БНХАУ-ын Нанжин хотноо дэлхийн залуучуудын II олимпийн наадам үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр охидын 10 метрийн урт бууны дасгалд Сингапурын залуу од Мартина Линдсей Велозо мөнгөн медаль хүртлээ. Шигшээ буудлагад шалгарсан найман тамирчний хамгийн залуу 14 настай Волозо байсан бөгөөд тэдний дунд манай тамирчин Н.Ангирмаа багтсан. Хасагдах журмаар явагдсан шигшээд Швейцарийн 18 настай Сарах алтан медаль хүртсэн бол Мартина Линдсей Велозо мөнгөн медаль дээр бууж, Германы 18 настай Будде Юлия хүрэл медаль хүртсэн. Манай тамирчин Н.Ангирмаа наймдугаар байрт шалгарсан.
Ийнхүү залуучуудын олимпийн наадам эхлэхээс өмнө мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байсан Сингапурын залуу од өөрийгөө дэлхийн хэмжээний шилдэг тамирчин болохоо харууллаа. Учир нь тэрээр энэ оны гуравдугаар сард Герман Мюнхенд болсон Дэлхийн цомд томчуудтай өрсөлдөж, алтан медаль хүртэж, өсөх ирээдүй тамирчин болохоо харуулсан юм. Спортын ирээдүйн одод цуглаад буй Наньжиний залуучуудын олимпийн наадам энэ сарын 28-нд өндөрлөнө.
Ч.ШАРХҮҮ