Алдарт жиргээчтэй холбоотой үзэгдээгүй юмс

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Алдарт жиргээчтэй холбоотой үзэгдээгүй юмс

-Тэртэй тэргүй гурван сая иргэндээ ахадсан мэдээллийн хэрэгсэл Монголд ажиллаж байгаа ч өнгө будаггүй мэдээллийг түгээдэг нь ховор болсон өнөө цагт олон нийтийн цахим сүлжээ бидний тунхагласан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангаж байгаа талбар болоод удаж байна-

Өчигдөр Монголын ардчиллын түүхэнд үзэгдээгүй юм болов. Олон нийтийн сүлжээнд “Бат инженер” хэмээх нэрээр жиргэдэг Ц.Батыг нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс хүн гүтгэсэн гэж үзэн гурван сар арав хоног буюу 100 хоног баривчлах ял оноожээ. Ц.Бат нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү, нисэхийн инженер мэргэжилтэй. МИАТ компанийн Бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ оны хоёрдугаар сард халагдсан. Тухайн үед халагдсан “Захиргааны чөлөөтэй байх хугацаандаа өөрийн албан ажилтай холбоотой мэдээ, мэдээллийг твиттер цахим хуудсанд зөвшөөрөлгүй нийтэлж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг удаа дараа зөрчин компанийнхаа бизнесийн нэр хүндэд халдсан, дотоод нууцтай холбоотой мэдээллийг задруулсан” гэсэн шалтгаанаар халагдаж байжээ. Ц.Бат нь энэхүү шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд зарга мэдүүлж, шүүх хүсэлтийг нь ханган ажилд эргүүлэн авах шийдвтэрийг гаргасан байдаг ч өнөөг болтол ажилдаа ороогүй байгаа юм.

Ц.Бат нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч бөгөөд зарим хүмүүс “алдарт жиргээч” хэмээн тодорхойлж байгаа. Алдарт жиргээч маань үзэл бодлоо чөлөөтэй, ямарваа нэг өөрийн цензургүй нийтэлдэг гэдгийг цахим ертөнцийнхэн андахгүй.

Өчигдөр болсон үйл явдлын талаар албаны тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч Ц.Батын эгчийн МонголHD телевизэд өгсөн ярианаас үзвэл Зам тээврийн сайд А.Гансүх Ц.Батыг нийгмийн сүлжээгээр өөрийг нь удаа дараа доромжилж гүтгэсэн хэмээн гомдлоо сайдын албан бланкан дээр бичин шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Өчигдөр болсон шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүнгүй Б.Халиун гэдэг шүүгч явуулж, гүтгэсэн гэж үзэн ял оногдуулсан юм байна. Гэхдээ гүтгэсэн гэдгээ баримтаар нотлоогүй, жиргээгээр сэтгэгдлээрээ гүтгэсэн гэж үзсэн Ц.Оюунгэрэл ярьсан. Хэрвээ тийм бол нотлох баримтаар нотлогдоогүй тохиолдолд гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөр нэг үзэгдээгүй үзэгдэл нь олон нийтийн сүлжээгээр түгээсэн зүйлд шүүхээс ял оногдуулах ямар ч хуулийн гаргалгаа Монгол Улсад байхгүй байгаа явдал. Зохиогчийн эрхийн болон Зар сурталчилгааны хуулиудад мэдээлэл түгээх сувгуудад цахим сайт гэсэн үг байдаг болохоос олон нийтийн сүлжээ бол цахим сайт биш. Эсвэл шүүгч андуурав уу. Интернэтийн сүлжээ ашиглаж түгээж байгаа л бол сайт гэж ойлгодог хүмүүс Монголд олон байдаг нь бидний /цахим сайт ажиллуулдаг хүмүүсийн хувьд/ ажиглагддаг. Тийм эндүүрэл байж болох юм гэж шүүгчийг зөөлрүүлж бодож болох шүүгч гэдэг бол үнэн худлыг төрийн нэрийн өмнөөс дэнсэлдэг өндөр хариуцлагатай байр суурь, буруу дэнсэлж гэмээнэ хүний хувь заяаг хааш нь ч эргүүлж мэдэх том гэмтэй. Тийм ч учраас шүүгч нарыг төрөөс тусгайлан харж үзэж, эрх ямбыг өндөрсгөөд байгааг бүгд мэднэ.

Бас нэг үзэгдээгүй юм бол үзэл бодлоо илэрхийлсэний төлөө төрийн нэрийн өмнөөс ял оноосон явдал. 1990 оноос өмнөх нийгэмд амьдарч байсан бол энэ шийдвэрт гайхахгүй байлаа. Гэтэл 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар монголчуудад бидэнд олдсон эрх чөлөөний нэг бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. Төрийн өндөр алба хашиж байгаа сайд нь жирийн иргэнийг өөрийнх нь талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэний төлөө шүүхэд дуудан, шүүх нь хүсэлтийг ханган ял онооно гэдэг бол ямар нийгэмд амьдарч байгаагаа өөрсдөөсөө асуухаас өөр аргагүй байдалд олон хүнийг авчирлаа. 1990 оны цагаан морин жилийн хувьсгал 2014 оны цагаан морин жилдээ нүд аньж байгаа нь энэ үү. Эсвэл шинэ цагийн ардчилсан хувьсгалыг эхлүүлэх цаг болсоны дохио юу.

Бас нэг үзэгдээгүй юм нь олон нийтийн сүлжээг албан ёсны мэдээллийн хэрэгсэл гэж тооцсон явдал. Тэртэй тэргүй гурван сая иргэндээ ахадсан мэдээллийн хэрэгсэл Монголд ажиллаж байгаа ч өнгө будаггүй мэдээллийг түгээдэг нь ховор болсон өнөө цагт олон нийтийн цахим сүлжээ бидний тунхагласан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангаж байгаа талбар болоод удаж байна. Харин үүнийг одоо зохицуулах, хянах хүслээ эрх баригчид илэрхийллээ гэж харж байна. Мэдээллийн технологийн дэвшлийг дагаад мэдээлэл түгээх орон зай хязгааргүй болсоныг бүгд мэдэж байгаа. Үүнийг зохицуулах гэсэн оролдлогыг маш олон орон хийж үзээд ашиг тусаа өгсөн нь одоогоор үгүй юм билээ. Харин хоёр хөрш маань энэ асуудалд өөр ханддаг. Хятадад чанд хяналтан дор байдаг бол хойд хөрш маань зохицуулах хууль гарган энэ наймдугаар сарын 1-нээс мөрдөж байна. ОХУ-д мөрдөж эхэлсэн энэ хуулийг эрх баригчид цахим мэдээллийг хянах алхам гэж харж байгаагаа олон хүн илэрхийлээд байгаа. Энэ хуулиар аливаа блог, цахим хуудас болон интернэт сайт өдөрт 3000 гаруй хандалттай бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэмээн бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ОХУ-ын Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Ийн тавигдах шаардлагад сонгуулийн хуулийг мөрдөх, цензургүй яриа хэллэгийг ашиглах хориотойгоос гадна аливаа мэдээ, нийтлэлдээ насны хязгаарлалтын тухай санамж тэмдэглэгээг ашиглах зэрэг шаардлага багтжээ. “Хувийн интернэт сайт болон цахим хуудас  дээрээ мэдээлэл нийтлэгч этгээд” гэсэн тодорхойлолтод багтсан блогчин нь нягтлаагүй баримт материал болон тэдгээрт уншигчдын бичсэн сэтгэгдлийн өмнөөс хариуцлага хүлээнэ. Энэхүү хариуцлагаар 500 мянган рублийн /14 мянган ам.доллар/ торгууль тавих, цаашлаад 30 хоног хүртэл үйл ажиллагааг нь хаах аж. Магадгүй хоёр хөршөөсөө санаа аван даган дууриах оролдлого хийх гэж байна уу гэж ойлгож байна. Гэвч үзэл бодлоо илэрхийлдэггүй нийгэм эцэстээ ямар төгсгөлд хүрдэгийг нотолсон түүх зөндөө бий шүү дээ.

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж