Тэрбумтнуудын 66 хувь нь хөрөнгөө өөрсдийн хүчээр босгожээ

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Тэрбумтнуудын 66 хувь нь хөрөнгөө өөрсдийн хүчээр босгожээ

Forbes-ийн тооцоогоор 2014 оны эхэнд дэлхийд 1645 тэрбумтан байжээ. Зургийг: forbes.com

2014 он гарснаас хойш шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагүй хэд хэдэн үйл явдал болж, үнэт цаас, валют, таваарын зах зээлд гэнэтийн гэмээр олон хөдөлгөөн гарсан. Гэсэн хэдий ч эдгээр эрсдэлээс үл хамааран хөрөнгөө тогтмол өсгөж чадаж байгаа хүмүүс бол тэрбумтнууд. Forbes-ийн тооцоогоор 2014 оны эхэнд дэлхийд 1645 тэрбумтан байжээ. Нэг жилийн хугацаанд 268 хүн хөрөнгөө өсгөж саятны эгнээнээс тэрбумтны эгнээнд багтжээ. Захиран зарцуулах нэг тэрбум ам.доллараас их хэмжээний хөрөнгөтэй эдгээр эрхмүүдийн нийт хөрөнгө нь 6.4 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа. Тэгвэл тэдний хэд нь хөрөнгөө өөрсдийн хүч чадлаар бий босгосон бол. Эсвэл тэрбумтнуудын гол зэвсэг нь өвлөж авсан хөрөнгө байдаг уу. Дэлхийн нийт тэрбумтны 66 хувь нь өөрсдийн хүчээр өв хөрөнгөө бүрдүүлжээ. Эдгээрийн тэргүүнд 82.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр Билл Гэйтс, Мексикийн тэрбумтан Карлос Слим, Омахагийн зөнч Уоррен Баффет нар бичигдэж байна. Дэлхийн хамгийн чинээлэг найман хүн өөрийн чадлаар өв хөрөнгөө бүрдүүлсэн бол нийт тэрбумтны 13 хувь нь хөрөнгөө өвлөж авсан байна. Энэ төрлийн тэрбумтнуудын тод жишээ бол Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани. Харин үлдсэн 21 хувь нь эцэг эхээс үлдээсэн бага хэмжээний мөнгийг өсгөн, арвижуулж тэрбумтнуудын эгнээнд элссэн хүмүүс байдаг аж.

Шинэ тэрбумтнууд

Тэрбумтан эмэгтэйчүүдийн тоо 2013 онд урьд байгаагүй их хэмжээгээр нэмэгдсэн байна. Зургийг: theguardian.com

Зөвхөн 2013 онд 10 оронтой тоогоор хэмжигдэх хөрөнгөтэй хүмүүсийн тоо 268-аар нэмэгдсэн. Тэрбумтнуудын тоогоор Хойд Америк тэргүүлсэн хэвээр байгаа бол Алжир, Литва, Танзани, Уганда гэсэн дөрвөн улс анх удаа тэрбумтантай болжээ. Шинэ тэрбумтнуудын хувьд анхаарал татахуйц нэг зүйл байгаа нь тэрбумтан эмэгтэйчүүдийн тоо 2013 онд урьд байгаагүй их хэмжээгээр нэмэгдсэн. Өнгөрсөн онд нийт 42 эмэгтэй тэрбумтнуудын эгнээнд шилжсэнээр, дэлхийн эмэгтэй тэрбумтнуудын тоо 172 болсон юм. Энэ нь дэлхийн нийт тэрбумтны ердөө 10 хувийг бүрдүүлж байгаа ч өсөлтийн хурд, удирдах албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаагаас харахад цаашид ч илүү эрчимтэй өсөх хандлагатай байгааг “Forbes” онцолсон байна.

Тэрбумтан болохыг хүсвэл технологи судал

Өнгөрсөн 2013 онд АНУ-д нийт 26 тэрбумтан шинээр төрсний дөрөв нь технологийн салбараас эхтэй. Зургийг: dailymail.co.uk

Технологийн дэвшлийг цаг алдалгүй практиктаа нэвтрүүлдэг хүмүүс тушаал дэвшихэд илүү хялбар байдаг талаар судалгааны байгууллагууд онцолж байсан. Үнэхээр ч технологийн өндөр мэдлэгтэй хүмүүсийг эд хөрөнгө дагадаг бололтой. 2010 оноос өмнө уул уурхай, газрын тосны салбар тэрбумтнуудын хувьд хамгийн ээлтэй салбарт тооцогдож байсан бол өдгөө оюуны өмчөөр баялаг бүтээх, нөөц нь шавхагдашгүй гэж тодорхойлж болох технологийн салбар “моодонд” орж байна. Өнгөрсөн онд АНУ-д нийт 26 тэрбумтан шинээр төрсний дөрөв нь технологийн салбараас эхтэй. Технологийн салбарын өсөлтийн ачаар АНУ өнгөрсөн онд тэрбумтнуудын тоогоороо жагсаалтыг тэргүүлсэн юм. Үүний араас БНХАУ 152 тэрбумтантайгаар бичигдэж байгаа бол ОХУ-ын тэрбумтны тоо 111-т хүрчээ. Технологийн салбарт дэлхий даяар нийт 4289 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн зах зээлийн үнэлгээ нь 6.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Мөн 2020 он гэхэд нэг хүнд дунджаар 2-3 хөдөлгөөнт төхөөрөмж ногдоно гэж тооцвол энэ салбарт цаашид ямар их нөөц бололцоо байгаа нь харагдаж байгаа юм.

Анхны “их наядтан” гарч ирэхээс өмнө дэлхий “ядуу буурай орон”-гүй болно

Ойролцоогоор 60 жилийн дараа дэлхийн хэмжээнд их наяд ам.доллараар тоологдох хөрөнгөтэй 11 хүнтэй болно гэж “Credit Suisse” тооцоолжээ. Зургийг: theguardian.com

Хэрэв таны хөрөнгө 10 биш 13, магадгүй үүнээс олон оронтой тоогоор хэмжигдэж байвал яах вэ. Ийм үе удахгүй ирнэ гэж “Credit Suisse” тооцоолж байна. Ойролцоогоор 60 жилийн дараа дэлхийн хэмжээнд их наяд ам.доллараар тоологдох хөрөнгөтэй 11 хүнтэй болно гэж “Credit Suisse” тооцоолжээ. Гэхдээ энэ бол оргүй хоосноос бий болсон хөрөнгө биш. Одоогийн тэрбумтнуудын ач, зээ нарын талаар яригдаж байгаа хэрэг. Дэлхийн банкны тооцоогоор сүүлийн 20 жилийн хугацаанд өдөрт 1.25 ам.доллараас бага хэмжээний мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн тоо 1.91 тэрбумаас 700 саяар цөөрч, 1.22 тэрбум болсон. Баян ядуугийн ялгаа нэмэгдэж байгаа ч нэн ядуу иргэдийн тоо буурч байгааг энэ үзүүлэлт харуулж байна. Тэгвэл анхны “их наядтан” гарч ирэхээс өмнө дэлхий “ядуу буурай орон”-гүй болох тооцоотой байна. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Билл Гэйтсийн тооцоогоор 2035 он гэхэд дэлхийд нэг ч ядуу буурай орон байхгүй байх аж. Дэлхийн банкны ангиллаар одоогийн байдлаар 35 орон тус ангилалд багтаж байгаа юм.

Б.Дуламхорлоо

Эх сурвалж: bloombergtv.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж