Жилд 320 хүн автын ослоор амиа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Жилд 320 хүн автын ослоор амиа алдаж байна

Нийслэлийн гудамжаар өнгөрсөн жил 150 мянга гаруй машин хөдөлгөөнд оролцдог байсан бол энэ жил энэ тоо 200 гаруй мянга болон нэмэгдсэн байна. Тэгэхээр бид өдөр бүр 200 мянган жижиг, том машинаар зорчиж, зөрж өнгөрдөг байх нь. Өглөө орой мэдээ үзэж суух бүртээ зам тээврийн осол энд, тэнд гарсан гэсэн мэдээллийг та бид өдөр бүр шахам авч байна. Тиймээс зам тээврийн ослын шалтгааны бурууг хэн нэгнээс хайх гэсэнгүй бодит байдлыг мэдээлэхийг хичээлээ.

1990-ээд оны үед зам түгжирнэ гэдгийг мэддэг хүн байгаагүй гэж хөгшчүүл хуучилдаг. Монгол Улсад осол гэмтлээр  нас барсан хүмүүсийн тоо 1990 онд 792 байсан аж. Харин 2008 онд энэ тоо тав дахин буюу 3500 болон өсчээ. Улсын хэмжээнд 2008 оны үзүүлэлтээр нас барагсдын 18,9 хувь нь зам тээврийн ослоор нас барсан байдаг аж. Харин өнөөдөр осол гэмтлээр нас барж буй хүмүүсийн 40 хувийг зам тээврийн ослоор нас барсан хүмүүс эзэлж байна. 

Мөн зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 80 орчим хувь нь 0-14 насны хүүхдүүд байна. Зам тээврийн ослын шалтгаан хүмүүсийн анхаарал болгоомжгүй байдлаас үүссэн байдаг. Гарцгүй газраар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй зам гаргах гэх мэт олон шалтгаан байдаг. Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар гарч байгаа зам тээврийн ослууд болзошгүй ослын дараах аюулгүй байдлыг хангаагүйгээс буюу хамгаалах бүс, хамгаалах малгай өмсөөгүйгээс иргэд бэртэж, гэмтэж амь насаараа хохирч байгаа гэсэн байна.  Ялангуяа орон нутгийн замд хамгаалах малгай, бүс хэрэглээгүйгээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд их хохирох явдал хамгийн ихээр гардаг гэж судалгаанд онцолжээ. 

Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо 2000 онтой харьцуулахад хоёр дахин ихэссэн. Уг нь автомашины тоо ихсэх бүр үүнийгээ дагаад зам нь хөгждөг баймаар.  Гэтэл нийслэлд тийм биш. Зөвхөн  дулааны улиралд хуучин замаа засварлан, эргүүлж тойруулж нөхөөс хийдэг. Жил бүр зам засах нэрээр улс, нийслэлийн хөрөнгөөс хэдэн тэрбум төгрөг төсөвлөдөг ч авто замын сүлжээ нийслэлд хөгжихгүй байгаа нь нийслэлчүүдийн нүдэн дээр ил.  Жил бүр засах нэрээр зам хааж, иргэдэд багагүй хүндрэл учруулдаг ч хүндрэл учруулсаныхаа хэрээр зам хөгжсөнгүй.  Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины дийлэнх нь нийслэлд байдаг. Тиймээс нийслэлд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нь түгжрэл, түгжрэлээс үүссэн хөдөлгөөний саатал. Дээр нь жолооч нар согтууруулах ундаа хэрэглэнэ, ганцхан сарын курст суусан дүр исгээд автомашинаар хурдлах дүрсгүйчүүд авто ослын гол шалтгаан болдог гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

2010 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хохирсон хүмүүсийн 44,6 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байна. Хохирогчдын 50,5  хувь нь  урд суудалд, 39,2 хувь арын суудалд, 10,3 хувь нь дунд буюу бусад суудалд сууж явсан гэж бүртгэгджээ. Харин мотоциклтой холбоотой зам тээврийн осол өнгөрсөн онд 153 гарсан ба осолд өртсөн иргэд хамгаалах малгайг хэрэглээгүй явсан байна.  Мөн 2010 онд Нийслэлд хамгаалах бүсний хэрэглээний талаар судалгаа хийхэд хоёр жолооч тутмын нэг, тээврийн хэрэгслийн урд талд сууж яваа 10 хүний ес нь хамгаалах бүс хэрэглэдэггүй гэж хариулжээ. Монголчууд аливаа зүйлийг мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй хайнга зантай. Харин бидний энэ хайнга зан хэн нэгний амь насыг хэдхэн секундын дотор үгүйрүүлж байгааг ойлгохгүй нь харамсалтай. Дан ганц жолооч нар бус, зорчигчдын анхаарал болгоомжгүй байдал ч бас ослын шалтгаан болдог гэсэн үг.

Нийслэлийн гурван хүн тутмын нэг нь зам, гудамжинд авто осолд ордог, харин таван хүн тутмын нэг нь гэр орон, сургуулийн орчимд осолд өртсөн байдаг аж. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүдийн 80 хувийг 0-14 насны буюу сургуулийн бага ангийн хүүхдүүд. Энэ нь эцэг эхчүүд бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсных. Мөн бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн байдлыг авч үзэхэд ажлын таван хоног буюу Даваагаас Баасан гаригийн хооронд илүү өндөр байна.
Эцэст нь асуухад замынхаа асуудлыг дэд бүтцээр нь шинэчлэх үү, эсвэл автомашиныхаа тоог багасгах уу. Ямар нэг юм хийхгүй бол цаг бусаар алдах хүнийхээ тоог өдөр өдрөөр нэмсээр байгааг холбогдох хүмүүс нь анхаарахад илүүдэхгүй биз.

Статистик

  • 2008 онд Улсын хэмжээнд 9129 зам тээврийн осол гарсны 7065  нь нийслэлд гарсан байна. 2010 онд Улсын хэмжээнд 8809 зам тээврийн осол бүртгэгдсэн 6879 нь нийслэлд гарсан байна.
  • Сүүлийн таван жилд 3542 зам тээврийн осол гарч, 3588 хүүхэд бэртэж 68 хүүхэд нас барсан байна. Үүнийг оноор нь авч үзвэл:
  • 2005 онд зам тээврийн ослын улмаас 541 хүүхэд гэмтэж, 16 хүүхэд нас барсан.
  • 2006 онд 798 хүүхэд гэмтэж, 16 хүүхэд нас барсан.
  • 2007 онд 720 хүүхэд гэмтэж, есөн хүүхэд нас барсан.
  • 2008 онд 548 хүүхэд гэмтэж, 10 хүүхэд нас барсан.
  • 2009 онд 484 хүүхэд гэмтэж, найман хүүхэд нас барсан.
  • 2010 онд 514 гэмтэж, есөн хүүхэд нас барсан байна.
  • Зам тээврийн ослоор сүүлийн хоёр жил нийт 637 хүн нас барсан байна. Харин энэ оны эхний улиралд 58 хүн зам тээврийн ослоор нас баржээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж