Баянхошууны Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг хааснаар хотын төв рүү зорчих иргэд явганаар алхахаас аргагүйд хүрээд байна. Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг хаана гэдгийг Нийслэлийн Авто замын газраас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ингэхдээ тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай хамтран зохицуулахаа давхар зарласан боловч ямар ч зохицуулалт алга. Хотын төв рүү ажилтай иргэд 2-3 буудал газар алхаж унаатай залгаж байна. Өдөр, өглөөдөө ингэж алхаад байж болох ч оройн цагаар ийм байдлаар гэртээ харина гэдэг бэрх аж. Дээр нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд 2-3 буудал газар алхах уу гэдэг асуудал ч үүслээ.
Уг нь Баянхошууны эцсээс “Баянхошуу-УБИС” чиглэлийн тав дугаартай автобус үйлчилж байгаа ч бүтэн цаг хүлээж суух болж байна. Цөөн тооны автобус үйлчилгээнд гардаг тул цаг нь хол байдаг бололтой. Гэтэл Хөтөлийн зогсоол дээр “Баянхошуу-Ард”, “Баянхошуу-Вокзал”, “Баруун салаа-Халдварт” гэсэн хаягтай автобуснууд зорчигчоо хүлээн хэд, хэдээрээ багшралдах. Зарим тохиолдолд 2-3 хан зорчигчтойгоор хотын төв рүү сул шахам давхиж байна. Харин хоёр буудлын цаана нь иргэд унаа харуулдсаар.
Нийтийн тээврийн алдагдал 20 тэрбумд хүрлээ, 30 тэрбумд хүрлээ гээд л байсхийгээд зарладаг. Тэгсэн атлаа шатахуунаа хэмнэе, хэрэгтэй газар нь автобусаа үйлчилгээнд гаргая гэдэг бодлого энэ салбарт үгүй болсныг дээрх үйл явдал ч харуулж байх шиг. Иймгүйсэн бол хоёр буудлын наана багширч байгаа тэр олон автобуснаас ядаж гурвыг нь хүч нь хүрэхгүй байгаа “Баянхошуу-УБИС”-ийн чиглэлд нэмж гарган, зохицуулалт хийх эрх мэдэл Нийслэлийн Тээврийн газарт баймаарсан даа. Нийслэлийн Тээврийн газрын үндсэн үүрэг юу вэ, энэ мэт ажлыг зохицуулах биш гэж үү. Ер нь тэгээд иймэрхүү зохицуулалтыг хийж чадахгүй юм бол Нийслэлийн Тээврийн газар байж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суухын хэрэг байна уу. Шууд л татан буулгаж, Нийслэлийн захирагчийн ажлын албанд хариуцуулбал таарна.
Нөгөө талаар, авто зам засах нэрийн дор иргэдийн эрх зөрчигдсөөр байгааг хэлэх ёстой болов уу. Айлууд газраа чөлөөлж өгөхгүйгээс хугацаа алдаж, ажил удааширч байна гэсэн тайлбарыг дээрх авто замыг засч буй компанийн зүгээс өгдөг ч зам засч байгаа ойр орчмын газраа чийглэж, тоос шороо босохоос сэргийлсэнгүй. Үүнээс болж иргэд тоосны харшилтай болж, харшилтай нэгнийх нь өвчин сэдэрч байна. Түүнд нь бага насныхан ч өртөж, хоолой нь өвдөх болов. Үүгээрээ зам засварын ажлыг буруутгах гэсэнгүй, гол нь авто зам засахдаа иргэнийхээ эрүүл мэндийг давхар бодолцож, хаа, хаанаа ажлаа гүйцэтгэхгүй бол эцэст нь иргэд хохирч байгааг сануулахаас арга алга.
Мөн зам засварын ажлаа шуурхайлахгүй бол хэзээ мөдгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Баянхошуунаас хотын төв рүү сургуульд сурдаг сурагчид олон бий. Ажлынхаа ойролцоо хүүхдээ цэцэрлэгт өгдөг эцэг, эхчүүд ч тэднээс дутахгүй. Хэрвээ зам хаах эцсийн хугацаа наймдугаар сарын 26-наар дуусахгүй бол сурагчид харанхуй шөнөөр 2-3 буудал газар алхаж, эцэг, эхчүүд хүүхдээ үүрч дүүрэн алхахаас аргагүйд хүрнэ.
Ингэхэд зам хааж болох ч иргэндээ зорчих эрхийг нь үлдээдэг баймаарсан. Гэртээ харих зам маань хэзээ нэг сайхан болох юм болдоо.
Г.БОЛОР