Ханш уналт урт хугацааных байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Ханш уналт урт хугацааных байж чадах уу?

Өнгөрсөн жилийн зунаас эхэлж тасралтгүй өсч байсан долларын ханш сүүлийн өдрүүдэд харьцангуй буураад байна. Долоохон хоногийн өмнө 1905 төгрөгт хүрч байсан долларын ханш даваа гаригаас уруудаж, өнөөдрийн байдлаар 1857 төгрөгт хүрлээ. Гэхдээ энэ нь бидний хүлээж байсан  үр дүн биш.  Яагаад гэвэл долларын ханш богино хугацаанд буурах, өсөх нь байдаг үзэгдэл. Тэгэхээр гадаад валютын ханшийн уналт урт хугацаандаа үргэлжилж чадвал  эдийн засагт багагүй үр дүн авчрах юм. Долоо хоногийн дотор 40 төгрөгөөр унасан  хэдий ч  эргээд өсөхгүй гэсэн баталгаагүй юм. 

 

Цөөхөн төрлийн бүтээгдэхүүнээс бусдыг дандаа импортоор хангадаг Монгол Улсын хувьд долларын ханш өсөлт инфляцийн аюул дагуулах болсон. Долларын ханш өсөх болсон гол шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт.  Нэг жилийн өмнөхөөс далан хувийн, гурван жилийн өмнөхөөс долоо дахин багасаад байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаас болж төгрөгийн уналт үргэлжилсээр байгаа. Үндэсний статистикийн газрын долдугаар сарын тайланд төгрөгийн ханш 25 хувиар суларсан мэдээ бий. Нөгөө талаар төсвийн гуравны нэг, эрдэс баялагийн экспортын 40 хувийг дангаараа хангаж байсан нүүрсний үнэ багагүй унасан. Гурван жилийн өмнө 90 доллараар зарж байсан коксжих нүүрс өнөөдөр 35 доллар ч хүрч чадахгүй болсон нь долларын ханшийг өсгөх шалтгаан болчихоод байгаа билээ.  Түүнчлэн долларын ханшийг зохиомол өсгөөд байна уу гэсэн хардлага ч байгаа. 

Долларын ханшийг өсөхөд дээрх асуудлууд багагүй нөлөөлсөн бол харин уруудахад хүргэсэн шалтгаан нь юу вэ?

Эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар долларын ханшийн уналтын шалтгааныг одоогоор тодорхойлох боломжгүй гэнэ. Гэхдээ долларын ханшийг бага зэрэг буурахад гадаад худалдааны алдагдал болон  гадаад валютын урсгалд эерэг үр дүн харагдах болсон нь эерэгээр нөлөөлсөн байж болзошгүй аж.

Хэрэв УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталж, 40 хувийг нь 70 болгож өсгөвөл ам.долларын ханш 200-250 төгрөгөөр унана гэсэн тооцоо байгаа гэнэ. Энэ тохиолдолд эдийн засгийн халуурлыг ч буруулах боломжтой болох юм. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах, хэрэвзээ ирэх есдүгээр сард Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал шийдэгдвэл долларын ханш урт хугацаандаа буурах хандлага ажиглагдаж байна.

Мөн боомтын төмөр зам, экспортын төмөр замын царигийн асуудлыг нааштайгаар шийдвэл долларын ханш буурах магадлал нэмэгдэнэ. Дээрээс нь энэ онд “Эрдэнэс Тавантолгой” Чалкогийн өрийг төлж чадах юм бол эдийн засагт өөдрөг төсөөлөл харагдаж буй. Хамгийн гол нь энэ бүхнийг хэрэгжүүлэх Засгийн газрыг  ажлаа мөрөөрөө хийх боломжоор хангачихвал бидний хүсч байсан өөдрөг үр дүн бий болно.

Б.ХҮСЛЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж