 30 санал 80 зүйл заалт байх аж.  

Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг буцаав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудал. Улсын ерөнхий прокурорын газрын дарга асан М.Алтанхуягийг нэр дэвшүүлэх тухай МАН-ын бүлгийн саналыг Ардчилсан намын бүлэг эсэргүүцэн завсарлага авснаас хойш хэдэн сарын дараа, хоёр дахь удаагаа энэ асуудал орж ирэв. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлагаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Тэд өмнөх удаагийн хуралдаан дээр “Ажилдаа алдаа гаргаад огцорсон хүнийг дахин өөр албан тушаалд тавих нь таарахгүй” гэж үзээд завсарлага авсан билээ. Энэ удаа ч мөн намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа хүнийхээ асуудлыг эргэж УИХ-ын даргатай ярьж байж оруулж ирэх шаардлагатай” гэж мэдэгдсэн. Харин Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Танай намын бүлэг энэ асуудал дээр хагас жил завсарлага авлаа. Завсарлагаа дуусгаж болдоггүй юм уу” гэж ундууцсан ч Ардчилсан намын бүлгээс тавьсан саналын дагуу М.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн асуудлыг дахин УИХ-ын даргатай зөвшилцөхөөо болсон.

Алслагдсан болон говийн бүсийн тогтоолын төслийг дэмжлээ

Алслагдсан болон говийн бүсэд хамрагдах сумдыг тоолох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэх тухай асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Уг хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 30 гишүүн хамтран санаачилсан бөгөөд нэмэгдэл, тэтгэмж олгох алслагдсан болон говийн бүс нутгийг УИХ тогтоохоор хуулийн төсөлд тусгасны дагуу ажил үргэлжилж байгаа юм. Хуралдааны үеэр гишүүд “Нийслэлээс хол бол алслагдсан бүс нутаг гэх үү. Нэмэгдлийг таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж заасан нь оновчгүй” гэж шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “алслагдсан бүс нутагт амьдарч байгаа хүн, сум бүрт улсын төсвөөс татаас өгөх нь буруу. Энэ нь эцэстээ тухайн газар оршин сууж байгаа иргэдийг ядуу дорой гэсэн сөрөг хандлагатай болгоно. Нийслэлээс алс газар сайхан амьдарч байгаа хүмүүс олон бий” гэлээ.

Мөн бүсийн нэмэгдэл шаардлагагүй, онцгой байдлын нэмэгдлийг олгосоор байгаа шүү дээ гэдгийг ч гишүүд сануулсан юм. Харин хууль санаачлагчид алслагдсан болон говийн бүс нутгийг тогтоохдоо бүс нутгийг нийслэлээс алслагдсан байдал, хүн амын тоо, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан тогтооно. Алслагдсан бүс нутагт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн алслагдсан 92 сумдыг, говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд бусад аймаг сумдаас хөгжил буурай, байгаль цаг уурын хувьд онцлог, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн 87 сумдыг оруулахаар тооцжээ. Эцэст нь УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж