Төв аймгийн Дашчойнхорлин хийд жил бүрийн зуны эхэн сард аймгийнхаа нийт ард иргэдийг даатгаж Ганжуур, Майдар эргэх ёслолыг хийдэг. Энэ жилийнхээ ёслолыг энэ сарын 14-ны өдөр хийлээ. Майдар бурхан нь буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ ертөнцөд буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхлэнэ гэдэг юм. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм. Энэ ёслолд хоёр долоо хоног бэлддэг аж. Үүнд хоёр дугуйтай тэргэнд Майдар шүтээнээ залан хийд тойрон гороо хийхэд бэлддэг. Мөн шүтээний өндөр нь газраас найман тохойноос багагүй байх ёстой аж. Тэргэнд мод цаасаар хийсэн ногоон өнгийн морь, зааныг хөллөж, нуруунд нь чандмань эрдэнийн дүрсийг зална. Майдар эргэх өглөө, лам нар ердийнхөөрөө хурлаа эхэлж, хурлын дараа хийдийн хамба лам хоёр гурван ширээт ламын хамт Майдар бурханы алтадсан хөргийг дуганаас гаргаж, бусад лам нар Майдар бурхны таван аймаг номыг авчран бурхны өмнө зална. Дараалах лам нар хүж арц асаан, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил, таван хүсэл зэргийг тэргэнд залан Майдар бурхны өмнө өргөнө. Үүгээр Майдар эргэх ёслол эхэлнэ. Төв аймгийн Дашчонхорлин хийдийнхэн энэ ёс заншлыг жил бүр хийж, хэвшсэн бөгөөд аймгийнхаа дөрвөн зүг найман зовхис бүрт түр зогсон лам нар ном уншдаг юм. Майдар эргэснээр элдэв муу бүхэн холдож сүсэгтэн олонд аз жаргал, эрүүл энхийг бэлгэддэг юм.
Г.Хишигсүрэн