Харилцан итгэлцэл буюу Го даам

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Харилцан итгэлцэл буюу Го даам

-Харилцан итгэлцэл монголчуудад ч , хятадуудад ч хэрэгтэй. Итгэлцэхгүй байна гээд хөрөнгөө аваад нүүгээд явчихаж чадахгүйгээс хойш хэн хэнийхээ аль сайхныг дэвжээж, дэм дэмэндээ явахаас өөр гарц бидэнд үгүй. Өөрөөр хэлбэл, шатрын хааныг мадлахаас илүүтэй Го  даамаар наадацгаая-

Хятадын тав дахь үеийн удирдагч Си Жинпин энэ долоо хоногт Монгол Улсад айлчлах гэж байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж яваа гүрнийг удирдаад хоёр жил гаруй болж байгаа Си Жинпин өмнөх удирдагчидтай харьцуулахад насаар залуу учраас залуу удирдагч хэмээн тодотгодог. Манай өмнөд хөрш бол төрийн бодлогын залгамж байдал, удирдлагын арга барилыг өвлүүлж чаддагаараа дэлхийн улс төрийн ухаанд онцгой гэгддэг. Си Жинпиний өмнөх дөрвөн удирдагчтай уулзаж, АНУ-Хятадын харилцааны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан Хэнри Киссинжер “Хятад” номондоо энэ тухай өгүүлсэн байдаг. Хятадын түүхийг харах юм бол Хятад хэзээ ч бусад улс орныг эзлэн түрэмгийлэх, газар нутгаа тэлэх бодлого барьж байгаагүй харин “Тэнгэрийн зарлигтай Дундад гүрэн” өөрсдийгөө дэлхийн төв гэж үзэн бусад улс орныг хараат гэж үзэж ирсэн бөгөөд дайн байлдааны ялалтаас илүү стратегийн ялалтыг жинхэнэ ялалт гэж үздэг хэмээн тодорхойлжээ.  Үүнийгээ Го даам болон шатраар жишээлжээ. Шатар эсрэг талын хааныг тад тавин буулгаж ялалт байгуулах зорилготой байдаг бол хятадуудын тоглох дуртай Го даам бол эсрэг талаа явах нүүдэлгүй болгон бүсэлдэг.

 

Тав дахь үеийн залуу удирдагч Си өв залгамжлагчдынхаа бодлогыг үргэлжлүүлэхээс гадна улс оронд нь буглаад байгаа нэгэн хорт үзэгдэлтэй тууштай тэмцэхээ илэрхийлсэн. Энэ бол авлигачидтай хийх тэмцэл юм. “Авлига, хээл хахуультай тууштай тэмцэх болно. Бидний тавьсан торонд бар ч орох болно, ялаа ч орох болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн. Улс орных нь эдийн засаг цэцэглэн хөгжиж, асар их үр ашиг бүхий том том төслүүд, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам төрийн албан хаагчдын халаас хууль бусаар зузаарч ирсэн. Монголын жишээн дээр аваад үзсэн ч энэ өчигдөр ядуу байсан хэн бүхэнд тохиолддог бололтой. Иргэдэд очих ёстой мөнгө хууль бусаар хэдхэн хүнийг, тэр тусмаа улс орны өндөр дээд түвшний албан тушаалтнуудын хувийн хөрөнгийг баяжуулж байгаатай Си Жинпин тэмцэж эхэлсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр тансаг хүлээн авалт зохион байгуулах, нэг нэгэндээ бэлэг сэлт өгөхийг хориглоод хоёр жил болж байна. Энэ шийдвэр гарсанаас хойш тансаг хүлээн авалт зохион байгуулж дадсан ресторан, зочид буудлын болон үнэтэй бэлэг сэлт зардаг дэлгүүрийн орлого ихээхэн буурсан хэмээн Оросын хэвлэлд бичсэн байсан. Ялангуяа Хятадын төрийн том албан тушаалтнууд бие биедээ үнэтэй архи бэлэглэх явдал түгээмэл байсныг дагаж ийм төрлийн архи зардаг дэлгүүрийн тоо олшроод байсан бол тэд одоо бүгд орлогогүй болсон байна.

Хятадын коммунист намын өндөр албан тушаалтнаас эхлээд бизнес эрхлэгч, хууль хяналтын ажилтан, сүүлд алдартай сэтгүүлч хүртэл авлигын хэргээр шалгагдаж байна. Монголтой харьцуулахад Хятадад авлигатай тэмцэх тусгайлсан агентлаг байхгүй ч Намын бүтцэд ёс суртахууны зөрчил хариуцсан нэгж байдаг бөгөөд энэ нэгж өдгөө авлигатай тэмцэх тэмцлийг гардан хийж байна. Энэхүү нэгж нь цагдаа, мөрдөн, тагнуул, татвар санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бүтцэндээ багтаасан аж. Чухамхүү авлигатай хийж байгаа тэмцлээрээ Си Жинпин түүхэнд нэрээ үлдээх нь гарцаагүй.

Мөнхийн хөрш Монгол-Хятад улс он цагийн уртад ээдрээт түүхийг туулан өдий хүрсэн. Монголчуудын өвөг дээдсээс газар нутаг, хүн ардаа сэргийлэн түмэн бээрийн Цагаан хэрэм барьж, Хубилай хаан нийслэлээ Дайду буюу одоогийн Бээжинд төвхнүүлж байсан, Манжийн хүчирхэлжилтийн үе, Бүгд Найрамдах Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсын нэг нь Монгол байсан ч хүйтэн дайны үед Хятад хөршөө дайсан мэтээр үзэл сурталжуулж байсан гашуун түүх ч бий. Чухам энэ гашуун түүхийн горыг Монгол, Хятад аль аль нь амсч байна. Нэр хүндийг нь унагах гэсэн нэгнийгээ хятадын эрлийзээр дууддаг, хятад хүн л гэвэл бохир заваан, байгаа бүхнийг нь үүрээд хил даваад яваад өгнө гэсэн сэтгэлгээ нэвт үнэртдэг. Өмсөж зүүх, ууж идэх хэрэглээгээ бараг зуун хувь өмнөд хөршөөс хангаж, эдийн засагт орж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь Хятадынх байхад хятад гаралтай бүхнийг байж болшгүй мэтээр бичиж, ярих нь дэндүү гэнэн. Цээжээ дэлдэн тусгаар улс хэмээн хашгирахын оронд тусгаар улс гэдгээ хуулиа мөрдөөд харуулчихад болох цаг үед бид амьдарч байна.

Өмнөд хөршийн маань зүгээс ч Монголыг өөрийн хараат гэж үзэх хандлагаа үе үе илэрхийлэх нь итгэлцэж ядаж байгаа харилцааг тэр чинээгээр дэврээж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Ноён Си Жинпиний айлчлалын өмнөхөн Монгол орныг сурвалжлахаар ирсэн Хятадын сэтгүүлчидтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн Баасан гаригт уулзах үеэрээ ч энэ асуудлыг хөнджээ. “Сүүлийн жилүүдэд Хятад улсад, ялангуяа зарим нэг вэб сайтуудаар Монгол Улсын бие даасан байдал, мөн түүхтэй холбоотой асуудлаар гуйвуулсан мэдээллүүд, баримт бичгүүд, бичлэгүүд нэлээд гарч байна. Бид энэ байдлыг боломжийн хэрээр харж, ажиглаж судалж байгаа. Хятад улсад хэвлэл мэдээлэл, вэб сайтын үйл ажиллагаа, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа хатуу хяналттай байдгийг бид сайн мэднэ. Түүхэн үйл явцыг гуйвуулсан байдлаар бичих, түүнийг ялангуяа ирээдүйн, өнөөдрийн үйл явцуудтай холбогдуулж янз бүрийн дүгнэлт хийх нь хоёр орны ард иргэдийн дунд, бидний хамгийн гол эрмэлзэж байгаа ард иргэдийн итгэлцлийг бэхжүүлэхэд тус болохгүй байгаа гэдгийг энд хэлье гэж бодсон юм” гэсэн байна. БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байсан Элчин сайд Г.Батсүх “Итгэлцлийн хомсдолтой харилцаа” хэмээн томъёолсон нийтлэлийг саяхан нийлүүлсэн байсан. Үнэхээр харилцан итгэлцэл монголчуудад ч , хятадуудад ч хэрэгтэй байгаа. Итгэлцэхгүй байна гээд хөрөнгөө аваад нүүгээд явчихаж чадахгүйгээс хойш хэн хэнийхээ аль сайхныг дэвжээж, дэм дэмэндээ явахаас өөр гарц бидэнд үгүй. Өөрөөр хэлбэл, шатрын хааныг мадлахаас илүүтэй Го  даамаар наадацгаая. 

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж