УИХ-ыг сурталчлах өдөрлөг Төв аймагт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

УИХ-ыг сурталчлах өдөрлөг Төв аймагт боллоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч, хөгжсөний 20 жилийн  ойн арга хэмжээний хүрээнд УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн билээ. Эл өдөрлөгийг төв аймагт хийлээ. Өмнө нь Орхон, Дорноговь аймагт УИХ-ыг сурталчлах өдөрлөгийг амжилттай хийж байжээ. Энэ өдөр Төв аймгийнхан байнгын ажиллагаатай Парламент үүсч, хөгжсөн 20 жилийн түүхтэй танилцан, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоол, бусад шийдвэрийн талаар мэдээлэл авч, УИХ-аар хэлэлцэх гэж буй Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, газрын тухай хуулийн төслийн талаархи нээлттэй хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр аймгаас сонгогдсон гишүүдтэй уулзалт ярилцлагыг өрнүүлж, иргэд сонирхсон асуултандаа хариулт авлаа. Нээлтийн арга хэмжээний үеэр Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаар УИХ-ын Тамгын газрын захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга Л.Пүрэвжав дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Мөн “Монголын парламент-20 жил” баримтат киног өдөрлөгт оролцогчдод үзүүлж, сонирхууллаа.
Энэ үеэр Төв аймагт иргэний нээлттэй танхимын нээлт боллоо. Тус танхим нь давхар УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах юм. Тиймээс УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж энэ төвд нэн шаардлагатай  техник, тоног төхөөрөмж, интернэтээр УИХ-ын сүлжээтэй шууд холбогдох цахим самбарыг /touch screen/-ыг гардуулан өглөө. Энэхүү төхөөрөмжөөс УИХ-тай холбоотой бүхий л мэдээллийг авна Мөн Төв аймагтай холбоотой мэдээллийг давхар суулгаснаараа онцлогтой юм. Ингэснээр тус аймгийн Парламентыг сурталчлах танхимаар үйлчлүүлсэн хэн бүхэн хууль, тогтоолын сан, УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бүхий л шинэ мэдээллийг авах боломжтой бүрдлээ. Үүний зэрэгцээ УИХ-ын Тамгын газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон. УИХ-ын Тамгын газраас өдөрлөгийн үеэр 4400 гаруй бичмэл материал, гарын авлага, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хуулиудыг багтаасан 400 шахам дискийг  тараасан юм.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж