Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, үндэсний бөхийн нэрт тайлбарлагч, Улсын начин Агвааны Ганбаатарын хүрэл хөшөөг төрсөн нутаг Өмнийн говийн Баян-Овоо сумын олон түмний хүсэл санаачилгаар бүтээн босголоо.
Хөшөөг нээх хүндэтгэлийн ёслолын эхэнд Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболд хэлэхдээ “Говьчуудын бахархал ховорхон авъяастай хүүгээрээ нутгийнхан нь үргэлж бахархдаг. А.Ганбаатар нь үндэсний бөхийн тайлбарлагч нарын дундаас төрсөн анхны соёлын гавъяат зүтгэлтэн билээ. Монгол бөхийн барилдааныг эх орон даяар газрын хол ойрыг ялгалгүй үзэгч сонсогчдын нүдэнд харагдаж сэтгэлд буутал уран гоёор дүрсэлж амьдруулан авчирсан мэргэжлийн тайлбарлагч юм. Түүний эрдэм ухаан, сургамж зөвөлгөөгөөр олон чадварлаг бөх тайлбарлагч залуус төрөн гарсныг бөхөд хайртай олон түмэн өнөөдөр ч дурсан санаж гавъяа зүтгэлийг нь үнэлсээр байдаг” гэлээ.
Хөшөөний нээлтэнд А.Ганбаатарыг өсгөж хүмүүжүүлсэн Батын Цэрэнчимэд гуай ирж оролцлоо. Тэрбээр өөрийн төрүүлсэн найман хүүхдийн хамт А.Ганбаатарыг долоон дүүгийнх нь хамт өсгөжээ. Хөшөөний нээлтийн ёслол дээр Соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэнчимэд гуайн шүлгээр, МУСТА, ая зохиогч Д.Халтарын урласан “Хонгор багын нутаг” дууг эгшиглүүлсэн нь содон ховорхон үйл явдал боллоо.
Хөшөөг бүтээх үйлсийг уул уурхайн “Ёл” грүпп ивээн тэтгэжээ. “Ёл” грүппийн ерөнхий захирал Ч.Мөнхбаяр нь ах А.Ганбаатартайгаа хамт нэгэн гэрт өсөж хүмүүжсэн дүү нарынх нь нэг юм. Хөшөөний нээлтийн ёслолд бөх тайлбарлагч А.Ганбаатар агсаны гэргий Н.Тунгалаг, хүү Г.Идэрмөнх,охин Г.Мөнхзаяа болон багын анд, УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, нэгэн үеийн бөхчүүд, шавь нар нь ирж оролцон дурсамжаа хуваалцан сэтгэлийн үгээ хэлцгээв. Говь нутгаас төрсөн Монгол бөхийн хосгүй авъяастан бөх тайлбарлагчийн өвөрмөц содон дуу хоолойг ард олон үеийн үед дурсан санасаар байхын билэгдэл хүрэл хөшөө ийнхүү төрсөн сумынх нь нутгийн удирдлагын ордны өмнөх нэрэмжит талбайд нь сүндэрлэлээ.
Ө.РАГЧААСҮРЭН