улсад нэн ховордсон ан амьтдын тоо толгой сүүлийн жилүүдэд бараг л
устаж байна гэхэд хилсдэхгүй болжээ. Хулгайн ан, хууль бус наймаа, уул
уурхай дагасан үйл ажиллагаа гээд энэ бүгд ховордсон ан амьтдыг устан
үгүй болох, говь нутгаас дайжих үүд хаалгыг нээгээд өгчихсөн гэж хэлж
болно. Тухайлбал, дэлхийн Улаан номонд бичигдсэн тэмээн гөрөөс буюу
хавтгай өмнөд хөрш рүү олноор нүүдэллэж байгааг саяхан “Синхуа” агентлаг
мэдээлжээ. Учир нь, Хятадын амьтан судлаачдын баг бүрэлдэхүүн саяхан
Шинжаан Уйгур болон Ганьсу мужаар аялахдаа зэрлэг тэмээн сүрэг
мэдэгдэхүйц олширсон байхыг анзаарсан аж. Тэд нийт 124 хавтгай байгааг
бүртгэн авчээ. Дэлхийн хэмжээнд 800-1000 орчим хавтгай байдаг гэж олон
улсын амьтан судлаачид тооцоолон гаргаснаас өдгөө 600 гаруй нь Хятадын
газар нутагт байгаа гэсэн судалгаа гаргажээ. Хятадын байгаль
хамгаалагчид хавтгайн тоо толгойг нь өсгөн үржүүлэхийн тулд хөрөнгө, хүч
гарган ажиллаж буй. Бүр сүүлийн жилүүдэд энэхүү таатай нөхцлийг дагаад
хавтгайн сүрэг Монгол Улсаас дайжин ирж байгаа гэж бахархаж байгаа юм
байна, өмнөд хөршийнхөн. Дэлхийд ганцхан манайд л бий гэж гайхуулдаг
атлаа хавтгай гэгч зэрлэг тэмээг хамгаалах асуудалд салбар хариуцсан
яам, ан амьтныг хамгаалах нийгэмлэг, орон нутгийн удирдлагууд хөшүүн,
хойрго хандаад байна уу, эсвэл өмнийн говийн баялагт сүр хүч нь
дарагдаад байна уу.
Монголын говь болоод бусад нутагт хавтгай,
мазаалай, тахь, цоохондой, бөхөн, хүдэр, хандгай, халиун буга, аргаль,
хар сүүлт, зээр, ирвэс, хулан, янгир, хойлог шувуу, улаан чоно гээд
ховордсон, нэн ховордсон амьтад байгаа гэж бид бахархдаг байсан. Гэтэл
эдгээр амьтад дотроос мазаалай 15-20, хавтгай 120-170 орчим толгой
болтлоо цөөрсөн гэсэн судалгаа гарчээ. Алтайн өвөр говь, Хятадын Альшаа
аймгийн Гашууны говьд тархан нутагладаг хавтгай гэхэд манай улсын
хэмжээнд 1974 онд 1500 гаруй толгой байсан бол 1991 онд 350 болтлоо
буурчээ. Харин өдгөө тоо толгой нь хэд болсныг тооцоолоход бэрх болжээ.
Салбар хариуцсан яамны ажилтан П.Цогтсайханаас хавтгай хэд болтлоо
буурсан, шалтаг шалтгаан нь юунаас болоод байгаа талаар судалгаа хийж,
хийж хэрэгжүүлж буй ажлууд бий эсэх талаар тодруулахад “мэдэхгүй” гэдэг
ганцхан үгээр хариулт өгч байх юм. Зөвхөн эндээс Байгаль орчин, аялал
жуулчлалын яам байгаль болоод ан амьтдаа хамгаалж байна гэж итгэх
аргагүй болоод буйг харж болно. “Манай” хавтгай бусдын нутаг руу
нүүдэллээд байгааг сая интернэтээс олж харлаа гэх нь энэ ажилтны хэлэх
ёстой үг мөн үү. Ийм яамаар эрх ашгаа “хамгаалуулж”, басхүү байгалийн
баялгаа ашиглах их давалгаан дор амар тайван амьдрах газар нутгаа
булаалгасан тэд үргэж дайжихаас өөр яалтай ч билээ. Аягүйдвэл, өмнөд
хөршөөс манай нутгийн ан амьтад танай нутагт орж ирлээ гээд туугаад
явчихвал “өө тийм байна” гээд байж мэдэх л юм байна даа, манайхан.
Мөн
нөгөө талаар хулгайн ан, хууль бус наймаа ан амьтдын тоо цөөрөхөд
нөлөөлж буй. Сард нэг удаа хавтгайн сүү уувал элэг эдгэдэг, мазаалайн
бөөр нойр булчирхайн өвчлөлийг нам дардаг, чонын хэл авна, баавгайн
савар зарна… гэх мэт зар сурталчилгаа өдөр тутам бидний амнаас ам
дамжин яригдаж байдаг. Хамгийн гол нь энэ мэт яриа дархан цаазат ан
амьтдын амиар хэмжигдэж байна. Арьс шир нь хүний гоёлын гангараа болж,
элэг дотор нь хүний өвчнийг анагаах эм тан болж, өөх мах нь есөн шидийн
амтат зоог, хорхог, боодог болдог нь яалт ч үгүй мөнгөнд дуртай хүний
хэрэгцээ, сонирхлыг бүрэн дүүрэн утгаар нь хангагч болж байна гэхэд
хилсдэхгүй. Энэ мэтээр Монголд нэг мэдэхэд нэг ч ан амьтангүй орон болж
хоцрох вий.
Говь нутгийн уугуул малч иргэд нь уул уурхайг дагасан
авто замын тоос шороо, цөлжилтөөс зугтан аймаг дамжин нүүдэллэж байгаа
талаар өмнө бид мэдээлж байсан. Тэгвэл говь нутгийн нэн ховордсон ан
амьтан ч эл шалтгаанаар дайжиж байгааг дээрх мэдээллүүд нотолж байна.
Нэг ёсондоо Монголын говь эзгүйрч, газрын хөрсөн доорх баялагт шунагсад
олширчээ. Ан амьтад хүртэл өөрт нь хэн анхаарал тавиад мэдрээд, хаана
очиж амьдрахаа сонгож буйгаар бид тэдний төлөө хийж буй ажлаа дүгнэчихэж
болох юм. Энэ байдалд анхаарал хандуулахгүй аваас Монголын говийн ганц
хавтгай ч биш, бусад ан амьтан ч бас түүх болж үлдэх вий…