Монголын Хөрөнгийн бирж /МХБ/ ТӨХК-ны 2011-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
Дээрх шалгалтаар МХБ-ийн тухай үеийн удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэн 112.6 сая төгрөгийн акт тавихаар болсон тухай байлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын шалгалтын улсын байцаагч Г.Янжинсүрэнгийн хэлж байгаагаар “МХБ нь урамшууллыг олгохдоо тус компанид гурван сар ажилласан бол цалингийн 50 хувь, зургаан сар ажилласан бол 100 хувь, удирдах албан тушаалтнууд нь 2 сарын болон түүнээс дээш хэмжээнд урамшуулал авдаг байсан нь дээрх шалгалтаар батлагдсан. Тиймээс тэтгэмж урамшуулал, шагналыг шийдвэр зөрчин олгосон гэж үзэн 62.7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэж үзжээ.
Мөн МХБ-ийн орлогч гурван захирал албаны машин хэрэглэсэн. Албанд унах авто машины шатахууных нь зарцуулалт 16.8 литрээс хэтрэх ёсгүй гэдгийг бас зөрчсөн. Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нь гүйцэтгэх захирал сард 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянгад багтсан гар утасны ярианы төлбөрийг нь төлнө гэж зөвшөөрсөн байтал түүнээс давсан төлбөрийг МХБ-иэс гаргуулсан. Гадаад албан томилолтод ашиглах олон улсын хэрэглээний картыг хоолонд орох зэргээр зориулалт бусар ашигласан тул тус биржийн гүйцэтгэх захирал асан Х.Алтайгаар 17 сая төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй юм гэв. Гэхдээ энэхүү акттай санал нийлэхгүй гэдгийг тухайн үеийн МХБ-ийг удирдаж байсан Х.Алтай эсэргүүцсэнээр акт тавих асуудлыг дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон юм.
Т.БУЯН