Н.Энхбаярын амь насанд халдахыг завдсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын амь насанд халдахыг завдсан уу?

"Ерөнхийлөгч
асан Н.Энхбаярын  амь насанд халдахыг оролдсон хэргийг илрүүлж өгөөч"
гэсэн  хүсэлтийг Тагнуулын ерөнхий газарт энэ сарын 1-ний өдөр Төрийн
тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан, хошууч Т.Батбилэг хүргүүлжээ.

Тус албанаас тагнуулд  ирүүлсэн  хүсэлтэд “Монгол Улсын гурав дахь
ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмон нарын амь насанд халдахыг
заналхийлсэн, турхирсан, өдөөсөн заналхийлэл удаа дараа ирж байгаа тул 
илрүүлж өгнө үү” гэжээ.

Дээрх албан  бичигт Н.Энхбаярын  аюулгүй байдлыг
хангах үүрэг хүлээсэн Төрийн тусгай хамгаалалтын албаны ахлах офицер
хуулийн байгууллагад хандах болсон тухайгаа тайлбарлаж, заналхийллийн
талаархи  холбогдох материалуудыг  ТЕГ-т хэсэгчлэн хүргүүлсэн аж. Тэдний
үзэж байгаагаар Н.Энхбаярын амь насанд халдах гэсэн оролдлогын  нэг
хэлбэр  нь  нийтлэл сэтгэгдлээр дамжуулан өдөөн хатгалга хийх явдал гэнэ.

Н.Энхбаярын гар утсыг чагнах, тагнах, утсаар заналхийлсэн үйлдлүүд  ч
нэг биш удаа гарсан баримт бий аж. Н.Энхбаярыг  заналхийлсан нийтлэл,
сэтгэгдлээс  түүний хамгаалалтын албаныхан хуулийн байгууллагад
хүргүүлсний дотор “Ц.Нямдоржид одоо л дорбинк өгчихмөөр байна”,
“Олигархийн загалмайлсан эцэг Н.Энхбаяр юу хэлэв?”, “Үймээний нууц эзэд
тодрох магадлалтай болов” зэргийг нэрлэжээ.  Ийм байдлаар түүний амь
нас, эрүүл мэндэд халдахыг санаархсан дээрх захиалгат нийтлэлийг бичсэн
сэтгүүлчдийг хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй гэж Төрийн
тусгай хамгаалалтын албаныхан үзжээ. Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар
тагнуулынханд хандаагүй, бодитоор заналхийлсэн гэж болох ноцтой
баримтууд ч бий гэнэ.

Түүний гар утсыг чагнах, унаж яваа машиныг нь дагах, мөшгөх зэргээр
айлган сүрдүүлэх ч явдал хаа сайгүй тохиолдож буй аж. Мөн цахим сонин
хэвлэлийн  дайрч давшилсан олон сэтгэгдлийг ч нэг бүрчлэн шалгахыг
хүссэн байна.

Мөн түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дээрх заналхийлэлд албан ёсоор
няцаалт өгч, амь насанд нь халдах оролдлогуудын тухай ойрын хугацаанд
дэлгэрэнгүй мэдээлэл  өгөхөөр төлөвлөж байгаа тухай ч түүний ойрын эх
сурвалж мэдээллээ. Тухайлбал, “Эрх баригчдын номер нэг дайсан болсон
МАХН-ын дарга Н.Энхбаярыг зургаан сарын эхээр баривчлахаар төлөвлөсөн.
Ингэж баривчлах болсон үндэслэлийг Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн
хувьчлалтай холбоотой” гэх батлагдаагүй мэдээлэл олны дунд түгсэн.
Түүнчлэн үл таних этгээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын утас руу залгаж 
“Удахгүй халдлага болно. Тэр халдлагын эхний бай та байх болно. Улс
төртэй холбоотой асуудлаас ангид байх хэрэгтэй” гэж анхааруулжээ.

Тиймээс дээрх явдал, түүний амь насанд халдах гэсэн заналхийлэл,
сүрдүүлгийн талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас өөрөөс нь тодруулах
гэсэн боловч ямар нэгэн хариулт өгөхийг хүссэнгүй. Харин түүний амь
насанд халдах тухай удаа дараа сануулга өгч буй хүмүүсийг тагнуул,
прокурорын байгууллага анхаарахгүй, шалгахгүй байгаа нь тэдгээр
байгууллагын  удирдлагатай холбоотой байж болзошгүй гэж хардаж буйгаа
түүний ойрын эх сурвалж хэллээ.

Н.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж