Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум Улаанбаатар хотноо эхэллээ. “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдэвт эл форум наймдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийслэлийн Засаг даргын урилгаар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пёньян, Венсан, Хамхын, Расөн, Япон Улсын Нийгата, БНСУ-ын Пёнчан хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан, Нийслэл, дүүргийн удирдлагууд, олон улсын байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид оролцож байгаа юм. Форумын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нар оролцлоо.