Зүрх сэтгэлээсээ саналаа өгье

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Зүрх сэтгэлээсээ саналаа өгье

Улаанбаатар, 2014 оны 8 дугаар сарын 19: Мобиком корпораци “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн нээлтийг хийлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Мобиком корпораци олны танил хүмүүсийн нийгмийн сайн сайхны төлөө хийж буй ажил үйлсийг нь дэмжин сурталчлах замаар хамтран ажиллах ажээ. Мобикомын хэрэглэгчид өөрсдийн дэмжиж буй төслийн төлөө санал өгөх бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд хамгийн олон санал авсан төсөлд Мобиком корпорацийн зүгээс бүрэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн бусад төслүүдэд тодорхой хэмжээний санхүүжилт олгох аж.

“Зүрх бүхний төлөө” хөтөлбөр 8-р сарын 18-наас 9-р сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Мобикомын хэрэглэгчид өөрсдийн дэмжиж буй төсөлдөө зүрх сэтгэлээсээ саналаа өгөх эрхтэй болно. Өнөөдрөөс эхлэн 5 долоо хоногийн туршид Мобиком корпораци хэрэглэгчдээсээ мессэжээр санал хүлээн авах бөгөөд долоо хоног бүрийн эцэст хамгийн олон санал авсан төслийг зарлах болно. Ингээд төслийн мэдээллийг та бүхэнд товч танилцуулья:

 

МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргалын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран халамжлагчдад дэмжлэг үзүүлэх” төсөл:

Өнөөдрийн байдлаар Монгол улсад 131,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Энэхүү төслийн зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдад гэр бүлдээ анхаарал халамж тавихын зэрэгцээ гэрээсээ бизнес эрхлэх боломжийг зааж сургах, сургалтын танхим бүрдүүлэх явдал юм.

 

МУГЖ И.Одончимэгийн “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төсөл:

Улаанчулуут бол Улаанбаатар хотын хамгийн том хогийн цэг юм. “Харилцааны Хөгжил” ТББ тус цэгт амьдардаг айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох төрөл бүрийн сургалт явуулдаг аж. Энэхүү төслийн зорилго бол Улаанчулуутын хог орчмын хүүхдүүдэд сургалтанд хамрагдах орчин нөхцөлийг нь сайжруулах, мөн нийгэм олон нийтэд нөхцөл байдлыг таниулан сурталчлах явдал юм.

 

Камертон хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амарын “Гэмтэл Согогын үндэсний төвийн Түлэнхийн тасагт аппарат, тоног төхөөрөмж авч өгөх” төсөл:

Түлэнхийн тасаг нь жил бүр 400-500 хүн хүлээж авдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь бага насны хүүхдүүд байдаг. Тус тасаг нь одоогийн байдлаар өөрсдийн эзэмшлийн байргүй бөгөөд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Мөн тоног төхөөрөмжийн хувьд ихээхэн дутагдалтай байдаг. Уг төслийг хэрэгжүүлснээр Түлэнхийн тасагт нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч өгөх юм.

 

Яруу найрагч Ц.Хулангийн “Оюунлаг залуусыг дэмжих сургалтын тэтгэлэгийн” төсөл:

Суралцах хүсэл эрмэлзлэлтэй хэдий ч санхүүгийн бэрхшээлээс болоод коллеж, их сургуульд суралцах боломжгүй олон хүүхэд, залуучууд байдаг. Энэхүү тэтгэлэгт төслийн зорилго бол эдгээр залууст ажил мэргэжил эзэмших боломж олгож, суралцах хугацааны туршид тэтгэлэг олгох явдал юм.

 

Реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийн “Гэр бүлийн номын сан байгуулах” төсөл:

Энэхүү төслийн хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд бага насны хүүхдүүдэд зориулсан ном унших хэсэг байгуулах юм. Үүний дүнд Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг бага наснаас нь эхлэн номтой нөхөрлүүлж, оюунлаг монголын ирээдүйг бэлтгэхэд хувь нэмэрээ оруулах ажээ.

 

Мобикомын хэрэглэгч та саналаа өгөх замаар энэхүү нийгмийн зорилтот аянд оролцоод зогсохгүй үүнийхээ төлөө гайхалтай шагналуудыг хүртэх боломжтой. Хэрэв таны дэмжсэн төсөл тухайн долоо хоногт хамгийн өндөр санал авсан байвал та гадаадад аялах аялал болон ухаалаг гар утас хожихын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. Таны дэмжсэн төслөөс хамааран аяллын чиглэлүүд өөр өөр байна. Мобиком корпораци хөтөлбөрийн төгсгөлд 5 долоо хоногийн туршид саналаа өгсөн хүмүүсийн дундаас 1 хэрэглэгчийг шалгаруулан хөтөлбөрийг дэмжигч MSM компанийн бүрэн тоноглогдсон Jeep Wrangler автомашинаар бэлэг барих ажээ.

 

Та эдгээр төслүүдэд санал өгөхийн тулд урьдчилсан төлбөрт дугаараа цэнэглэх болон дараа төлбөрт дугаарынхаа төлбөрийг хийхэд л хангалттай. Дансаа цэнэглэж, төлбөрөө төлснөөр та санал өгөх эрхүүдийг хүлээн авах юм. Эдгээр төслүүдийн талаар болон хэрхэн саналаа өгөх талаар мэдээлэл авахын хүсвэл Мобикомын салбарууд дээр байрлах үйлчилгээний мэдээллийн ажилтанд хандах буюу 2222 луу залгаарай. Мөн www.mobicom.mn болон Мобикомын фэйсбүүк хуудсанд зочлон хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүлээн авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж