буурал талаар Хөгжлийн төмөр зам даган галт тэрэг хурд мэдэн довтолгох
цаг айсуй. Тэртээ дайны жилүүдэд цэрэг дайны зориулалттай
Соловьевск-Баянтүмэн чиглэлийн төмөр замаар галт тэрэгний дуут дохио
хангинаж байсан түүхтэй. Тэгвэл дорнын тал нутгийг илчит тэрэгний дуут
дохио дахин сэрээх их бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлжээ.
Даланзадгад-Сайншанд-Чойбалсан чиглэлийн Хөгжлийн төмөр зам тавих ажил
өнгөрсөн сард Дорноговь аймгийн Сайншанд сумын Хар тойром хэмээх газарт
шав тавьснаар эхэлсэн бол Дорнод аймгийн Булган сумаас Чойбалсан хүртэлх
50 км төмөр замын хөрс хуулан бэлтгэх ажил энэ сарын 6-наас эхлээд
байна. Тус төмөр замын ажлын явц, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй
танилцахаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга
өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллаад ирлээ.
“Монголын
төмөр зам” компанийн Булган сумын нутаг Зараатын хөндийд эхэлсэн төмөр
замын ажлын хөрс хуулалт, геологи судалгааны ажилтай сайдын багийнхан
танилцсан юм. Аймгийн төвөөс 40 гаруй км зайтай Зараатын хөндийд байрлах
тус компанийн ажилчид ажлаа эхэлжээ. Энд аварга техникүүдийн том
шанагаар газрын хөрсийг ухан авч байхад, нөгөө талд нь газрын гүнд
геологи судалгааны ажил хийж байлаа. Хөндийн дунд хэсэгт хоёр км газарт
нарийвчилсан судалгаа хийж байгаа гэнэ. Эндээс дайны үеийн 35 ширхэг
тэсрэх сум олдож байсныг аймгийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгч,
аюулгүй болгосон гэж “Транс кон” компанийн гүйцэтгэх захирал Б.Хүдэряан
танилцуулав. “Транс кон” нь Дорнод аймгийн нутаг дахь 50 км төмөр замын
ажлыг гүйцэтгэнэ. Зүүн бүсийн 1100 км төмөр замын ажлыг гүйцэтгэлд
“Монголын төмөр зам” төрийн өмчит компани хяналт тавьж ажиллах аж.
Өнөөдрийн шатахууны хомсдол төмөр замын ажилд чамгүй нөлөөлж “амжжээ”.
Тэд ойрын хугацаанд шатахууны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч, салбарын
сайд ч асуудлыг шийдвэрлүүлнэ гэж амалж байв. Энд орон нутгаас 500-600
гаруй иргэдийг ажлын байраар хангах боломжтой. Гэхдээ ажлын явц бүрэн
жигдрээгүй болохоор орон нутгаас туслах ажилчид авч ажиллуулаагүй байгаа
аж. Тус компанийнхан өдөрт 700 метр газрын хөрсийг хуулж, хоёр сарын
хугацаанд ажлыг бүрэн дуусгаж, төмөр замын далангийн ажил эхлэх гэнэ.
Одоогоор төмөр замын техник эдийн засгийн үндэслэл бүрэн батлагдаагүй
учраас хөрөнгө оруулалт хэд байх, хэдийд ашиглалтад оруулах зэрэг
асуултын хариу бүрхэг. Ирэх долдугаар сараас энэ асуултын хариу тодорхой
болох гэнэ. Х.Баттулга сайдын тооцоолж буйгаар нэг км өргөн царигтай
төмөр зам барихад ойролцоогоор 2.2-2.5 сая ам.доллар зарцуулах
шаардлагатай. Тэрээр их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй ч энэ замыг
барьснаар манай улс олон улсын зах зээлд өрсөлдөх чадамж, нэмүү өртөгтэй
бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж зэрэгт нэлээд таатай нөхцлүүд бүрдэнэ
гэдэгт итгэлтэй байгаа аж.
Манай улс жилд 60 сая тонн уул
уурхайн бүтээгдэхүүн экспортлох тооцоо гаргаад байгаа. Үүнийг машины
тэвшээр зөөгөөд байх нь юу бол. Тиймээс төмөр зам зайлшгүй хэрэгтэй.
Тэгэхээр энэ төмөр зам ашиглалтад орвол өнөө 60 сая тонн уул уурхайн
бүтээгдэхүүний багагүй хэсгийг тээвэрлэх нь гарцаагүй. Монголын говиос
дорнын тал хүртэлх 1100 км төмөр зам барих ажлыг монголчууд өөрсдийн хүч
хөрөнгөөр хийх гэж буй нь үнэхээр бахархууштай. Дорнын тал нутаг өрнийг
холбосон хамгийн дөт төмөр замын ажил гараанаас гарлаа. Гараа нь сайн
бол бариа сайн гэдэг дээ.
Хэрлэн гол дагаад хуучны Оросын
цэргийн ангийн дивизийн барилгуудын балгас хаа сайгүй. Орон нутгийн
иргэд “1990 онд орос цэргийн ангиуд гарахад орон сууц эд хогшил нь тэр
чигээрээ үлдсэн. Харин манайхан барилгын дам нуруу ханыг нь хот руу
зөөж, тоосгыг нь нурааж, ашиглах зэргээр балгас болгочихсон. Уг нь тэр
чигээр нь төр мэдэлдээ аваад, иргэдийг орон сууцжуулсан бол Дорнод
аймагт орон сууцгүй иргэнийг хайх амаргүй л байхсан” гэлцэж байв. Дорнод
аймаг 70 гаруй мянган хүн амтай. 1990-ээд оноос хойш тус аймагт өргөн
цар хүрээг хамарсан, далайцтай их бүтээн байгуулалтын ажил огт
хийгдээгүй гэж хэлж болно. Чойбалсан хотыг чимэх орон нутгийн иргэдийн
өмч болох үйлчилгээний хэд хэдэн барилга байгууламж, гудамжны
гэрэлтүүлэг, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсныг эс тооцвол.
Харин зүүн өмнөд Ази, Европыг холбосон төмөр замын ажил нь
дорнодчуудын хувьд томоохон бүтээн байгуулалтад тооцогдох нь гарцаагүй.
Гэтэл тал нутагт өрнөж буй төмөр замын ажлын талаар ямар ч мэдээлэлгүй
байна гэж хэлэхэд хилсдэхгүй л болов уу. Аймгийн төвийн гудамжаар холхих
иргэдээс орон нутагт өрнөх их ажлын талаар лавлахад дийлэнх нь мөрөө
хавчин, толгой сэгсэрнэ. Харин Хэрлэн сумын VI багийн иргэн Т.Гэрлээ
“Төмөр замын ажил манай аймагт эхэлж буй нь жирийн иргэдийн хувьд ч
олзуурхууштай явдал. Залуус ажлын байртай болох, тухайн компанийн
хүнсний хэрэглээг орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид хангах, цаашлаад төмөр
зам ашиглалтад орсны дараах дэд бүтэц дагасан бүтээн байгуулалт зэрэг
давуу боломжууд бүрдэх нь ойлгомжтой. Дэд бүтцийн асуудлыг дэмжээд өгвөл
манай аймаг маш хурдан хөгжих боломж бий. Орон нутгийн засаг захиргааны
удирдлагууд төрийн төлөө ажиллаад байгаа, намын төлөө ажиллаад байгаа
нь ер ойлгоход бэрх. Тухайлбал, жирийн иргэн урьд өмнө намын сонгуульд
ажилласны төлөө жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах эрх
хязгаарлагдаж байна гээд бод доо. Мөн Хятадын хөрөнгө оруулалттай “Дачин
Тамсаг” компани Мэнэнгийн талыг ямар болгочихоод байгаад төр засаг
анхааралдаа аваасай. Хоёр дахь Өмнөговь энд бий болчихоод байна” гэж
байлаа.