Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Тромсо тэмдэглэл -3

Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын XXXXI олимпиад наймдугаар сарын 1-14-ний өдрүүдэд болсон билээ.

Говь-Алтай аймаг, "Хан Алтай" шатрын клубийн тамирчин ОУШХ-ны мастер Ууганбаярын Лхамсүрэнгийн тэмдэглэлийг цувралаар хүргэж байна.

Tromso-3

Тромсогийн цагаар 19,30-д буусан гэвэл бид 18 цагийн аялал хийсэн болж их ядарцгаажээ. Гэсэн ч цагийн баримжаа алдуулсан нэгэн содон зүйлтэй таарсан юм Тромсо -д аль хэдийн оройн 9 цаг болсон хэдий ч цагаан гэгээ тасраагүй. Бид туйлтай ойр ирээд зогсоогүй цагаан шөнөтэй газар ирчихжээ. Цагаан шөнөтэй байгаа гэж мэдэж байсан ч яг орчинд нь байгаад шөнө, өдөргүй гэгээтэй байгаад байхаар эхэндээ бөөн сонирхол дараа нь хачин тэгээд дасна даа. Өвөл нь энд хоёр сар хав харанхуй болдог гэсэн их л хэцүү төсөөлөгдөж байна

Монголын баг Улаанбаатараас хоёр хэсэг болон хөдөлсөн бөгөөд бидний дараа гарсан Берлинээр дамжин явсан бусад маань шөнийн 02 цагийн орчимд буудалдаа ирцгээлээ. Монголын баг тамирчид ийнхүү Тромсо д бүгд цуглалаа. Эхний ээлжинд 6 цагийн зөрүүг арилгах, аян замын алжаал тайлах гэх мэтийг хийнэ. Тэмцээн эхлэх арай болоогүй тул энэ тийм хэцүү асуудал биш байв.

Энд угаас загасаараа алдартай газар учраас төрөл бүрийн загасаар өглөө оройгүй биднийг бөмбөгдөж эхэллээ. Манайхан ийм сайхан шинэхэн загас тэр бүр олох биш дуртай нь аргагүй байсан ч хүн гээч угийн уйдамхай тул удалгүй залхаж эхлэв.  

За ийнхүү бас нэгэн хүлээлт болох Олимпиадын нээлт, маш цомхон, маш сонирхолтой, гоёмсог шийдэл бүхий байлаа. Илүү тодруулж бичие л дээ. Яг нэг цагийн хөтөлбөр бөгөөд, эндхийн хотын дарга нь өөрөө хөтөлсөн бөгөөд тэрээр урьд нь тв-тэй ойр ажилладаг байсан юм болов уу гэж санагдлаа. Тайз засал, техник аппаратур, аргагүй л сайн байсан. Тоглолтын үеэр үзүүлж байсан дэлгэцийн шоу үнэхээр таалагдсан. Хотын даргын болон Норвегийн сангийн сайдын мэндчилгээ, зохион байгуулагч орны үндэсний дуу, маш том арктик оркестр, каунтри хамтлаг, хийл хөгжмийн гоцлол зэрэг урлагийн сонгодог номерууд, мөн сонирхолтой видео хийсэн байсан. (видеог oруулна.) Мөн Фиде-гийн болон зохион байгуулагч Норвеги улсын туг далбааг сүлд дууны хамт өндөрт өргөх ёслол, Дэлхийн аварга дэлхийн номер нэг Норвегийн Их мастер Магнус Карлсен эхний ширээний өнгийг шодох зэрэг ёслолууд болж өнгөрлөө. Бидний охидууд нээлтийн ажиллагаанд ижилсэх талаар монголд байхдаа огт бодоогүй ч тэнд очоод гялс хар цагаанаар хослоод амжсан.

Тоглолтын танхим: Хуучин пивоны үйлдвэрийн агуулахаар ашиглаж байсан маш том агуулах гэхдээ одоо мэдээж тэнд нэг ч пиво байхгүй.

Дээр хэлсэнчлэн 2800 нь ч бай рейтинггүй африкийн орны нөхөр ч бай бүгд нэг зааланд зэрэгцэн сууж тоглолт эхлэхэд бэлэн боллоо.

Тромсо тэмдэглэл 1-ийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тромсо тэмдэглэл 2-ыг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.

ОУШХ-ны мастер У.ЛХАМСҮРЭН

Тромсо хот. 2014.08.12.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж