Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Тромсо тэмдэглэл -2

Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын XXXXI олимпиад наймдугаар сарын 1-14-ний өдрүүдэд болсон билээ. Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг 6 хожил, 5 хожигдож 12 оноогоор 177 багаас 69-р байр, эмэгтэй баг 7 хожин, 1 тэнцэж, 3 хожигдон 15 оноогоор 136 багаас 16-р байр эзэлсэн. Эмэгтэй багийн хувьд "B" хэсэгтээ тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн билээ. 136 баг таван хэсэгт хуваагдсан бөгөөд манай бүсгүйчүүд “В” ангилалд нийт 44 өрөг тоглоод 29 хожил авч тухайн хэсэгтээ түрүүлсэн юм.

Ингээд та бүхэнд Говь-Алтай аймаг, "Хан Алтай" шатрын клубийн тамирчин ОУШХ-ны мастер Ууганбаярын Лхамсүрэнгийн тэмдэглэлийг цувралаар хүргэж байна.

Тромсо тэмдэглэл -2

Скандинавын хойгийн тухай анх тивүүдийн газарзүй хичээлээр олж авсан өчүүхэн мэдлэгтэй би цааш нь ухаж сонирхоогүй бөгөөд ер нь ч түүх, газарзүйн багш эмээгийн охин хэрнээ хамгийн муу хичээл нь түүх, газарзүй байдаг байж билээ. За энэ ч яахав, үзэсгэлэнт Скандиновын орнуудын нэгэнд явах болсон нь, тэр тусмаа арктиктай ийм ойрхон ирэх болсон гээд сэтгэл догдлон ямар сайхан газар намайг угтах бол гэсэн хүлээлт дүүрэн байлаа.

Бид өглөөний 7 цагийн Улаанбаатар- Москва чиглэлийн онгоцонд сууснаар аялалаа эхлүүллээ. Оросын төдийгүй дэлхийн томоохон авиакомпани аерофлотын онгоцоор эх нутгаасаа нисэн ниссээр Азийн төв цээжин дэх Монгол орныг минь Европ тивтэй холбосоор ирсэн шереметовийн нисэх буудал дээр 6 цаг ниссэний дараа газардлаа. Онгоцноос буугаад тэднийг шинэ терминал барьсанд би хувьдаа сэтгэл хангалуун явлаа. Хуучин терминаль энд тэнд унтаж байгаа хүмүүсийг хараад урьд нь хэрхэн явдаг байсан тухайгаа санаад амжсан. Яагаад ч юм Шереметов дээр ирэх болон очихдоо нэг бол 23 орчим цаг хүлээж нэг бол дараагийн онгоцондоо амжих гээд гутлаа ч өмсөж амжихгүй гүйгээд л явж байж билээ. Энэ удаагийн нислэг харин хүлээлтийн цаг нь их ч биш бага ч биш ер нь бол яг таарсан байлаа. Хатнаа ах маань тамхи татах газар олох гэж нилээн зүдэрсэн байх, ингээд бидний дараагийн зогсоол бол хүсэн хүлээж байсан Норвеги орны нийслэл хот Осло. Осло ойртон ирэх үед үүлгүй байж таараад онгоцноос нутаг орны байдлыг харвал яг л үлгэрийн мэт үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа, уул нурууд, ой модод, гол мөрөн, далай тэнгис гээд л энд чухам тэнгэр баганадсан өндөр байшин, гял цал болсон гудамжууд байхгүй юм шиг хальт харагдсан их энгийн тийм тайван амгалан газар шиг. Гэвч бид Ослогоор явах цаг ч байсангүй л дээ онгоцны буудлаар хэсэг холхив, ойр зуурын ууж идэх юмны үнэ асар үнэтэй байсанд за онгоцны буудал хойно үнэтэй л байдаг байх гэж бодож байсан ч хаа ч тийм л үнэтэй байдгийг нь дараа нь мэдсэн билээ. Энд хүний зарцуулсан цаг хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг нь эхний ээлжинд санагдав. Ихэнх зүйлсийг автоматжуулсан байлаа. Хариулт өгөх машин, суугчийн талон авах, ачаагаа өгөхдөө хүртэл хүмүүс өөрсдөө жинлээд л өөрсдөө баркод оо наагаад л явуулдаг системд оруулжээ.


За ийнхүү урт нислэгүүдийг дуусгаж Тромсод газардлаа. Өндөр уулнуудын орой хэсэг цасаар хучигдсан, эргийн дагуу том жижиг янз бүрийн олон тооны хөлөг онгоц усан завьнууд дүүрэн байх юм. Биднийг зочид буудал хүргэх хооронд хөтөч хотоо танилцуулан явлаа, хүмүүс нь жижиг хувийн сууцанд бүгд амьдардаг бололтой. Дахин давтагдаагүй боловч төстэй жижиг байшингууд замын хоёр талаар урсана. Тромсо нь ерөөсөө л эргийн дагуу сунаж тогтсон тийм хот ажээ. Хоёр эргийг хооронд нь холбосон нум хэлбэрийн гүүр хамгийн түрүүнд нүдэнд тусна. Мөн сонирхол татсан хэд хэдэн бүтээн байгуулалт байсан нь 2 км үргэлжлэх тунеллэн зам манайд ямар тийм юм байх биш их л сонин бас сайхан санагдсаныг хэлэх хэрэгтэй байх. Тэрхүү зам дотроо бүр уулзвартай хэд хэдэн салаатай ажээ.

Энэ хотод чухам том зочид буудал зэрэг огт байхгүй үнэндээ байх ч шаардлагагүй байх лдаа. Хамгийн том нь магадгүй Radisson blue-гийн сүлжээ байх бид тэдний хажуу талын Rica-д хуваарилагдсан бөгөөд анх орохдоо биднийг муу буудалд оруулж байгаа байх гэсэн бөөн хартай байлаа. Гэхдээ бидний буусан буудалд Гарри, Магнус хоёр бас буусан тул сэтгэл санаа амарсан. Үргэлжлэл бий.

Тромсо тэмдэглэл 1-ийг ЭНД ДАРЖ уншина уу.

ОУШХ-ны мастер У.ЛХАМСҮРЭН

Тромсо хот. 2014.08.12

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж