Ж.Батзандан: Шинэ засгийн газар байгуулвал илүү сайн ажиллана гэдэгт итгэдэг

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Шинэ засгийн газар байгуулвал илүү сайн ажиллана гэдэгт итгэдэг

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажил амжуулав. Ямар хуулийн төсөл дээр ажиллаж байгаа вэ?

 

-Эрүүгийн хуулийн шинэчлэл, захиргааны эрх зүйтэй холбоотой хэд хэдэн хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс би Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд эдгээр хуулийн төслийн ажлын хэсэгт ороод ажиллаж байна. Мөн завсарлагааны үеэр үндэсний их баяр наадам, амралт таарсан учир сайхан амарлаа. Харин одоо тойрогтоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна. Баянзүрх, Налайх дүүрэгт эмнэлэг, сургууль, зам, цэвэр усны байгууламж, бохирын шугам гээд маш олон томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Эдгээр ажлын нэлээд хэсэг нь энэ намар ашиглалтад орох ёстой. Тиймээс бүтээн байгуулалтын аж­луудаа шалгах ажилдаа орлоо.

 

-Тойргийнхоо иргэдтэй уулз­сан уу. Тэд ямар санал түлхүү тавьж байх юм. Иргэдийн амьдрал хэр байх шиг байна вэ?

 

-Иргэдтэйгээ байнга л уулздаг. Яагаад гэвэл би Улаанбаатараас сонгогдсон. Тойргийн иргэд маань өдөр бүхэн шахуу л миний өрөөнд ирж юу бодож санаж байгаагаа хэлж, хуваалцаж яв­даг. Улаанбаатарчуудын асуудлыг ший­дэхийн төлөө нийслэл, дүүр­гийн удирдлагуудтайгаа хамтарч ажиллаж байна. Иргэдийн дийлэнх нь ам сайтай байгаа. Улаанбаатарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй их хөрөнгө оруулалтыг хийж байна. Ялангуяа хотын захын гэр хорооллууд руу хөрөнгө оруулалтыг илүү чиглүүлсэн. Мэдээж эхэлсэн ажил дуусаагүй дундаа явж байна. Үр дүнг нь хараахан үзэх болоогүй ч нэлээн нааштай тал руугаа байгаа шүү. Тухайлбал Баянзүрх дүүрэгт энэ жил төрөх эмнэлэг бүрэн ашиглалтад орно. Налайх дүүргийн эмнэлгийн засвар хийгдэж байна. Тус дүүргийн эмнэлэг орчин үеийн түвшинд нийцсэн эмнэлэг болж байгаа юм. Мөн Налайх дүүрэгт дахин шинэ эмнэлэг барьж байгаа бол Баянзүрх дүүрэгт япончуудтай хамтран шинэ эмнэлэг барихаар эхлүүлээд байна. Орчин үеийн оношлогооны төвийг Солонгосчуудтай хамтарч эхлүүлээд байна. Шар хад орчимд тойрог зам тавьж байгаа. Шархад, Улиастайд амьдарч байгаа иргэд заавал хотын төв рүү орохгүйгээр тойрог замаар холбогдож явна. Түүнчлэн Баянзүрх руу тавигдаж байгаа хурдны зам энэ сарын сүүлчээр ашиглалтад орно. Энэ мэтчилэн тун олон ажил хийж байна.

 

-Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Энэ үеэр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг Засгийн газраас зарлаад дууслаа. 100 хоногийн хугацаанд валютын ханш улам л чангараад, юмны үнэ өсөж иргэдийн амьдрал доройтож байна. Та 100 хоногийн ажлыг ямар үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ?

 

-Засгийн газар олон ажил хий­сэн гэж бидэнд хэлдэг. Эдийн зас­гийг эрчимжүүлэх 100 хоногийнхоо тайланг УИХ-д тайлагнана. Мэр­гэжлийн байгууллага, байнгын хороод дүгнэлтээ гаргана. Үүн дээр тулгуурлаж Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгнө. Иргэдийн амьдрал инфляци, үнийн өсөлтөөс болж амаргүй байгаа нь хүн бүрт мэдрэгдэж байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийн эрсдэлтэй зээлийн хэмжээ эрс нэмэгдчихэж. Зарим салбарын бүтээн байгуулалт сайн биш байна. Иргэд ч нэлээн бухимдалтай байгаа. Тэгэхээр тун удахгүй болох хоёр хөршийн тэргүүний айлчлалын дараа Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаанд УИХ-аас үнэлэлт дүгнэлтээ албан ёсоор өгнө.

 

-Валютын ханшийн өсөлт манай эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ. Энэ тал дээр Монголбанкийг юу ч хийсэнгүй гэж шүүмжлэх хүн их байна?

 

-Манайх шиг эдийн засгийн жижиг багтаамжтай орон эрсдэл өндөртэй алхам хийвэл асар их өрөнд орж амархан дампуурна. Монголбанк манай улсын сан-хүүгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг нэг оронтой тоонд барих үүрэгтэй. Энэ үүргээ сайн биелүүлж байна уу гэвэл эргэлзээтэй.

 

-Сөрөг хүчний зүгээс болон зарим гишүүд ийм хүнд үед ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?

 

-Ээлжит бус чуулганыг хурал­дуулах шаардлагатай. Би санал нэг байгаа. Учир нь эдийн засгийн амаргүй хүнд нөхцөл байдлын үед улс төрчид, УИХ амраад байх шаардлага байхгүй. Хямралын үед улстөрчид амардаггүй, УИХ завсарладаггүй. Миний бие Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэчихлээ шүү гэдгийг удаа дараа хэлж сануулсаар ирсэн. Улстөрчдөд ч бид амраад байх шаардлагагүй гэж хэлсэн. Тиймээс тун удахгүй УИХ ээлжит бус чуулганаа зарлаж хуралдуулах байх. Тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, ярина. Цаг алдахгүй шийдэх олон асуудал бий.

 

-Ээлжит бус чуулганыг ху­ралдуулах бол хамгийн түрүүнд ямар асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?

 

-Төсвийн асуудал хамгийн тулгамдсан асуудал болчихлоо. Энэ жилийн төсвийн орлого алдагдалтай. Төсвийн зарлагын гүйцэтгэл тааруу байна. Улс эх орны амин чухал асуудал бол төсөв мөнгө, эдийн засаг болж байгаа учир үүнийг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Зөв төсөвлөж, зөв зарцуулж, зөв хэмнэхгүй бол тун удахгүй хүүхдүүдийн минь цэцэрлэг, сургууль гал алдах нь. Олон эмнэлгүүд хаалгаа барьж, олон аж ахуйн нэгжүүд дампуурах гээд байна. Тиймээс төсвийн асуудлаа эдийн засгийн бодлогоо илүүтэй нарийн харж алдаа оноогоо засаж залруулж авах нь зүйтэй.

 

-Хойд, өмнөд хоёр хөршийн төрийн тэргүүнүүд манай улсад айлчлал хийх гэж байна. Айлчлалын үр дүнгээс юу хүлээж байна вэ?

 

-Олон үр дүн хүлээж байгаа. Манай улсад хоёр том хөршийн төрийн тэргүүн айлчилж байгаа нь бол Монгол Улсын тусгаар тогтнол бие даасан байдлыг улам баталгаажуулж, Монгол Улсыг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрч хамтран ажиллахын илэрхийлэл гэж харж байна. Нөгөөтэйгүүр энэ бүс нутагт энхтайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллах, эдийн засгаа өөд нь татах, бизнесээ хөгжүүлэх, улстөрийн тогтвортой байдлыг хангах маш том бололцоо боломж эргэн ирж байна гэж харж байгаа. Орос, БНХАУ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том гүрнүүд. Энэ хоёр улстай манай улс хил залгаа оршин тогтноно гэдэг бол геополитикийн утгаараа ч, эдийн засгийн утгаараа ч маш их ач холбогдолтой. Монгол Улс хоёр хөршийнхөө зах зээлийг ашиглах, хамтарч ажиллах, эдийн засгаа өөд нь татах маш том бололцоо үүсэх юм. Хоёр хөршийн удирдлагуудын айлчлалын үеэр бид хөрштэйгээ харилцах эдийн засгийн болон нүүрс экспорт, импортын асуудал, уул уурхайн хөгжил, дэд бүтэц, төмөр зам, хөдөө аж ахуй, мах экспорт асуудал гэх мэт олон асуудлыг шийднэ гэж бодож байна. ОХУ-ын болон БНХАУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд ярилцлага өгсөн байна. Энэ айлчлал маш үр дүнтэй болохыг хэлжээ. Орос, Монголын тал бүх талын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж тохирч олон талын хамтын ажиллагаа эхлэх болно гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ярьсан. Тэгэхээр хоёр улсын төрийн тэргүүний айлчлал бүрэн амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

 

-Саяхан Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хамтдаа хууль зөрчсөн үйлдэл гаргаж Ерөнхий сайдын зөвлөхийг хорих ангид очиж эргэжээ. Та хуульч хүний хувьд энэ үйлдлийг юу гэж үзэж байна вэ?

 

-Нэгдүгээрт хуулийн хариуц­лага гэж байна. Хоёрдугаарт улстөрч хүнд улс төрийн ха­риуцлага гэж байх ёстой. Улс төр болон хуулийн хариуцлага зэрэг явагдах байх. Сэжигтэн яллагдагчтай уулзах хуулийн зарчим байдаг. Монгол Улсын хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой. Сайд байна уу, Ерөнхий сайд байна уу, жирийн иргэн байна уу хамаагүй ялгаваргүйгээр үйлчлэх ёстой. Хууль зүйн сайд нь Ерөнхий сайдаа дагуулаад очвол нэг өөр. Жирийн иргэн очвол өөр үйлчилж болохгүй. Энд зайлшгүй хариуцлагын асуудал яригдана. Улстөрч, сайд нартай хариуцлагыг УИХ дээр ярьдаг. УИХ дээр энэ асуудал яригдах үед би өөрийн байр сууриа илэрхийлнэ.

 

-Сайд нартай хариуцлага ярих болохоор нам хоорондоо талцаад маргалдаж байгаад ямар нэгэн аргаар авч үлддэг байдал хаврын чуулганаар харагдлаа шүү дээ. Энэ байдал мөн энэ намрын чуулганаар дахин давтагдах юм биш байгаа?

 

-УИХ шийдвэрээ олонхиороо гаргана. Олонхиороо гаргасан шийдвэрийг бусад нь үг дуугүй дагаж биелүүлэх ёстой. Гэхдээ манай олонх ухаалаг, илүү хариуцлагатай, ёс зүйтэй болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

-АН фракци хоорондын зөрчилдөөнөөсөө болоод Н.Алтан­хуягийн Засгийн газ­рыг унагаад МАНАН-гаас бүрд­сэн шинэ Засгийн газар бай­гуу­лаг­дана гэсэн яриа их гарч байна. Хэрвээ Засгийн газар уналаа гэхэд дараагийн Засгийн газрыг хэр­хэн төсөөлж байгаа вэ?

 

-Хүн ирээдүйдээ итгэж амьдардаг. Маргааш өнөөдрийнхөөс илүү сайхан болно гэдэгт итгэдэг учраас өнөөдөртөө бид ёс сурта­хуунтай амьдрахыг дээдэлдэг, хичээдэг. Тийм учраас маргаашийн Засгийн газар өнөөдрийн Засгийн газраас илүү сайн болно гэдэгт итгэдэг. Илүү сайн байх ёстой ч байх. Зарим хүмүүсийн хэлдэг шиг маргаашийн Засгийн газар Н.Алтанхуягийнхаас муу болох учраас Н.Алтанхуягтайгаа байя гэсэн хүмүүст итгэдэггүй. Би маргаашд итгэдэг. Маргаашийн нар өнөөдрийнхөөс илүү сайхан тод гарна гэдэгт итгэдэг.

 

-МАНАН байгуулагдана гэсэн нь хэр бодитой гэж бодож байна вэ?

 

-Янз бүрийн яриа байна. Тэр бол улстөрчдийн таамаглал байх.

 

-Таны хувьд хэрхэн таамаглаж байна вэ?

 

-МАНАН ч байна уу сар наран ч байна уу ямартай ч маргаашийн Засгийн газар өнөөдрийн авлига­жсан, хариуцлагагүй Засгийн газраас, улс орноо эдийн засгийн хямралд унагасан Засгийн газраас илүү байгаасай л гэж хүсэж байна.

 

Г.ХИШИГСҮРЭН

 

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж