Монгол Улс НҮБ-ын чуулганд сайн бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Монгол Улс НҮБ-ын чуулганд сайн бэлтгэнэ

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой ярилцлаа.

-Та “Эрүүл аж төрөх ёс, халдварт бус өвчний хяналт” сэдвээр ОХУ-ын Москва хотноо болсон Дэлхийн сайд нарын анхдугаар чуулга уулзалтад оролцоод ирсэн.  Сайд нарын чуул­ганыг яагаад энэ сэдвээр хийх болов?

-Халдварт бус өвчнүүдийн цар тахал нь зөвхөн нэг улс орон биш, нэг бүсийн ч биш дэлхий нийтийг бүхэлд нь хамран маш хурдтай тархаж байна. Үүнд дэлхийн хүн амын насжилт, улс орнуудын хурдтай бөгөөд төлөвлөөгүй хотжилт, эрүүл бус амьдралын хэв маягийн даяарчлагдсан байдал асар ихээр нөлөөлж байна. Гэтэл үүнээс гарах үр дагавар нь улс орон, үндэстнүүдийг ядууруулж, эдийн засгийн чадамжийг асар ихээр бууруулж, айл гэр бүрийг уй гашууд унагаж байна. Ялангуяа ядуу буурай манайх шиг эдийн засгийн чадал дорой, өвчлөх суурь нь бүрэн тавигдсан орны ард иргэд маш хурдан өвчилж, эрт нас барах магадлал өндөр. Тийм учраас ДЭМБ-аас “Нэг дэлхий нэг эрүүл мэнд” уриаг дэвшүүлж, НҮБ уг асуудалд асар өндөр ач холбогдол өгч, дэлхий нийтээрээ уг асуудалтай тэмцэх, уг асуудлыг шийдвэрлэхэд оролцох, нийтлэг бэрхшээлүүдээ тодорхойлон хамтын хүчээр арга замыг томъёолохын чухлыг онцлон харж, 2011 оныг Халдварт бус өвчний хяналт, Халдварт бус өвчинтэй тэмцэх жил болгон олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайн улс орон дотроо авч үзвэл халдварт бус өвчний асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш гэдэг нь тодорхой болсон төдийгүй, дээр хэлсэнчлэн аль нэг улс орны дангаар шийдэх асуудал биш болжээ гэдгийг амьдрал бодитоор нотолж байна.

Ийм учраас сая дөрөвдүгээр сарын 28-29-нд Москва хотноо зохион байгуулсан Дэлхийн сайд нарын анхдугаар хурлыг “Эрүүл аж төрөх ёс, халдварт бус өвчний хяналт” сэдвээр хийлээ. Энэ хурал нь 2011 оны есдүгээр сард болох НҮБ-ын 66-р чуулганы бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог юм. Хуралд 167 орны төлөөлөгчид, түүн дотроо 97 сайд нар хүрэлцэн ирж, түүхэнд анх удаагаа нэгэн зэрэг ийм олон орны сайд нарыг нэг дор цуглуулж халдварт бус өвчнийг хянах энэ асуудалд анхаарлаа хандуулж чадсан томоохон арга хэмжээ боллоо. Үүнээс харахад улс орнууд эл асуудалд ямар ач холбогдол өгч хандаж байгаа нь илхэн байна. Оросын Холбооны Улс энэ чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулахын зэрэгцээ маш их ач холбогдол өгч байгаа нь ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин өөрийн биеэр чуулганы нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирснээс хараг­даж байсан. Халдварт бус өвчний асуудлыг зохистой шийдвэрлэхэд ОХУ манлайлах үүрэгтэйгээр оролцоно гэдгийг Путин чуулганы индэр дээрээс мэдэгдээд, ОХУ-ын хувьд энэ асуудалд засгийн газар, төрийн оролцоо нь цагаа олсон, бодит байсны үндсэн дээр олон үзүүлэлтүүдийг дээшээ гаргаж чадсан гэдгийг онцлон хэлсэн. Цаашид ч төсөв, хөрөнгө мөнгөний асуудал дээр гар татахгүй гэж Путин цохон тэмдэглээд ОХУ одоогийн байдлаар халдварт бус өвчний асуудалд 50-60 тэрбум ам.доллар зарцуулдаг, энэ тоог жил бүр 16 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.

Ер нь аливаа зөв зүйтэй санаа санаачлагыг зөвхөн хөрөнгө мөнгө бодит хэлбэрт нь оруулж үр дүнд хүргэдэг нь хэнд ч ойлгомжтой тодорхой асуудал шүү дээ. Манай улсын хувьд бага мөнгөөр ихээхэн ажлыг амжуулж чадаж байгаа нь бахархууштай юм. Москвагийн хурлаас улс орнуудад тодорхой үүрэг өгөгдөнө. Тэгээд ирэх есдүгээр сард болох НҮБ-ын чуулган дээр улс орнуудын тэргүүнүүд ХБӨ-тэй тэмцэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлага, тулгарч буй бэрхшээлүүд, дэлхийн түвшинтэй харьцуулахад хаана явна, сайжруулахад юун дээр анхаарах, дотоодын нөөц бололцоо хэр байгаа талаар илтгэл тавьж, тэндээс нэгдсэн бодлого, зөвлөмж, деклараци гарч тодорхой хариуцлага, амлалт авах юм.

-Халдварт бус өвчний тархалт цар тахлын хэмжээнд хүрээд байгаа гэд­­гийг тоо баримтаар тодруулахгүй юу?

-Халдварт бус өвчин /ХБӨ/ цар тахлын хэмжээнд хүрч, дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг тоо баримтууд маш тод харуулж байгаа. 2011 онд НҮБ-аас ХБӨ-тэй дэлхий нийтээрээ тэмцэж, тодорхой үр дүнд хамтын хүчээр хүрэх уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Нийт ХБӨ-өөр нас барагсдын 80 хувь нь бага орлоготой орнуудад тохиолдоод зогсохгүй цаашид ихсэх хандлагатай байна. Дэлхийн нийт 193 орнуудын 50 хувь нь буюу 97 нь дундаж бага буюу орлого багатай орнууд байдаг. Ялангуяа манай орны хувьд энэ маш их анхаарал татсан асуудал. Монголд нас баралт, өвчлөлийн тэргүүлэх дөрвөн байранд ХБӨ орж байна. Хэрэв эрсдэлт хүчин зүйлсийг багасгах, эрт илрүүлж, зөв оношилж, эмчилж чадах юм бол олон сая хүний амь насыг аврах боломжтой бөгөөд эдийн засгийн өсөлтөд ч асар сайнаар нөлөөлөх юм. ХБӨ бол бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой өвчин гэдгийг дахин дахин сануулан хэлмээр байна. Харин зүй зохистой арга хэмжээг бид цаг алдалгүй авч чадахгүй өнөөгийн урсгалаар яваад байвал нас баралтын хэмжээ ирэх 8 жилд 15 хувиар нэмэгдэнэ.  Өөрөөр хэлбэл, 44 саяар нэмэгдэх хандлагатай гэсэн тооцоо байна.

-Дэлхийн сайд нарын анхдугаар чуулган гэж тодотгосны шалтгаан юу юм?

-Өмнө нь энэ асуудлаар дэлхий нийтээрээ ингэж чуулж байгаагүй. Анх удаа дэлхийн сайд нар чуулж байна. Яагаад чуулах болсныг би түрүүнд хэлсэн. НҮБ-ын чуулганы бэлтгэл ажлыг үе шаттайгаар хийж байгаа гэж. Москвагийн сайд нарын чуулганы бэлтгэл ажил болгож ДЭМБ-ын зургаан бүс, тус бүрдээ ХБӨ-ний асуудлыг авч хэлэлцэж, бүс бүсийнхээ сайд нарын хурлыг хийсэн. Манай улс Ази, Номхон Далайн Баруун Эргийн Бүсэд ордог. Бүсийн сайд нарын дээд хэмжээний уулзалт 2011 оны гуравдугаар сарын 17-18-ны хооронд Сөүл хотноо болсон. “ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, хяналт тавихад салбар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь” сэдэвт энэ уулзалтад би үндсэн илтгэгчээр оролцсон. Тэндээс Сөүлийн тунхаг гэж гарсан. Тунхагт хамгийн гол нь ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, ХБӨ-өөр эрт нас барах, хөдөлмөрийн чадамжгүй болох тохиолдлыг бууруулах зэрэг асуудлуудыг шийдэхэд улс төрийн тогтвортой дэмжлэгийг бий болгохыг чухалчилсан. Эрүүл мэндээ хамгаалах, эрүүл сонголтуудыг хийх нь ХБӨ-тэй тэмцэх хамгийн хялбар сонголт учраас үүнд нийгмийн бүхий л оролцоог хангах, ялангуяа хувь хүний, төрийн болон ТББ, бизнесийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг бий болгохын ач холбогдлыг тунхагт тусгасан. Түүнчлэн ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг багасгах, нотолгоон дээр суурилсан ХБӨ-ний хөтөлбөрүүдийг боловсруулан жигд хэрэгжүүлэхэд боловсон хүчний болон санхүүгийн нөөцийг бий болгох, дэд бүтцийг бэхжүүлэх, мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, ХБӨ-нөөс урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдаатай болгох талаар тусгаж өгсөн.

Манай бүсийн сайд нарын дээд хэмжээний уулзалтын нэг чухал зорилго нь мэдээж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн байдлыг хэлэлцэх, бүсийн улс орнуудын онцлог, өвөрмөц байдлыг харгалзан нэгдсэн нэг анализ дүгнэлт өгч, асуудлыг шийдвэрлэх арга зам, механизмыг тодорхойлох, улмаар нийт бүсийн хэмжээнд НҮБ-ын чуулганд бэлтгэх явдал байсан. Москвагийн чуулганы тухайд ХБӨ-д хүргэж байгаа үндсэн эрсдэлт хүчин зүйлүүд болох тамхины хэрэглээ, зөв бус хооллолт, чанаргүй хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний хомсдолыг бууруулахад салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг бий болгох, хувь хүний эдгээр эрсдэлт хүчин зүйлстэй тэмцэх мэдлэгийг бий болгож, зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа дэлхийн шилдэг аргыг таниулах, судлах, туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн маш ажил хэрэгч чуулган болсон. ХБӨ-ний хяналт үнэлгээ, ХБӨ-нд нөлөөлж буй нийгэм эдийн засгийн байдал, хөгжлийн түвшин, цаашид яаж өөрчлөх, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, бодлого хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, ХБӨ-ийг хянахад анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, нэн шаардлагатай эмээр үнэ төлбөргүй хангах гэсэн олон асуудлууд, шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоон дээр суурилсан анализыг хийж чуулган дээр танилцуулсан нь тухайн улс орон өөрийн онцлогт тохируулан маш сайн бодлого, төлөвлөгөөг ойрын үед гаргаж эрчимтэй ажиллахад нь дэмжлэг болох чухал ач холбогдолтой хурал болсон.

-Манай улсын ХБӨ-ний тө­лөв байдал бусад улс орныхтой харьцуулахад ямар байна. Монгол улс энэ чуулганд ямар бэлтгэлтэй оров. Ямар оролцоотой байв?

-ЭМЯ 2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарласан. Энэ бол Монгол улс НҮБ-ын чиг баримтлалыг дэмжиж ажиллаж байгааг илтгэж байгаагийн нэг хэлбэр. Бид ХБӨ-ний “Road map” гарган ажиллаж байгаа. Сөүлийн сайд нарын дээд хэмжээний уулзалтанд бэлтгэж ХБӨ-ний үндэсний семинариа хийсэн. ХБӨ-ний асуудлаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн давхардлыг арилгах, уялдааг хангах зорилгоор гадаадын зээл хөтөлбөрүүдийг зохицуулах зөвлөлийн хурлыг хийсэн. Мөн ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн хоёрдахь судалгааг хийж үр дүнг хэлэлцэн Монгол улсын ХБӨ-ний төлөв байдалд үнэлгээ дүгнэлт өгсөн. Би Сеүлийн сайд нарын чуулганд үндсэн илтгэл тавьсан бол саяын Москвагийн сайд нарын хуралд оролцож тамхины хяналтын асуудал, архины хорт хэрэглээ, ХБӨ-ний хяналт мэдээллийн чиглэлээр өөрийн орны туршлага болон, тулгамдаж буй асуудлууд, өөрийн нөөц бололцоон дээр үндэслэн юуг хийж болох, НҮБ болон бусад улс орны дэмжлэгийг юун дээр авах талаар мэдээлэл хийж оролцлоо.

Монгол улс НҮБ-ын Ерөнхий чуулганд маш сайн бэлтгэлийг ханган оролцох гэж байгаа. НҮБ-ийн Ерөнхий чуулганы өмнө ХБӨ-нөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих асуудлаар үндэсний эрдэм шинжилгээний хур­лыг есдүгээр сарын эхээр хийх гэж байна. НҮБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу манлайлал, урьдчилан сэргий­лэлт, эмчилгээ, олон улсын хамтын ажиллагаа, хяналт үнэлгээ, санхүүгийн төлөвлөлт гэсэн таван үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй анализ дүгнэлт хийх юм. Мөн  ХБӨ-ний нөлөө, түүнтэй тэмцэх арга  замыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирэх, өнөөгийн нөхцөл цаашдын чиг хандлагад анализ дүгнэлт өгнө. Манлайлал бол хамгийн чухал асуудал. Тодруулбал, ХБӨ-нөөс урьдчилан сэргийлэх хяналт тавих асуудлаар амжил­танд хүрэхэд нөлөөлөх хам­гийн нэгдүгээр үйл ажиллагаа бол үндэсний болон олон улсын хэмжээнд тогтвортой, чанд улс төрийн манлайлал оролцоог бий болгох явдал юм. Эрүүл мэндийн салбар өөрөө манлайлах роль гүйцэтгэхээс гадна бусад салбарууд ялангуяа санхүү, хөдөө аж ахуй, гадаад харилцаа, худалдаа, хууль, боловсрол, хотын дүр төрх, тээвэр зэрэг салбаруудын бодит оролцоо, уялдаатай ажиллагаа чухал байна. Тэдгээр салба­рууд өөрсдөө бас манлайллыг авах шаардлага үүсч байна.

-Та Москвагийн чуулганы үеэр олон орны эрүүл мэндийн сайд нартай нэг дор уулзах боломж гарсныг ярьж байна. Хамтын ажил­лагаагаа өргөжүүлэх хөгжүүлэх талаар ямар улс орны сайд нартай уулзаж ярилцсан бэ?

-Чуулганы үеэр мэдээж, бүсийн захиралтайгаа Шен доктортой уулзаж ажил хэргийн ярилцлагуудыг хийлээ. Удахгүй болох гэж байгаа Монголын эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойд зориулан салбарын нийт ажиллагсад болон монголын ард түмэнд бүсийн захирал албан ёсны мэндчилгээ дэвшүүлж, видео бичлэгээр илгээхээ мэдэгдсэн. За бас, ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Маргарет Чантай уулзаж удахгүй болох ДЭМБ-ын Ерөнхий чуулганд манай улс ДЭМБ-ын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн орны хувьд ямар оролцоотой, бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа талаар мэдээлэл өгч, тулгамдаж бай­гаа асуудлаа тодруулж ярилцаж, санал бодлоо солилцсон. Хатагтай Чан, Монгол улс ХБӨ-ний асуудлаар багагүй амжилтанд хүрч байгаа тухай онцлон дурьдаж байлаа. Тухайлбал, Монгол улс энэ асуудал дээр сайн үр дүнд хүрсэн жишиг орон болж амжилт гаргаж байгааг ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үнэлэн тэмдэглэсэн. ОХУ-ын ЭМНХЯ-ны сайд хатагтай Т.А.Голиковатай уулзаж хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж хөгжүүлэх, шинэ шатанд гаргах талаар чуулганы үеэр ярилцах боломж олдлоо. Хатагтай Голиковаг Монгол улсад өөрийн боломжтой цагаар айлчлахыг урьсан. Бусад арав гаруй улс орнуудын сайд нартай уулзаж санал бодлоо солилцож явлаа.

-Дэлхийн сайд нарын анхдугаар чуулган халдварт бус өвчнийг бууруу­лах зорилгоор олон улсын түвшинд хийж байгаа үйл ажиллагааны чухал үе шат боллоо гэж байна. Дараагийн алхам нь ямар үйл ажиллагаа байх бол?

-Москвагийн Дэлхийн сайд нарын анхдугаар чуулган бол 2011 оны есдүгээр сард Нью Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Чуулганы бэлтгэл ажил болохоос гадна мөн 5 дугаар сард болох ДЭМБ-ын Ерөнхий чуулганы бэлтгэл ажил давхар болж байгаа юм. ДЭМБ-ын Ерөнхий чуулганд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй манай төлөөлөгчид оролцоно.

-Манай улсын хувьд ХБӨ-ний хянал­тыг сайжруулах, бууруу­ла­хад нэн тэргүүнд ямар арга хэмжээ­нүүдийг авах шаардлагатай байгаа вэ?

-Хэдийгээр ХБӨ-нийг хянах, тэмцэх асуудал  дээр маш олон бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө байдаг боловч хэрэгжилт нь маш удаан, төдийлөн хүсэн хүлээсэн сайн үр дүн гарахгүй байдаг нь өөрөө бас нэг асуудал болоод байна. Дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн бусад асуудлууд хурцаар тавигдсаар ирсэн хэрнээ ХБӨ-ний асуудалд зохих ач холбогдол өгөгдөхгүй ирсэн тал бий. Мөн хэрэгжилтийн удаашрал, үр дүнгийн байдалд бусад салбаруудын хөгжлийн дорой байдал, хариуцлагагүй, үйл ажиллагааны уялдаагүй байдал зэрэг нөлөөлсөн гэдгийг ч хэлмээр байна. Энэ байдал манай улсын хувьд бүр их сөргөөр нөлөөлж байна. Мэдээж хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхэд хялбаргүй. Гэхдээ хүргэж болох арга замууд байгаа. Нэн тэргүүнд дараахи таван тэргүүлэх чанарын арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Эдгээр нь маш тогтвортой улс төрийн бодлого, манлайллыг бий болгох, эрүүл мэндийн салбарыг дэмжих, бэхжүүлэх, ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, олон улсын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх, иэдээлэл, хяналт, зөв төлөвлөлт зэрэг байгаа юм.

Ж.НЯМСҮРЭН

Зохиогчийн эрх:
Ардын эрх сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж