Испанийн Ла лиг эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед шилдэг багууд нь нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ базаасаар байна. Каталоны алдарт “Барселона” клуб талбай дээрээ Францийн “Лион” клубыг хүлээж авч, нөхөрсгөөр тулсан. Мөн энэ тоглолтынхоо үеэр шинэ довтлогч Луис Суарезыг албан ёсоор танилцууллаа.
Спортын арбитрын шүүхэд хандсаныхаа ачаар багийнхантайгаа бэлтгэл хийж, нөхөрсөг тоглолтод оролцох боломжтой болсон Луйс Суарез “Барселона”-гийн төлөөх эхний тоглолтоо хийж, баг нь өрсөлдөгчөө 6:0-ээр бутниргэсэн юм.
Тоглолтын гурав дахь минутад Неймарын дамжуулалтаар Месси гоол оруулж, тооны харьцааг нээсэн. Түүний дараа 12, 43 дахь минутад Неймар хоёрыг оруулах нь тэр. Улмаар 45 дахь минутад Хаддади нэгийг нэмэв.
Ийн “Барса” эхний үед л дөрвөн гоол оруулсан юм. Харин хоёрдугаар үеийн 76 дахь минутад Суарез Рафиньагаар сэлгэгдэж талбайд орж ирсэн. Түүний дараа 78 дахь минутад өнөөх Хаддади дахин гоол орууллаа. Ингээд зогсохгүй 90 дэх минутад Рамерис гоолдсоноор “Барса” өрсөлдөгчөө 6:0-ээр бутниргэлээ.
Эх сурвалж: www.mminfo.mn