Эдийн засгийг идэвхижүүлэх зорилгоор Засгийн газар “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, УИХ-аас холбогдох хуулиудыг батлуулан ажлаа эхлүүлж байсан бол наймдугаар сарын 18-нд эл хугацаа дуусч тус хөтөлбөрийг гардаж байсан Эдийн засгийн зөвлөлөөс тайлангаа тавьсан билээ. Мөн “Эзэн-100” хөтөлбөртэй холбоотойгоор Стратеги академиас 600 иргэнийг хамруулсан судалгаа хийснээ өчигдөр танилцууллаа. Судалгаанд оролцогчид “Иргэдийн амьжиргаа сайжирсан уу” гэсэн асуултад 5.7 хувь нь сайжирсан, 29.3 хувь нь хэвэндээ, 34.4 хувь буюу 3 хүн тутмын нэг нь амьдрал дордсон, 30.6 хувь нь хариулж мэдэхгүй байна” гэсэн хариулт өгсөн байна. Тэгвэл эдийн засагч, улстөрчид “Эзэн-100” хөтөлбөрт ямар байр суурь илэрхийлэв?
Д.Бямбасүрэн: 100 хоног амиа аргацаах арга
-Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: "Одоогийн Засгийн газар Чингэс, Самурай бондыг зөв зарцуулж чадсангүй. Эдийн засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засч сайжруулдаг тогтолцоо гэдгийг ойлгохгүй буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ. Цаашдаа энэ байдлаар явбал дараагийн 200 хоногт ч босгож, сэргээх аргагүй. 100 хоног гэдэг бол амиа аргацаах л арга. 100 хоног дуусахтай залгаад Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн айлчлал болно. Айл амьтан айлчилж байхад дотроо хэрүүл уруулгүй байя гэсээр байгаад намрын чуулган болтол үлдэж дөнгөнө. Энэ бол ердөө хугацаа хожих л арга."
Д.Батмөнх: Эерэг зүйл харагдаж байгаа
-Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх: "2012 онд Хөгжлийн банк 580 сая ам.доллар босгож ирсэн. Харин Засгийн газар 1.5 тэрбум ам.доллар оруулж ирсэн. Самурай бондоос 2013 онд 250 сая ам.доллар босгосон. Хэрвээ Засгийн газар ийм хэмжээний валютыг оруулж ирээгүй бол өнөөдөр ам.долларын ханш 3000 төгрөг хол давах байсан. Өнөөдрийн эерэг зүйл юу харагдаж байгаа вэ гэхээр манайхны гаднаас авдаг болон гадагшаа зардаг зүйл хоёрын зөрүү багасч байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал 100-хан хоногийн хүрээнд огцом эрчимжинэ гэж байхгүй. Гэхдээ анх зөвлөл байгуулагдаж байхад бизнесмэнүүд их итгэлгүй орж ирдэг байсан. Тэд ингээд цуглуулаад хуралддаг юм гэсэн байр суурьтай байлаа. Тэр үеийг бодвол одоо бид бизнес эрхлэгчидтэйгээ уулзаад шийдвэрүүдээ хурдан гаргаад явж байна. Тэд ч гэсэн зоригтойгоор Сангийн яам, татварынхантай маргалдаж мэтгэлцээд явдаг болсон.
Б.Бямбасайхан: 1.3 тэрбумын бодит хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн
-Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан: "Итгэлийг сэргээх ажлууд хийж байгаа. Өнөөдөр манай эдийн засаг болон хөрөнгө оруулалтын орчинд итгэл суларсан. Тийм учраас хэд хэдэн тодорхой ажлыг хийж эхэлсэн. Үүнд “Business summit”- 2014-ыг зургадугаар сард Их тэнгэр цогцолборт зохион байгуулж, нийт 400 гаруй компани оролцож Монгол Улс дахь бизнес, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн. Нийт 23 шинэ төслийг танилцуулсан. Мөн ДЦС-5 төслийн концессийн гэрээ зурагдаж, 1.3 тэрбум долларын бодит хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн. Нийтдээ концессийн таван гэрээ зурагдсан. Ойролцоогоор 15 тэрбум долларын өртөгтэй. Энэ наймдугаар сард бас нэг гэрээ зурагдана. Хөрөнгө оруулалтын сан 300-500 сая доллараар нэмэгдсэн, Монгол-Япон хоёр улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрсэн, Ашигт малтмалын тухай хууль батлагдсан. Эдгээрээс гадна Монголын бизнес эрхлэгчид, компаниуд өөрсдөө итгэлээ сэргээх нь маш чухал."
Ч.Хашчулуун: Нэг ч том төсөл эхлээгүй байна
-МУИС-ийн багш, доктор Ч.Хашчулуун: "Эдийн засгийг эрчимжүүлэх, идэвхжүүлэх төлөвлөгөөг хийдэг. Гэхдээ энэ удаагийн Засгийн газраас амалсан 100 хоног зохион байгуулалтын хувьд алдаатай байсан гэж би бодож байна. Эдийн засгийг сайжруулах ажлыг Засгийн газар хийх ёстой. Түүнээс биш бизнесийн төлөөлөл, ТББ-ууд сайн дураараа хийх боломжгүй. Яагаад гэхээр энэ хүмүүс маань шийдвэр гаргаж чадахгүй. Шийдвэр гаргах боломжгүй хүмүүст энэ ажлыг даалгачихаар Засгийн газар өөрийнхөө хийх ёстой ажлаас зугатаад байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлж байна. Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан зөвлөлийн гишүүд тайлангаа тавьж байсан. Гэхдээ тэр хүмүүсийн гаргасан тайланг сонсохоос илүү засаг, төр өөрөө юу хийсэн юм бэ гэдэг нь чухал. Хамгийн гол нь үр дүн харагдах ёстой. Үр дүн хараахан гараагүй, харагдахгүй байгаа учраас 100 хоногийн хугацаанд эдийн засаг сайжирсан юм байхгүй байна. Эдийн засгийн өсөлт нэгдүгээр улирлаас хоёрдугаар улирлын хооронд эрс муудсан. Нэгдүгээр улиралд долоон хувьтай байсан бол одоо дөнгөж 5,3 хувьтай гарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт муудсан хэвээр, нэг ч том төсөл эхлээгүй байна. 100 хоногт ямар нэгэн өөрчлөлт гарсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ сэтгэл зүйн хувьд эдийн засаг хүнд байна, ямар нэг юм хийх ёстой шүү гэсэн ойлголт байгаа нь л сайн байна гэж хэлэх байна даа."
Б.Гарамгайбаатар: Хэрэгжүүлэх нь Засгийн газрын асуудал
-УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: "УИХ эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг баталж гаргасан. Төсөлд “Эзэн 100” ч гэдэг юм уу нэр өгсөн юм байхгүй. Энэ бол Засгийн газраас гарсан яриа. Өнөөдөр бүх хүний амнаас 100 хоног гэсэн үг гарч байна. Тэр нь ярьж байгаа хүмүүсийн асуудал биз. Харин УИХ-аас гарсан тогтоол нь эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд ямар ажил хийх ёстой, ямар эрх зүйн баримт бичгүүдийг богино хугацаанд бэлтгэж өгөх вэ гэдэг нь тусгалаа олоод гарчихсан. Түүнийг хэрэгжүүлэх үйл явц нь Засгийн газрын асуудал байхгүй юу. Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу ямар ажил хийж байгаагаа Засгийн газрын цаг дээрээ тайлагнаж байгаа гэж бодож байна. Тиймээс тогтоолын төсөлтэй холбоотой ажлыг Эдийн засгийн байнгын хороо, УИХ намрын чуулганаар ярих байх. Тогтоолд заалтууд нь бүрэн байгаа. Засгийн газрын өгсөн мэдээллийн дагуу бид байнгын хороон дээрээ ярина."
Ж.Батзандан: Үнийн өсөлтөөс болж иргэдийн амьдрал амаргүй байна
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Засгийн газар олон ажил хийсэн гэж бидэнд хэлдэг. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийнхоо тайланг УИХ-д тайлагнана. Мэргэжлийн байгууллага, байнгын хороод дүгнэлтээ гаргана. Үүн дээр тулгуурлаж Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгнө. Иргэдийн амьдрал инфляци, үнийн өсөлтөөс болж амаргүй байгаа нь хүн бүрт мэдрэгдэж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн эрсдэлтэй зээлийн хэмжээ эрс нэмэгдчихэж. Зарим салбарын бүтээн байгуулалт сайн биш байна. Иргэд ч нэлээн бухимдалтай байгаа. Тэгэхээр тун удахгүй болох хоёр хөршийн тэргүүний айлчлалын дараа Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаанд УИХ-аас үнэлэлт дүгнэлтээ албан ёсоор өгнө."
С.Дэмбэрэл: Эдийн засаг сэргэнэ гэж нэг их хүлээх хэрэггүй
-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: "Энэ тогтоолын төслийг анх санаачлагч нь би. Анхны нэр нь эдийн засгийг идэвхжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах талаар УИХ-аас авах арга хэмжээ гэж байсан. Дараа нь Засгийн газар оруулахаар болж эдийн засгийг эрчимжүүлэх болж хувирсан. Сүүлдээ бүр 100 хоног гэсэн тоо гараад ирсэн. Харин бидний санаа бол оны эцэс хүртэл, он өнгөрөөд эхний гурван сар болтол эдийн засгийг валютын ханш, инфляциас эхлээд төрөл бүрийн арга хэмжээгээр идэвхжүүлэх байсан. Эдийн засаг идэвхжинэ гэдэг нь хувийн хэвшил идэвхжинэ гэсэн үг. Хувийн хэвшил идэвхжих нь нэг тал. Нөгөө талд хэрэглэгчдээ идэвхжүүлэх учиртай. Үүн рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг онцолсон. Зуун хоногийн арга хэмжээ эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн утга руу орчихоор эдийн засгийн өндөр өсөлтийг алдахгүй юмсан, тогтоогоод барихсан гэсэн чиг рүү хандсан заалтууд багтсан л даа. Ингээд эдийн засаг идэвхжихгүй. Инфляци гэхэд оны эцэст зоолттой хоёр оронтой тоонд байна. Тэгэхээр хүмүүс эдийн засаг сэргэнэ гэж нэг их хүлээх хэрэггүй. Эцсийн дүндээ энэ нь УИХ-ын буруу. Засгийн газарт чиглэл өгч чадаагүй."
Бэлтгэсэн Г.НАРАН